Олны дунд яригддаг жихүүдэс хүргэм домгууд

АНУ-ын хамгийн аймшигтай түүхүүд

Сүнсний баяр ойртож байгаатай холбогдуулан бид АНУ-д жилээс жилд яригддаг ба олны дунд өргөн тархсан аймшгийн домгуудыг бэлтгэлээ. Эдгээр бие арзайлгаж, тухгүй мэдрэмж олгох домгууд нь ердөө л ам дамжсан түүхүүд бөгөөд зарим нь амьдрал дээр тохиож байгаагүй байх өндөр магадлалтай гэдгийг санаарай.

Ланиер нуурын хараал, Жоржиа муж

Атланта хотын хойд зүгт орших асар том хиймэл нуур хэд хэдэн шалтгаанаар айдас төрүүлдэг байна. Учир нь уг нууранд тоолж баршгүй завь болон усанд сэлэгчид живж, эрэг дээр нь тогтмол аллага болдог юм. 1990-ээд оны эхээр уг нуураас сураггүй алга болсон эмэгтэйн араг яс автомашины дотроос олджээ. Тухайн явдлаас хойш хүмүүс Ланиер нуурын дэргэдүүр эмэгтэй хүүний дүрсийг хардаг болсон байна. Мөн нуурын гүнд аварга том сом загас амьдардаг тухай хэд хэдэн хүн ярьж байжээ. Энэ нь бүхэл бүтэн нохойг залгиж, шумбагчийг живүүлэхэд ч хүргэх том хэмжээтэй гэх домог тархсан байна.

Хиймэл нуурыг бий болгохын тулд гэр бүл, бизнес эрхлэгчдийг газраас нь нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой олон асуудал дагалдсан түүхтэй. Мөн нуур байрласан газарт өмнө нь оршуулгын газар байрлаж байсныг хүмүүс таагүй зүйлс их тохиодогтой холбох болсон байна.

Гурван хөлтэй эмэгтэй, Миссисипи муж

Хэрэв орой үдшийн цагаар хэн нэгэн таны автомашины араас гүйж, цонхыг тань тогшиж эхлэх юм бол энэ нь айдас төрүүлэх нь гарцаагүй. Харин араас гүйж буй хүн нь гурван хөлтэй эмэгтэй байвал яах уу? Коламбус хотын оршин суугчдын удаа дараалан мэдэгдэж байснаар мах цус нь ил гарсан өөр хүний биеийн хэсгийг өөртөө залгаснаар гурван хөлтэй болсон нэгэн эмэгтэй ардаас нь дагаж байсан хэмээн мэдээллэж байсан юм.

Хий үзэгдэл эсвэл амьд хүн эсэх нь тодорхойгүй тэрхүү эмэгтэйн гурав дах хөлийн талаар олон цуурхал тарсан байдаг. Тухайлбал, гурван хөлтэй эмэгтэй хайрт залуугаа хөнөөгөөд хөлийг нь тайрч аван өөрийн биед залгасан хэмээх түүх өргөн тархсан юм. Эсвэл зарим нь сураггүй алга болсон охиноо хайсаар эцэст нь түүнийгээ хэрцгийгээр мөчилсөн байдалтай олсондоо шаналсан эх өөртөө нэг хөлийг нь залгасан хэмээн ярьцгаадаг байна. Ямартай ч шөнийн цагаар Нэш Роуд гудамжаар автомашиныхаа гэрлийг унтраагаад явах юм бол та энэхүү эмэгтэйтэй тааралдах магадлалтай юм.

Ривердейлийн зам, Колорадо муж

Netflix-ийн алдарт "Riverdale" цувралтай ижил нэртэй уг зам Торнтон хотын ойролцоо байрладаг бөгөөд нийт 17 км урттай. Энэхүү замын талаар ойр хавьд амьдардаг хүмүүсийн дунд маш олон аймшгийн домогт яриа тархсан байдаг юм. Зам дээгүүр гүйж буй сүнс, төрөл бүрийн буг чөтгөр зэрэг аймшигт ер бусын зүйлстэй олон хүн тааралдсан талаар яригддаг. Гэхдээ уг замын хамгийн анхаарал татсан зүйл бол “Gates of Hell” гэх нэгэн байшин руу орох гаднах хаалга байдаг. Домогт өгүүлснээр эрт дээр үед тус байшинд амьдарч байсан нэгэн галзуурсан эр өөрийн эхнэр, хүүхдүүдээ амьдаар нь шатаасан түүхтэй билээ. Шатсан байшингийн үнс нь одоог хүртэл тэр газар дээр байдаг бөгөөд тэндэхийн хүмүүс цагаан хувцас өмссөн эмэгтэйн сүнс шатсан байшингийн үнс дээгүүр алхаж буйгаар харагддаг хэмээн ярьцгаадаг. Эмэгтэй хүний сүнснээс гадна модон дээрээс дүүжлэгдсэн боолуудын сүнс болон анчин нохдын ч сүнс тус газраар тогтмол үзэгддэг байна. Зарим хүмүүс ийм олон төрлийн ер бусын зүйл жижиг талбайд төвлөрсөн нь уг газарт жинхэнэ тамын үүд хаалга байдаг гэдэгт итгэдэг.

Тухайн газартай холбоотой иймэрхүү олон янзын түүх, домгууд яг хэзээнээс яригдаж эхэлснийг хэн ч тааж мэддэггүй. Гэхдээ боолуудын сүнсний түүхийг харгалзан үзвэл 1850-аад оноос хойш энд аймшигтай зүйлс тохиолдож эхэлсэн гэж үздэг байна. 

Тамын гүүр, Мичиган муж

Домогт өгүүлснээр Элиас Фриске гэх нэгэн галзуу номлогч эрэгтэй бага насны хүүхдүүдийг хууран мэхэлж ойд аваачиж тэднийг тарчлаан зовоодог байжээ. Тэрээр хүүхдүүдийг олсоор хүлээд нэг нэгээр нь маш хэрцгий аргаар хөнөөдөг байсан гэнэ. Харин цогцсуудыг голд живүүлдэг байсан юм. Алагдсан хүүхдүүдийн эцэг эхчүүд галзуу номлогчийг барьж авах үед тэрээр буг чөтгөрт автагдсан байсан хэмээн өөрийн үйлдсэн аймшигт хэргүүдээ тайлбарласан байна. Гэсэн ч уур хилэн, уй гашуудалдаа автсан эцэг эхчүүд түүнийг дүүжилж алахаар шийджээ. Харин тамын гүүр гэдэг нь хэрцгий алуурчин Элиасын цогцос зөөдөг байсан ойн дундах горхийг давсан нарийн гарцыг нэрлэдэг болсон юм. Уг гүүрийг шөнө дунд гатлахаар шийдсэн хүмүүс хүүхдүүдийн хашхирч буй дуу чимээг сонсдог гэнэ. Мөн хэсэг бүлэг хүмүүс галзуу номлогчийн гэрэлтсэн нүдтэй хар дүрсийг харж байсан удаатай байна.

Мичиган мужийн бүртгэлд Элиас Фриске гэх хүний нэр байдаггүй ч 1910 оны эхээр Фриске овогтой нэгэн гэр бүл амьдарч байжээ.

Хүн ямаа, Мэрилэнд муж

Америкчуудын дунд алдартай хүн ямаа хоёрын эрлийз өсвөр насны хүүхдүүдийг алж, нохой идэж, ямаа мэт майлдаг гэнэ. Энэхүү хагас хүн, хагас амьтны тухай домог хүмүүсийн дунд маш өргөн тархсан байдаг байна. Нэг хэсэг АНУ-ын Хөдөө аж ахуйн яам нэгэн судалгааны байгууламждаа санамсаргүй байдлаар ийм амьтан бүтээсэн гэх цуу яриа тарсан бөгөөд тус яам албан ёсоор мэдэгдэл хийж, тархсан цуу яриаг няцаасан байдаг.

Хүн ямааны тухай анх 1971 онд сэтгүүлч Карен Хослер бичжээ. Түүний нийтлэлд нэгэн нохойн толгойг цавчсан хэрэг бичигдэж ийм аймшигтай зүйлийг хүн ямаа хийсэн хэмээн үзсэн байна. Хожим нь The Washington Post сонин тус араатны талаар урт нийтлэл бичсэн нь хүмүүс уг хүн ямаа тэдний дунд байдагт улам итгэдэг болсон юм. Цаашлаад хүн ямаа тэр даруй улс даяар алдаршаад хүмүүст айдас төрүүлж эхэлсэн юм. Одоогоор энэхүү араатны домог АНУ-д хамгийн алдартай билээ. 

Buro.Mongolia

2024-10-31, 10:12