YouTube дээрх ази гаралтай контент бүтээгчид нэгдлээ

YouTube-ийн Trending хэсгийг эзлэх зорилгоор нэгджээ

Манай орны хэл, соёл зүүн азийн бусад улсуудаас ялгарах онцлогтой хэдий ч гэр бүлсэг зан заншил, ажил мэргэжлийн хандлага, хүүхэд хүмүүжүүлэх арга барил зэрэг төстэй талууд байдаг билээ. Тэдгээр тогтчихсон хандлага буюу стереотипуудаар хошигносон хөгжилтэй бичлэгүүд хийдэг хамгийн олон дагагчтай контент бүтээгчид саяхан нэгдэцгээж, YouTube-ийн Trending хэсгийг эзлэх зорилгоор хамтарсан бичлэгүүд оруулсан байна. Эдгээр бүтээлчдээс заримыг нь танилцуулбал,


Uncle Roger

Uncle Roger нэрээрээ олонд танигдсан малайз гаралтай англи комедиан Найжел Анг (@mrnigelng) ази гэр бүл дэх авга ах нарын нийтлэг дүр төрхийг бүтээж барууны тогооч нар ази хоолнуудыг хийж байгаа бичлэгүүдэд реакц хийдэг нэгэн билээ. Тухайлбал ази авга ах нар хэзээ ч хэн нэгний хийж байгаа зүйлийг магтдаггүй, сайндаа л “муугүй шүү” гэж л хэлдэг юм гэнэ. Тэрээр одоогоор өөрийн YouTube сувагт 5.7 сая дагагчтай байна.


Steven He

Жүжигчний мэргэжлээ орхин зөвхөн YouTube-д бичлэг хийхээр шулуудсан хятад гаралтай америк эр Стивэн Хи (@thestevenhe) нь ази аавууд хэрхэн хүүхдээ хүмүүжүүлдэг, тухайлбал хүүхдээ заавал эмч, эсвэл хуульч мэргэжилтэй болгох, чадахгүй бол “шившиг” хэмээн үзэх, бусад айлын хүүхдүүдтэй байнгын жиших, бүх хичээл дээрээ А үнэлгээ авахыг шаардах зэрэг үзэгдлүүдийг ёжилсон контентыг хийдэг юм. Түүний хятад аялгатайгаар “Emotional Damage” гэж орилоод шаахайгаа газар шидэж байгаа бичлэг зөвхөн TikTok, YouTube гэлтгүй бүхий л олон нийтийн сүлжээгээр тренд болоод байгаа билээ. Одоогоор тэр YouTube сувагтаа 4.8 сая дагагчтай байна.


TwoSet Violin

Сидней хотын симфони оркестрт мэргэжлийн хийлчид байсан, хятад гаралтай Бретт Яанг, Эдди Чен нарын TwoSet Violin (@twosetviolin) суваг одоогоор 3.6 сая дагагчтай байна. Тэд сонгодог хөгжимтэй холбоотой бичлэгүүдэд реакц хийхээс гадна өөрсдөө контентууд бүтээж сонгодог хөгжмийн боловсролыг түгээх зорилготой залуус билээ. Томоохон шоунууд, тренд бичлэгүүд зэргээр олон нийтийн дунд сонгодог хөгжмийн байр суурийг ганхуулаад байгааг ёжилсон бичлэгүүд хийдэг тэд энэ удаад Got Talent-ын форматыг шоглож, ази эцэг эхчүүдийн стереотипаар хөгжилтэй бичлэг хийжээ.

Мөн тэдэнтэй цуг Жини Вини, Жонни Онг, Нэйтэн Доан, Жома Тэк нар хамтарч буй бөгөөд дагагчид нь нийлээд 50 сая гаран, үзэлтийн тоо нь сардаа хагас тэрбум орчимд хүрдэг юм байна.

Buro.Mongolia

2022-04-26, 13:12