Бидэнд харагддагаас тэс өөр Белла Хадид
Дэлхийн шилдэг моделиудын эгнээнд багтдаг Белла Хадид Vogue сэтгүүлийн энэ оны дөрөвдүгээр сарын дугаарын нүүр царай болсон бөгөөд ярилцлагынхаа үеэр бага нас, ажил мэргэжилтэй холбоотой өмнө дэлгэж байгаагүй асуудлууд, тэр дундаа сэтгэл зүйн байдлынхаа талаар дэлгэрэнгүй хуваалцжээ.
Өдгөө 25 насандаа аль хэдийнэ загварын салбарт өөрийн гэсэн байр сууриа эзэлж, үеийн залуучуудынхаа үлгэр дууриалал нь болж яваа нэгэн бол Белла Хадид. Тэрээр ширүүн харцаар эгц урагш харан, өөртөө итгэлтэй алхах хурц имижээрээ бидний ой тойнд хоногшсон билээ. Мөн Белла загварлаг хувцаслалт, үзэсгэлэнтэй инээмсэглэл гээд гадаад төрх, дотоод увдисаараа олны анхаарлыг татаж, хэдэн арван сая залуучуудын мөрөөдлөөр амьдарч байгаа гэхэд хилсдэхгүй. Гэхдээ энэ бол Беллагийн туулж яваа амьдралын ердөө олонд ил харагдах өчүүхэн хэсэг болох нь түүний ярианаас ойлгомжтой болно.
Белла Хадид бага насандаа эцэг, эхийн салалт, аавынх нь карьерын огцом уналт, босолт (2017 онд үл хөдлөх хөрөнгийн эрхтэй холбоотой хэрэгт холбогдож торгууль болон нийгмийн ажил гүйцэтгэх шийтгэл авч байсан), ээжийнх нь төд удалгүй салсан хоёр дах гэрлэлт зэрэг асуудлуудтай нүүр тулж байсан. Дунд сургуулийн наймдугаар ангийн Беллад ядрах, анхаарал төвлөрөл сулрах, толгой өвдөх, яс янгинах, айдас, түгшүүр зэрэг бие махбод болон сэтгэлзүйн шинж тэмдгүүд илэрч эхэлсэн бөгөөд эдгээр нь ээж болон дүү Анварынх нь өвчилсөн lyme disease буюу хачигт халдвараас үүсэлтэй байх магадлалтай гэж үздэг байна. Түүнчлэн Белла Хадид бабезиоз буюу цусны улаан эсэд шимэгчлэгч хачгаар үүсдэг, халуурах, цус багадах, арьс салст шарлах зэрэг шинж тэмдгээр илэрдэг зоонозын халдварт өвчнөөр оношлогдоод зогсохгүй архаг стресснээс шалтгаалан ихэд ядарч, сульддаг байжээ. Мөн тэрээр анхаарал сулрах шинж тэмдгээс шалтгаалан анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх (ADHD) эмгэгийн эсрэг эм уудаг байсан. Белла хоолны дуршил буурч, хэт тураалд орсноо тус эмийн нөлөө гэж үздэгээс гадна “Миний ахлах сургуулийн өдрийн хоол гурван ширхэг бөөрөлзгөнө, майлз (celery) ногооноос бүрддэг байв. Тухайн үед нөхцөл байдал хяналтаас гарсан юм шиг санагдахдаа өөрийгөө барьж, хэт удирдах гэж хичээдэг байснаа саяхан ухаарсан” хэмээн эмийн нөлөөнөөс гадна өөр шалтгаан байснаа дурдсан юм. Одоогийн байдлаар Белла хоолны дуршилтай холбоотой ямар нэг асуудалгүй ч бага насандаа авсан сэтгэцийн гэмтлээс шалтгаалан толинд харахаас аль болох зайлсхийдэг байна.
Беллатай ажилласан хүн бүр үргэлж эерэг сэтгэгдэлтэй үлддэг. Тэрээр ямагт өөдрөг, найрсаг бөгөөд ажлын хариуцлагаа хатуу ухамсарладаг нэгэн. Белла Хадид шаргуу хөдөлмөрийн үр дүнд одооны карьераа бий болгосон бөгөөд том загварын шоунаас эхлэн жижиг сэтгүүлийн санал болгох бүх ажилд бэлэн байдгийг түүнтэй ажиллаж байсан дизайнер, стилист, загварын агентлагууд дуу нэгтэйгээр хэлдэг байна. Гэсэн ч хүмүүс түүний хөдөлмөрийг чинээлэг гэр бүл, аль хэдийнэ загварын шоунуудад алхаж эхэлсэн эгчийн нөлөө төдийхнөөр харж байв. “Би үргэлж өөрөөсөө сэтгэл түгших эмгэгтэй, өөртөө итгэлгүй, сэтгэл гутрал, хооллолтын асуудалтай бяцхан охин яагаад заавал энэ салбарыг сонгосон юм бол гэж асуудаг байсан. Гэхдээ жил өнгөрөх тусам нүүрэндээ инээд цацруулж, хүчирхэг имиж бүрдүүлэн дотор хүнээ маш чадварлагаар халхалдаг жүжигчин болж хувирсан. Үргэлж бусдад өөрийгөө баталж харуулах ёстой мэт хичээж, долоон жилийн турш хэзээ ч ажлаа цуцалж, хоцорч, алгасаж үзээгүй” хэмээн тэрээр хэлсэн байна.
Белла өдийг хүртэл Michael Kors, Fendi, Jean Paul Gaultier, Dior, Burberry, Versace зэрэг хэдэн арван загварын орднуудтай хамтарч ажилласны үр дүнд “Хэдий загварын салбар олны хүчээр цэцэглэж байгаа ч дутуу, дулимаг зүйлүүд байсан хэвээр" гэх дүгнэлт гаргажээ. "Дутуу нойртой, хэлэн дээрээ юу ч тавиагүй, чичиртлээ турсан моделиуд хувцсаа өмсөж үзэхээр ээлжээ хүлээн дараалан зогсоно. Би л гэхэд долоон жилийн өмнө Saint Laurent брэндийн загварын шоунд оролцохоор хувцсаа өмсөхөд стилист надад жингээ хасах хэрэгтэй, цахилгаан татаж хүрэхгүй байна гэж хэлж байсан. Одоо бодоход Saint Laurent-ийн загварын шоуны хувцас хэнд ч таармааргүй маш жижиг размертай байсан юм билээ. Харамсалтай нь долоон жилийн өмнө цахилгаан нь хагас татагдсан хувцастайгаа зогсож байсан надад хэн ч ‘Санаа зовох хэрэггүй ээ, энэ бол зүгээр л жижиг размертай хувцас’ гэж хэлээгүй тул бурууг өөртөө тохоод л өнгөрч байсан” хэмээн хуваалцсан юм.
Ажлын өндөр ачаалалдаа ч тэр үү, сэтгэл хөдлөлөө удаан хугацааны турш тэвчсэндээ ч тэр үү өнгөрсөн жилээс эхлэн Белла тэс өөр хүн шиг болж эхэлжээ. “Би хүн бүрт таалагдахыг хичээж байв” хэмээн хэлээд “Хийсэн ажилд минь хэн нэгэн сэтгэл хангалуун бус байх үед шууд утгаараа миний дотор муухайрч эхэлдэг байсан. Дээрээс нь үргэлж уйлна, зарим үед амиа хорлох бодол орж ирнэ. Хүмүүс надад мөрөөдөж, хөдөлмөрлөсөн ч авч чаддаггүй амьдралаар амьдарч байгаа гэж хэлдэг байв. Тиймдээ ч би өөрийгөө юунд ч гомдоллож, тусламж эрэх эрхгүй гэж боддог байсан. Энэ л миний алдаа” гэж нэмж дурдсан юм.
Мөн Беллагийн гадаад төрхийн өөрчлөлтийн талаар хүмүүс одоог хүртэл ам уралдан ярьдаг. 13 настай түүний зургийг одооных нь төрхтэй харьцуулж “мөнгөтэй л бол юу ч боломжтой” гэх мэтээр шүүмжлэх сэтгэгдлүүд цахим сүлжээнд тархсан билээ. Тэгвэл Белла Хадид энэ тухай “Хүмүүс намайг гоо сайхны мэс засалч дээр Францын экс тэргүүн хатагтай, модель Карла Брунигийн зургийг авч очоод нүүрээ янзлуулсан гэж ярьдаг. Тэд намайг нүдээ татуулсан, шанааны ясаа тодруулсан, уруулаа томруулсан зэрэг нүүрнийхээ бүх зүйлийг өөрчилсөн мэтээр шүүмжилдэг. Энэ бүгд худлаа. Хүн өсвөр наснаасаа өөрчлөгддөг шүү дээ. Би хэзээ ч филлер хэрэглэж, нүдээ татуулж байгаагүй. Гоо сайхны өчүүхэн мэдлэгтэй хүн ч наалт ашиглан нүдээ өөрчилж болдгийг мэднэ. Энэ бүх яриа, шүүмжлэлээс болоод би өөрийгөө юу ч хүртэх эрхгүй, ямар ч зүйлд хангалттай биш гэж бодох болсон” гэсэн юм. Үүнээс гадна тэрээр 14 насандаа хамрын мэс засалд орсон талаараа хуваалцсан бөгөөд “Энэ бол миний харамсаж явдаг шийдвэрүүдийн нэг. Өвөг дээдсийнхээ онцлогийг хадгалж үлдэх байсан юм. Хэрэв тэрхүү шийдвэрийг гаргаагүй байсан бол цаг хугацаа өнгөрөх тусам хамартаа дуртай болох байсан гэж боддог” хэмээн хуваалцсан байна.
Белла Хадид сэтгэл зүйчээс зөвлөгөө авч, хяналтад байж, эм бэлдмэл хэрэглэхээс гадна дотоод хүч, энерги, чакрагийн тэнцвэрт байдлыг хадгалах оюун санааны дасгал тогтмол хийж эхэлжээ. Хэчнээн түүний гэр бүл ямар нэг шүтлэггүй ч гэсэн Белла эцгийнхээ нутгийн исламын шашинд ихэд сонирхолтой байна. “Би өөрийгөө маш сүнслэг гэж тодорхойлдог. Ямар ч төрлийн шашин байсан гүн холбоо үүсгэж чаддаг. Үүгээр дамжуулан чиний бурхан, миний бурхан гэж ялгахаасаа илүү миний төлөө хажууд минь байх хүмүүстэй ойр байхыг хичээдэг” гэж Белла онцолсон юм. Мөн тэрээр ажлынхаа ачааллыг урьдынхаасаа бууруулж Пенсильван мужид байрлах фермдээ хайртай морио унаж, тэмдэглэл хөтөлж, гэр бүлтэйгээ хооллох зэргээр сэтгэл зүйгээ амрааж эхэлжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт