Энэ сарын 5-ны өдөр (Баасан гарагт) Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний нийтээр амрах өдөр тохиож байна. Тиймээс амралтын өдрөө тохиолдуулан хойшлуулаад байсан ажлаа амжуулж, удаан уулзаагүй найзтайгаа уулзаж, эсвэл худалдаж аваад “хав дарчихсан” номоо уншаарай. Харин одоохондоо хийх зүйлсээ төлөвлөж амжаагүй байгаа бол, мөн тухайн өдрийг гэртээ өнгөрүүлэхийг хүсэж байгаа бол бид танд сонирхолтой кинонууд, амттай хоолнууд болон эрүүл мэндэд ач тустай цайнуудыг санал болгож байна.
Үзэх кино - “Before Sunrise”
Ричард Линклейтерын найруулсан энэхүү киноны гол дүрд жүжигчин Жюли Дельпи (Селин) болон Итан Хоук (Жесси) нар тоглодог билээ. Тэд гал тэргэнд танилцдаг бөгөөд Виена хотод хамтдаа нэг өдрийг өнгөрүүлэхээр болдог. Дөнгөж танилцсан Жесси, Селин хоёр Виенна хотын гудамжаар алхаж, бодлоо хуваалцаж онцгой холбоо үүсгэдэг. Киног үзэхдээ тэдний харилцан яриан дээр анхаарлаа хандуулж тус бүтээлийн үнэ цэнийг нь мэдрээрэй. “Before Sunrise” нь үйл явдлын үргэлжлэлийг харуулдаг “Before Sunset”, “Before Midnight” гэх ангиудтай билээ.
Амтат хоол - Аяганы бялуу
Орц:
Өндөг- 1ш
Тос- 1х.х
Сүү- 2х.х
Гурил- 2х.х
Какао- 1х.х
Хөөлгөгч- Тал хоолны халбага
Элсэн чихэр- 1х.х
Бүх орцоо аягандаа хийж хутгаад дунд нь бүхэл шоколад нэмж богино долгионы зуухандаа гурван минутын (хүчин чадлаасаа шалтгаалан өөр байх боломжтой) турш хийнэ. Гаргаж ирээд нунтаг элсэн чихрээ дээрээс нь цацаж идэхэд бэлэн болно.
Дархлаа дэмжих цай – Интоор лавандатай цай
Орц:
Лаванда- 5г
Интоор- 600г (хөлдөөсөн байж болно)
Зөгийн бал- 400мл
Ус- 300мл
Лавандагаа 300 мл усандаа 10 минутын турш буцалгана. Дараа нь усаа шүүж аваад интоороо хийж блендэрдэнэ. Сайн блендэрдсэний дараа зөгийн балаа хийж бага гал дээр буцалгаад цай бэлэн болно. Шүүж уухаа мартуузай.
Үзэх кино - “Midnight Runners”
Хэрэв та Холливүүдийн инээдмийн төрлийн кинонуудаас залхсан бол “Midnight Runners”-ыг үзээрэй. Тус бүтээл нь илүү шинэ уур амьсгал болон мэдрэмжийг өгөх болно. Алдарт Пак Со Жүн, Кан Ха Ныль жүжигчид Солонгосын үндэсний цагдаагийн их сургуулийн оюутны дүрд тоглодог бөгөөд тэд нэгэн шөнө санаандгүй байдлаар хүн хулгайлж буй гэмт хэргийн гэрчид болсноор үйл явдал цааш өрнөх болно. “Midnight Runners” таныг нэг ч минут уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.
Амтат хоол - Тахианы махан фахита
Орц:
Тахианы цээж мах- 2ш
Улаан сонгино- 1г
Улаан амтат чинжүү- 1ш
Тортилла- 6ш
Салса- 230г (улаан лооль, чили, кориандр, сонгино, сармис, хар перец)
Соусны орц:
Утсан паприка- 1х.х
Кориандр- 1х.х
Сармис- дунд зэргийн 2ш
Оливын тос- 2х.х
1ш лаймны шүүс
Табаско эсвэл Срирача- 4-5 дусал
Эхлээд паприка, кориандр, сармис, оливын тос, лайм, табаскогоо холино. Бэлэн болсон соусандаа тахианы цээж мах, сонгино, амтат чинжүүгээ хийж 10-20 минутын турш амраана. Хайруулын тавгаа дунд зэргийн гал дээр халааж хуурч болгоно. Ингээд бэлэн болсон хоолоо тортилландаа ороож, салсагаар амталж иднэ.
Дархлаа дэмжих цай – Манго, чацарганатай цай
Орц:
Чацарганы шүүс- 50г
Мангоны шүүс- 80г
Алим- 30г
Лимон- 20г
Хар цай- 4г
Синнамон- 2г
Элсэн чихэр- 1г
Данх эсвэл савандаа чацаргана, мангоны шүүсээ хийнэ. Алим, лимоноо хальс, үрнээс нь салгаж гурвалжин хэрчээд шүүсэндээ нэмнэ. Дараа нь синнамон, хар цай, элсэн чихэр, хагас литр ус хийж буцалгаад бэлэн болно.
Үзэх кино - Little Women (2019)
Грета Гервигийн зохиолыг нь бичиж, найруулсан «Little Women» кинонд 19-р зуунд амьдарч буй эгч дүүсийн амьдралыг харуулдаг билээ. Тус бүтээлд залуу үеийн төлөөлөл болсон Тимоти Шаламе, Сирша Ронан, Эмма Уотсон зэрэг жүжигчид тоглосон байдаг. Сонирхолтой жүжигчдийн бүрэлдэхүүнээс гадна киноны анхаарал татсан бас нэгэн зүйл бол түүхийг тайлбарлаж буй дараалал билээ. Эхлээд үзэхэд ойлгомжгүй мэт санагдах ч бүх зүйлийн зангилаа яваандаа тайлагдах болно. Түүнчлэн энэхүү бүтээлийг үзэхдээ санааг нь илүү сайн ойлгохын тулд солигдож буй дүрснүүдийн өнгөнд анхаарлаа хандуулахыг зөвлөж байна.
Амтат хоол - Чоризо чиабатта
Орц:
Чиабатта талх- 1-2ш
Чоризо- 150г
Песто соус- 75г
Амтат чинжүү- 200г
Чиабатта талхаа 160-180 градусын шарах шүүгээнд бор шаргал болтол нь шарна. Харин чоризогоо хайруулын тавганд 3 минутын турш хоёр талаар нь шарна. Дараа нь чиабаттадаа песто соусаа түрхэж бусад орцоо хийгээд идэхэд бэлэн болно.
Дархлаа дэмжих цай - Кокосын сүүтэй цай
Орц:
Тюрмерик- 1 ц.х
Хар перец- ¼ ц.х
Кокосын тос- 1 ц.х
Синнамон- 1ш
Цагаан гаа- 2 жижиг зүсэм
Кокосын сүү- 1-2 аяга
Бүх орцоо нийлүүлэн буцалгаад эрүүл мэндэд тустай цай бэлэн болно.
Үзэх кино - Mulholland Drive (2001)
Тус сэтгэл зүйн триллерт автомашины ослын улмаас ой санамжаа алдсан бүсгүй Холливүүдэд амьдралаа шинээр эхлүүлж буй талаар өгүүлдэг. Гэвч бүсгүйн өнгөрсөн амьдралын түүх түүнийг мөшгөсөөр байх болно.
Амтат хоол - Үхрийн махтай шөл
Орц:
Сонгино- 2ш
Лууван- 300г
Төмс- 1кг
Үхрийн мах- 450г
Ясны шөл эсвэл 2ш үхрийн шөлний амтлагч
Яншуй (хүссэн хэмжээгээр)
Worcestershire соус
Вандуй- 1лааз
Сонгино, төмс, луувангаа том хэмжээтэй хэрчээд наалддаггүй саванд шаргал болтол нь хуурна. Дараа нь 900мл ясны шөлөө (эсвэл ус, амтлагчаа) хийж 40-50 минут буцалгаж вандуйгаа нэмээд амтандаа тохируулан давс, перецээр амтална.
Дархлаа дэмжих цай - Хушга, куркуматай цай
Орц:
Хушга- 120г
Цагаан гаа- 2 жижиг зүсэм
Синнамон: 1ш
Хушгаа жижиглээд бусад орцтойгоо хольж буцалгана. Тус цай нь дархлаа дэмждэг бөгөөд ханиад, томууны үед уухад нэн тохиромжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт