Зураг авалтын багийнхан нууцлалын гэрээ байгуулжээ
Сүүлийн үед реалити шоуны од Ким Кардашьян болон рэппер, продюсер Канье Уэст нар салсан гэх мэдээлэл дэлхийн хэвлэлүүдээр цацагдах болсон билээ. Тэгвэл тэдний гэрлэлт цуцлах үйл явц "Keeping Up With the Kardashians" шоуны сүүлийн улиралд гарах талаар Page Six мэдэгдлээ. Одоогоор Ким болон Канье нарын төлөөгчид энэ талаар албан ёсны тайлбар хийхээс татгалзсан байна. Мөн тус реалити шоуны зураг авалтын багийнхан мэдээлэл задруулахгүй байх нууцлалын гэрээ байгуулсныг эх сурвалж онцолжээ.
Дашрамд дурдахад Ким Кардашьян, Канье Уэст нар тусдаа амьдрах болсноос гадна зул сарын баярыг ч салангид тэмдэглэсэн гэсэн мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр цацагдсан юм. Түүнчлэн Ким Кардашьян Холливүүдийн алдарт өмгөөлөгч Лора Вассерыг хөлсөлсөн гэжээ. Вассер өмнө нь Бритни Спирс, Анжелина Жоли, Жонни Депп зэрэг алдартнуудтай хамтарч ажиллаж байснаас гадна Ким Кардашьяны өмнөх гэрлэлтийг (Крис Хамфристай) цуцлахад оролцож байсан юм.
Ким, Канье нар 2014 онд Флоренц хотод гэрлэж байсан бөгөөд тэд дундаасаа Норт (7 нас), Сейнт (5 нас), Чикаго (3 нас), Псалм (1 нас) гэсэн дөрвөн хүүхэдтэй билээ.
Эргэн сануулахад E! сувгаар 14 жилийн турш цацагдаж буй алдарт "Keeping Up with the Kardashians" реалити шоу 2021 онд төгсөхөөр болсныг Ким Кардашьян Уэст өөрийн Instagram хуудсаар дамжуулан мэдэгдсэн юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт