Шинэ төрлийн коронавирус
БНХАУ-ын Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирусын халдвар огцом өссөнөөр, өчигдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын комисс Женев хотод шуурхай хуралдан, олон улсын хэмжээнд онцгой байдал зарлах шийдвэр гаргажээ. Өнөөдрийн байдлаар (2020 оны нэгдүгээр сарын 31) коронавирусын халдвар авсан тохиолдол зөвхөн Хятадад л гэхэд 9,600 давж, өмнө нь халдвар авсан улс орнууд дээр нэмээд Энэтхэг, Итали, Филиппин улс коронавирусын халдвар авсан анхны тохиолдлуудаа албан ёсоор бүртгээд байна.
ДЭМБ өнгөрсөн долоо хоногт шинэ төрлийн коронавирус нь онцгой байдал зарлах хэмжээнд хүрээгүй байгаа гэж үзэж байсан бол халдвар авсан хүний тоо огцом өсөж, вирус хүнээс хүнд дамждаг болох нь тогтоогдсоноор олон улсын хэмжээнд онцгой байдал зарлахад хүргэжээ. Мөн БНХАУ-аас гадна шинээр халдвар авсан хүний тоо нэмэгдэн, цаашид ч илүү өргөн цар хүрээг хамрах өндөр магадлалтай байгаа гэж үзсэн учраас энэхүү шийдвэрийг гаргасан байна.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебреисус Хятад улс шуурхай арга хэмжээ авснаар дэлхий нийтийг бүр ч олон тооны халдвар ба үхлээс аварсан гэдгийг онцолсон юм. Тэрбээр "Одоогоор Хятадаас гадуур коронавирусын халдвараар нас барсан тохиолдол гараагүй байгаад бид талархах хэрэгтэй. Хэдийгээр Хятадтай харьцуулахад дэлхий даяар халдвар авсан хүний тоо бага байгаа ч бид одоо хамтдаа нэгдэж цаашид вирусыг тараахгүй, хязгаарлах тал дээр арга хэмжээ авах ёстой. Энэ вирус цаашид эрүүл мэндийн тогтолцоо сул хөгжсөн, цар тахалд бэлэн биш байгаа улс орнуудад тархана гэхээс бид хамгийн ихээр санаа зовж байна" хэмээн мэдэгджээ.
Эргэн сануулахад өмнө нь Эбола, Зика, H1N1 зэрэг вирус дэлхий нийтэд тархаж байхад ДЭМБ онцгой байдал зарлаж байсан билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт