Парисын агаар илүү цэвэр болжээ. Сүүлийн 40 жилд гарсан хамгийн сайн үзүүлэлт бүртгэгдлээ

Эерэг үр дагавар

Улсын хэмжээнд хорио цээр тогтоосны улмаас Парис хотын агаарын чанар эрс сайжирчээ. Энэ талаар Sortir A Paris хэвлэлийн газар агаарын бохирдлыг хянадаг Airparif байгууллагын судалгаан дээр үндэслэн мэдээллэсэн байна.

Парис хотод хорио цээр тогтоосны эхний долоо хоногт зам тээврийн нийт хөдөлгөөний дийлэнх хувь нь зогссон байсан ч агаарын бохирдол хэвэндээ байжээ. Гуравдугаар сарын 20-ний байдлаар нэг метр куб агаарт ногдох бохирдлын түвшин 68 микрограмм байсан нь ерөнхийдөө цаг агаарын улмаас гуравдугаар сард ажиглагддаг хэвийн түвшин юм. Гэхдээ хэд хоногийн өмнөөс эхлэн хүчтэй салхины ачаар агаарын чанар эрс сайжирсан нь мэдэгдэж эхэлжээ. Салхи бохирдсон тоосонцрыг сарниулж өгсний үр дүнд одоо Парисын нэг метр куб агаарт ногдох бохирдлын түвшин 16 микрограмм хүртэл буурсан байна. Өмнөх жилүүдийн өдийд агаарын бохирдлын түвшин дунджаар 21 микрограмм/м3 байдаг байжээ.

Тэр дундаа хөдөлгүүрээс ялгардаг азотын давхар ислийн (NO2) бохирдлын түвшин огцом буурсан нь ажиглагдсан байна. Гуравдугаар сарын 24-нд хэмжилт хийхэд агаар мандалд ердөө л 8 микрограмм/м3 бүртгэгджээ. Нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал ч мөн буурсан байна.

Ерөнхийд нь харж үзэхэд Парис хотын агаарын чанар 20-30% сайжирсан ба азотын давхар ислийн ялгарал 60% буурсан байна. Энэ нь сүүлийн 40 жилийн хугацаанд гарсан хамгийн сайн үзүүлэлт юм.

Buro.Mongolia

2020-03-26, 10:00