“Тэр намайг яг л соронз мэт татсан”. Канье анх Кимд дурлаж байсан үеэ дурслаа

Энэ бол хайр юм

Ким Кардашьян ба түүний нөхөр Канье Уэст нар анх хэрхэн танилцаж, харилцаагаа эхлүүлж байсан талаараа E! True Hollywood Story нэвтрүүлгийн тусгай дугаарт ярьжээ. Тусгай дугаар аравдугаар сарын 13-нд дэлгэцнээ гарах хэдий ч хосуудын хуваалцсан зарим мэдээллийг E! News телевиз өөрийн вебсайт дээр нийтэлсэн байна.

"Би түүнийг харах бүрт, түүнтэй тааралдах бүрт тэр намайг яг л соронз мэт өөртөө татдаг байсан. Тэр маш нинжин сэтгэлтэй, цэвэр ариун, аз жаргалтай, энхрий, зоригтой, хүчирхэг байсан" хэмээн Канье анх Кимийг харах үед төрдөг байсан сэтгэгдлээсээ хуваалцжээ.

Харин Кимийн онцолсноор тэд болзож эхлэхээсээ ч өмнө бие биенээ олон жилийн турш таньдаг байсан гэнэ. Мөн Канье үргэлж л Кимийн талаар найзууд болон танилуудаасаа асуудаг байсан хэдий ч тухайн үед Ким найз залуутай байж таардаг байжээ. Гэхдээ тэд тэр бүх хугацааны турш найрсаг харилцаатай хэвээр байсан бөгөөд нэг удаа Канье, Кимийг Парист болох загварын шоундаа урьснаар бүх зүйл эхэлсэн аж. "Ингэж л бидний харилцаа эхэлсэн юм даа. Тухайн үед би 'Яагаад түүнтэй аль эртнээс болзож эхлээгүй юм бэ' хэмээн харамсан бодож байлаа" гэж Ким дурссан байна.

Хүмүүс Ким Кардашьян ба Канье Уэст нарын харилцаа төд удалгүй дуусна, реалити шоуны од дуучны карьерыг үгүй хийнэ хэмээн таамаглаж байсан ч Ким энэ талаар "Канье тэр бүхнийг хэзээ ч тоогоогүй. Тэр ‘Би түүнд хайртай, бусад зүйлс надад огтхон ч хамаагүй' гэж л хэлдэг байсан" хэмээжээ.

Сануулж хэлэхэд Ким ба Канье нар 2014 онд хуримаа хийсэн бөгөөд Норт, Сейнт, Чикаго, Псалм гэх дөрвөн хүүхдийн эцэг, эх юм.

Buro.Mongolia

2019-10-10, 12:00

  • Зураг: