Бүх зүйл төгс: Шинэ жилийн ширээгээ хэрхэн гоёмсогоор чимэглэх вэ?

Баярын бэлтгэл ажил

Шинэ жилийн баяр бол гэр бүл, найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ нэг доор цугларч, халуун дотно яриа өрнүүлж, амттай зоог барих хамгийн сайхан шалтгаан юм. Тэгвэл арванхоёрдугаар сарын 31-нд гэр бүлийн үдэш эсвэл оройн зоогны үдэшлэгт аль алинд тохирох ширээний чимэглэлийн дизайныг Бюро 24/7 санал болгож байна

Он солигдох тэр мөчийг хүн бүхэн сэтгэл догдлон хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Бидний хүсэн хүлээсэн тэр үдэш бүх зүйл төгс байх ёстой. Тэгвэл шинэ жилийн баярын орой гэр бүлийн тань гишүүд эсвэл зочдыг тань гайхшруулах, гоёмсог ширээний дизайны санаануудыг бид санал болгож байна.

Байгалийн гоо үзэсгэлэн гол чимэг нь

Шинэхэн цэцэг ямар ч ширээний заслыг тэр чигт нь хувиргаж чадна. Тиймээс та одооноос эхлээд хамгийн гоёмсог цээнэ ба сарнай цэцгүүдийн баглаа хийдэг цэцгийн дэлгүүрийн эрэлд гараарай. Хамгийн жижиг цэцгийн баглаа ч ер бусын баярын уур амьсгал бүрдүүлдэг юм шүү. Хэрэв та баярын ширээгээ илүү өвөрмөц, цэмцгэр харагдуулахыг хүсвэл цэцгийн баглаагаа устай шилэнд биш металл саванд хийгээд үзээрэй. Зочид тань таны гоо зүйн өндөр мэдрэмжийг шүтэн бишрэх болно.

Гэрэл, бүр маш их гэрэл!

Хэрэв энэ жил та уламжлалт дизайнаас татгалзаж, арай өөр зүйл туршиж үзэхийг хүсвэл лааны оронд гэрлэн чимэглэл ширээн дээрээ тавьж болно шүү. Мэдээж сонгодог лаа таны баярын ширээг үргэлж тансаг харагдуулах болно. Тэгэхдээ гэрлэн чимэглэл эсвэл лааны аль нэгийг л сонгох хэрэгтэй. Тэгэхгүй бол цэмцгэр биш тун нь хэтэрсэн харагдаж магадгүй.

Шаазан эдлэл Vs. Чулуун ба модон тавцан

Ямар нэг чухал баяраар хэрэглэх гэж үнэтэй шаазан эдлэлээ хадгалсаар л байна уу? Тэгвэл одоо Франц лимож ба Хятад шаазан эдлэлээ гаргаж ирэх цаг нь болжээ. Гэхдээ энэ улиралд та шаазан эдлэлээ түр хойш нь тавьж илүү орчин үеийн хийц, загвартай аяга тавагны цуглуулгад анхаарлаа хандуулж болно шүү. Тэр тусмаа гантиг ба модон материалаар хийсэн чулуун тавцангаар тавгаа орлуулаад үзээрэй. Ийм тавцан дээр тавьсан зоог илүү тод харагдах бөгөөд баярын ширээг илүү орчин үеийн өнгө аястай болгоно.

Ерөнхий өнгө

Шинэ жилийн баяр гэхээр л заавал улаан, ногоон эсвэл цагаан өнгөөр ширээгээ чимэглэх албагүй шүү дээ. Мэдээж хэрэг эдгээр өнгө орсон ширээний бүтээлэг, амны алчуур зэрэг нь тансаг харагдуулж, баярын уур амьсгалыг хадгалж өгнө. Гэхдээ хэний ч төсөөлөөгүй, жишээ нь хөх өнгөтэй ширээний бүтээлэг сонговол ширээний ард өвөрмөц, орчин үеийн уур амьсгал бүрдүүлэх юм шүү.

Г.Тэмүүлэн

2016-12-14, 11:00

  • Зураг: