"The Late Late Show"-ны хөтлөгчийн тухай
Сүүлийн үед “Заавал үзэх ёстой видеонууд”-д үргэлж л Жеймс Кордены нэр дурдагдаж байгааг та анзаарсан байх. “The Late Late Show”-ны хөтлөгч тэрээр одуудтай хотоор зугаалж, дуу дуулж, хошигнож явсаар бидэнд аль хэдийнэ танил болсон. Тиймээс тэр яг хаанаас гараад ирсэн болон яагаад түүний “The Late Late Show” нэвтрүүлгийн “Carpool Karaoke” булангийн нэг ч ангийг алгасаж болохгүй талаар эндээс олж мэдээрэй
Машиндаа, шүршүүрт орж байхдаа эсвэл гэрийнхээ гал тогоонд дуу дуулах нь ердийн л үзэгдэл. Гэхдээ "Grammy"-гийн эзэнтэй, бөөн камерийн дунд дуулж явах нь тийм ч амар ажил биш шүү. Харин CBS телевизийн "The Late Late Show" хэмээх өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй, Их Британиас гаралтай Жеймс Кордены хувьд бол энэ нь өдөр тутмын л ажил. Тэрээр Лос-Анжелес хотоор Адель, Элтон Жон, Гвен Стефани болон Стиви Уандер зэрэг одуудтай хамт тэдний дууг хамтран дуулж явсаар Youtube суваг дээр сая, сая үзэгчидтэй болсон. Мөн CBS телевизийн "The Late Late Show with James Corden" нэвтрүүлгийн "Carpool Karaoke" булан гарсан цагаасаа эхлээд дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчтэй болоод амжжээ. Түүний шүтэн бишрэгчдийн дунд бид ч мөн багтаж байгаа.
Их Британи гаралтай жүжигчин Жеймс Кордены карьер бүр 1990-ээд оны сүүлээс эхэлжээ. Тэрээр анх Лондонд Деклан Доннелланы найруулсан "Martin Guerre" мюзиклд дүр бүтээсний дараа "Fat Friends" олон ангит киноны жүжигчдийн бүрэлдэхүүнд багтаж чадсан юм. "Fat Friends" цуврал нь уран сайхны үнэлэмжийн тал дээр эргэлзээ төрүүлдэг ч, "Gavin and Stacey" инээдмийн цуврал гарахад гол үүргийг гүйцэтгэсэн билээ. Учир нь уг цувралыг Жеймс Корден "Fat Friends"-ийн бас нэгэн жүжигчин Рут Жонстой хамтран зохиосон байна. Англи залуу болон Уэльс бүсгүйн тухай түүх гурван улирлын турш дэлгэцээр гарсан бөгөөд BAFTA-гаас хэд хэдэн шагнал хүртсэн байдаг. Мөн киноны гол дүр болох Гевины найзын дүрийг Жеймс Корден бүтээж "British Academy Television Awards", "British Comedy Awards" зэрэг шагналуудыг хүртэж байв. Тэр ер нь л инээдмийн кино, хошин зохиолуудаараа туршлагатай нэгэн бөгөөд "Doctor Who"-хүртэл тоглоод амжсан юм. Их Британид "Doctor Who"-д дүр бүтээх нь маш хариуцлагатай ажил ба нэр төрийн хэрэгт тооцогддог. Тэгэхдээ түүнд жинхэнэ нэр алдрыг авчирсан ажил нь CBS телевизийн "The Late Late Show" байсан юм. Сануулж хэлэхэд, Корден өнгөрсөн гуравдугаар сард тус нэвтрүүлгийг хөтөлсөн нэг жилийн ойгоо тэмдэглэсэн билээ. Инээдмийн төрөлд тийм ч дуртай биш хүмүүс хүртэл Кордены нэвтрүүлгийн хэдэн ангийг үзсэн байдаг. Яагаад?
Юуны өмнө Жеймс Корден хошин харагдахаас айдаггүй. Хэрэв айдаг байсан бол тэр "Мөсөн хүн", "Гүзээлзгэнэ хүн", "Төмсөн хүн"-д хувирч эсвэл бүр хуримын даашинз өмсөхгүй байх байсан биз ээ. Мөн түүний Гвинет Пэлтроутай хамт бүжгийн хичээлд суудаг бичлэгийг санаж байна уу? Ер нь ямар ч ток шоуны хөтлөгч хөгжилтэй байхыг хүсдэг ч, Жеймс Корден шиг бариу трико өмсөн Райан Рейнольдс руу үсэрч байгаагүй. Корден хүмүүсийг жинхэнээсээ инээлгэж чаддаг.
Энэ бүгдээс гадна, Корден үнэхээр дуулж чаддаг бөгөөд дуулах ч дуртай. Доннеллан зүгээр ч нэг түүнийг өөрийн мюзиклд тоглуулаагүй юм. Түүний дууны санд Адель, Элтон Жон, One Direction хамтлаг, Женнифер Хадсон, бүр Жастин Биберийн дуунууд хүртэл байдаг. Заримдаа тэр "Hollaback Girl" зэрэг дууг дуулахын тулд бусдын туслалцааг ч авдаг. Мөн Жеймст жүжиглэх авьяас ч бий. Айдас, эргэлзээ, баяр хөөр зэрэг сэтгэл хөдлөлүүдийг чадварлаг үзүүлэх ба тэр долоон минутын дотор Том Хэнксийн тоглосон кинонуудын олон арван дүрд хувирч чадна. Эсвэл бүр Шэрон Стоунтой хамтарч рэп хийж ч чадна. Сэдвээс хазайсан нэг зүйл хэлэхэд, Жеймс Корден оцон шувуунд нугасгүй. Харин бид түүнд ухаангүй дуртай.
Харин одоо Жэймс Кордены "The Late Late Show"-ны түүхэнд болж өнгөрсөн хамгийн хөгжилтэй явдлуудыг үзэцгээе.
Жеймс Корден болон Дэвид Бекхэм нар дотуур хувцасны сурталчилгаанд
Мэтт Дэймоны кино карьерын талаар Жеймс Корден & Мэтт Дэймон нар
«Hey, baby!». Жеймс Корден, Женнифер Лопез хоёр Леонардо ДиКаприо руу мессеж бичив
Стиви Уандер Жеймс Кордены эхнэрт зориулж өөрийн хамгийн алдартай дууг дуулж өглөө
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт