Энгийн атлаа амархан
Өнөөдөр өвлийн улирлын оргил хүйтний цагийг тоолдог идэр гурван ес эхэлсэн тул хүмүүс өөрийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэндэд илүү их анхаарал тавих цаг ирлээ. Тиймээс бид хүн бүр дор бүртээ хэрэгжүүлж болох зөвлөгөө бэлдлээ
Шинэ жилийн баяраар хүмүүс оргилуун дарс задлаж, хундага тулгахдаа бүгд л бие, биедээ эрүүл энхийг хүсэн ерөөдөг шүү дээ. Тэгвэл үүнийг Улаанбаатар хотын экстрим орчинд хэрхэн амжилттай хэрэгжүүлэх вэ? Ханиад шуухинаа, хөдөлгөөний дутагдал, чихрийн шижин болоод бусад өвчин эмгэгүүдээс өөрсдийгөө урьдчилан сэргийлэхэд хэрэгтэй цөөн хэдэн зөвлөгөөг бид та бүхэнд бэлтгэн хүргэж байна.
Монголын уламжлалт анагаах ухаанд "Өвчин үүсэх шалтгааныг алга болгоод өвчин эдгэх шалтгааныг өгөх юм бол эдгэхгүй өвчин гэж үгүй" гэж үздэг. Түүнтэй адилаар хүн эрүүл саруул байх нь хамгийн түрүүнд өөрийн үйлдлээс хамаарч, хайртай дотнын хүмүүсдээ зориулсан анхаарал, халамжаар хэмжигдэх болно. Хэдийгээр агаарын чанар таагүй, эрүүл мэндийн үйлчилгээ хүрэлцээгүй байгаа ч гэлээ бид өөрсдийнхөө төлөө авч хэрэгжүүлж болох зүйлс цөөнгүй бий. Үүнээс мэргэжлийн эмчийн заавраас үл хамаарах, хүн бүр өөртөө зориулж хэрэгжүүлж болох зарим аргуудаас танилцуулъя.
Агаарт гарах
Улаанбаатар хотын эргэн тойронд эрүүл агаартай, сайхан байгальтай газар олон бий. Үүнээс хамгийн ойрхон нь Богд уулын Зайсангийн ам амралтын өдрүүдээр ууланд алхагчид, хүүхдээ салхинд гаргаж буй хүмүүсээр дүүрэн байх болсон. Мөн Скай резорт, Хүй долоон худаг дахь цанын баазууд агаарт гарангаа дасгал хөдөлгөөн хийх хамгийн тохиромжтой газрууд юм. Түүнээс гадна Тэрэлж, Хандгайт, Хүрэл тогоот дахь одон орны оргил зэрэг ой модтой, цэнгэг агаартай газруудаас та сонголтоо хийж долоо хоногтоо нэгээс доошгүй удаа салхинд гарч байгаарай.
Гэрээ хүчилтөрөгчөөр баяжуулах
Өвлийн улиралд салхивч нээнэ гэдэг бол өөрийгөө тун аюултай экстрим тулаанд оруулж байгаатай адил эрсдэлтэй зүйл. Тэгвэл та гэр болон албан тасалгаандаа агаар сайн цэвэршүүлж, хүчилтөрөгч ялгаруулдаг ногоондой, мөнхрөө, зуун наст зэрэг ногоон ургамал олноор нь тавиарай. Хэрэв та өмнө нь гэртээ цэцэг тарьж байсан туршлагагүй бол унтлагын өрөөнд ямар цэцэг тавьж болохгүй вэ гэдгийг эхлээд интернэтээр хайж үзэх хэрэгтэй. Ямартаа ч хүүхдийн өрөөнд ногоондой болон зуун наст байрлуулах нь маш үр дүнтэй байдаг юм. Цахирмаа цэцэг тамхитай орчинд цэцэглэдэггүйн адилаар та мөн гэртээ тамхи татах, хиншүү их гаргадаг хоол хийхээс татгалзаж, бяцхан үрсийнхээ хүчилтөрөгчийг хэмнээрэй.
Хүчилтөрөгчийн коктейль тогтмол хэрэглээрэй
Урд нь зөвхөн жирэмсэн эхчүүд, өндөр настнууд л хүчилтөрөгчийн коктейль хэрэглэдэг мэтээр ойлгодог байсан бол одоо энэ зүйл бүх насны хүмүүст хамгийн хэрэгтэй зүйл болж байна. Хүчилтөрөгчийн коктейль нь цэвэр хүчилтөрөгчийг дурын жимсний сироп юмуу жүүсээр баяжуулан гаргаж авсан хэдэн мянган ширхэг өчүүхэн жижиг бөмбөлгөөс бүрдэх хөнгөн амттай хөөс юм.
Эмч, мэргэжилтнүүд зөвлөхдөө "Хүчилтөрөгчийн коктейл хүний бие организмын эд эсийг дүүргэж, улмаар цэвэр энерги бий болгодог. Ингэснээр хүний биеийн микро түвшинд бодисын солилцоо, цусны эргэлт, эсийн мембраны нэвчих чадварыг сайжруулж, исэлдэх-нөхөн сэргэх процессыг идэвхижүүлнэ. Энэ бол таны биеийн дархлал бэхжиж, аливаа эд эсүүд хүчилтөрөгчийн дутагдлаас гарч байна гэсэн үг" гэж тодорхойлдог. Тиймээс хийжүүлсэн ундаа, чихрийн хэт их агууламжтай хүнсний бүтээгдэхүүн өөртөө болон хүүхдүүддээ өгөхөөс татгалзаж, жимсний цэвэр шүүсээр бэлтгэдэг хүчилтөрөгчийн коктейль хэрэглэх нь олон талын ач холбогдолтой.
Гэртээ шинэ ногоо ургуулж хүнсэндээ хэрэглээрэй
Танай гэр нар тоссон цонхтой бол та гэр бүлийнхэндээ зориулж үргэлж шинэ ногоо бэлтгэх бүрэн боломжтой гэсэн үг. Өвөл, зуны ямар ч улиралд тарьж болох, хурдан ургадаг бууцай, гоньд, базил, яншуй, ногоон сонгино, салат навч зэргээс сонгох боломжтой бөгөөд үүнийг хийхэд маш амархан. Танд багахан хэмжээний бэлдсэн хөрс, үр байхад л хангалттай бөгөөд импортын бус органик эрүүл хүнсээр гэр бүлийнхээ хүмүүсийн эрүүл мэндийг тэтгэх боломжтой. Эдгээр шинэ ногоо нь төрөл бүрийн амин дэмээр баялаг байдаг. Хэрэв танай гэрт хангалттай хэмжээний нар тусах цонх байхгүй байлаа ч гал зуухны өрөөндөө, эсвэл дурын байршилд LED гэрэл асааж ийм шинэ ногоо ургуулж болно шүү.
Та хэрэв өдөр бүр таван салаа, цөс өвс, нохой хошуу, ганга, халгай, тэхийн шээг зэрэг эмийн ургамлуудыг зориулалт, хэрэглэх зааврын дагуу ууж заншвал өөрийгөө ямар нэгэн өвчлөлд өртөхөөс маш сайн хамгаалж чадна. Аньсны навч, нохой хошуу, ганга, халгай уушгинд сайнаар нөлөөлдөг учраас цайны оронд хандлан уух боломжтой. Цөс өвс хүний биеийн илчийг нэмэгдүүлж, эрч хүчтэй болгодог давуу талтай бол таван салаа нь ходоод гэдэсний асуудлыг богино хугацаанд төгс эмчлэх чадвартай. Хэрэв таны бөөр өвддөг бол тэхийн шээг хэрэглэж заншаарай. Хамгийн гол нь эдгээр монголд ургасан органик эмийн ургамлууд нь таныг өвчин тусахаас сэргийлж, антибиотик, хүчтэй эм тариа хэрэглэхэд хүргэхгүй. Харин таны "Би өөртөө хэрэгтэй сайн зүйл хийж байна" гэсэн багахан итгэл үнэмшил илүү сайн үр дүнд хүргэх болно.
Амьдралын буруу хэвшлээс татгалзаарай
Онолын физикч Стивен Хокинг энэ арваннэгдүгээр сард "Орчин үеийн хамгийн том сүйрэл бол хөдөлгөөний дутагдал, хэт их хооллолт юм" гэсэн утгатай сурталчилгаанд оролцсон юм. Хэрэв хүмүүс өдөрт хоол хүнснээс авсан илчлэгээсээ илүү хэмжээг шатааж чадахгүй бол тэрхүү илүүдэл нь биед өөх болон хуримтлагдаж, улмаар олон төрлийн өвчин үүсэх үндсэн суурь болно. Тиймээс та суугаа ажил хийдэг, фитнесс жиймд очих цаг завгүй байдаг бол аль болох эрүүл, зөв хооллож байх хэрэгтэй. Дээр нь онцын чухал ач холбогдолгүй үед согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзаж, оронд нь кальциар баялаг цагаан идээ, Д витаминаар баяжуулсан сүү, элэг цэвэршүүлдэг ээзгий зэргийг өдөр тутмын хэрэглээндээ нэвтрүүлээрэй.
Аливаа асуудлыг хөнгөхөн, эерэг талаас нь харж хэвшээрэй
Цаг агаарын мэдээгээр "-50 хэм хүртэл хүйтэрнэ" гэж мэдэгдэж байсан ч та санаа бүү зовоорой. Монгол хүн бол ямар ч цаг уурын эрс, тэрс уур амьсгалд маш амархан дасан зохицдог онцгой чадвартай учраас Улаанбаатарт шөнөдөө -40 хэм хүртэл хүйтэрсэн ч та ажрахгүй. Хамгийн гол нь та өөрийн биеийн дархлааг дэмжих зөгийн бал, монгол сармис зэрэг органик хүнс хэрэглэж, урд өмнөхөөсөө илүү дулаан, ноолуур, хөөврөөр хийсэн хувцас өмсөхөд л хангалттай. Хэрэв өнөөдрийн жавраас айж, өөрийгөө сэтгэл санаагаар унагавал танд ямар ч сайн нөлөө гарахгүй. Харин ч цаашид тохиолдож болох амьдралын янз бүрийн эгзэгтэй үед сул дорой, сэтгэлийн бэлтгэлгүй болгох эрсдэлтэй. Тиймээс аливаа зүйлийн арга эвийг олж, амархан даван туулж чадна гэсэн итгэлээр өөрийгөө болоод дэргэдэх хүмүүсээ үргэлж хөглөж байгаарай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт