Биеийн галбир ба фитнес: Хүн бүрийн онцлогт тохирсон дасгалууд

Илүү дэлгэрэнгүй

Ихэнхи эмэгтэйчүүд өөрийн биеийн галбирт тохируулан дасгалаа сонгох ёстойг мэдээгүйн улмаас хүсээгүй үр дүнд хүрэх нь элбэг. Тиймээс бид энэ удаа эмэгтэйчүүдийн биеийн хэлбэрийг ерөнхий таван хэсэгт хуваан тус, тусын онцлогт тохирсон дасгалууд танилцуулж байна

Хүний биеийн ерөнхий хэлбэр, галбир удамшиж ирдэг учраас үүнийг фитнесээр өөрчлөх боломжгүй билээ. Харин дасгал хийснээр та өөрийн хүссэн биеийн галбиртаа дөхөж болно. Үүнд бас таны бие хэсэгчлэн турах боломжгүй гэдгийг санах хэрэгтэй. Жишээ нь та зөвхөн хэвлийгээрээ тураахыг хүсэвч зөвхөн хэвлийн өөхөн давхарга дангаараа хайлахгүй шүү дээ. Нар зайрмагны зөвхөн дунд хэсгийг хайлуулахгүйтэй адил таны бие бүхэлдээ халж, бүхэлдээ өөхнөөсөө цөөлөх болно. Ийм болохоор одооноос эхлээд хэвлийн өөхийг хэсэгчлэн хайлуулна гэсэн сурталчилгаанд итгэдэг гэнэн хонгорууд цөөрнө байх. За ингээд бүсгүйчүүд бидний бие ямар, ямар төрөлд хуваагдаж болохыг, тэдэнд тохирсон ямар дасгал хийж болох талаар өгүүлье.

"А" хэлбэр буюу лийр мэт галбиртай бие

Бейонсе, Рианна, Женнифер Лопез нар бол "А" хэлбэрийн биетэй бүсгүйчүүд бөгөөд эмэгтэйчүүдийн дотроос ийм галбиртай жишээ олныг олж болно. "А" хэлбэрийн бие гэдэг нь гуя, өгзөг, шилбэ, ташаа томтой боловч арай жижиг цээжтэй, туранхай биетэй хүмүүсийг хэлж байгаа юм. Ихэнх тохиолдолд "А" хэлбэрийн биетэй хүмүүс илүү нарийн бэлхүүстэй байх нь элбэг. Тэд хэрэв жин нэмбэл хөл, өгзөг, гуя нь илүү өөхөлдөг. "А" хэлбэрийн биетэй бүсгүйчүүдэд целлюлит хамгийн том асуудал болдог. 

Ямар дасгал хийх вэ?

Кардио дасгалууд энэ төрлийн биенд хамгийн үр дүнтэй. Тодруулбал, хурдан хэмнэлээр алхах, эллипсоид хийх гэх мэт орно. Гэхдээ дугуй болон "stepper" нь хөлний булчинг хөгжүүлж, жинтэй харагдуулах магадлалтай тул аль болох татгалзах хэрэгтэй. Энэ төрлийн биетэй хүмүүс дасгалынхаа гол зорилгыг хөл хэсгийн жинг багасгах болон цээжний дасгалууд сайн хийснээр биеийн харьцааг тэнцвэртэй харагдуулж чадна. Ер нь биеийн доод хэсгээ хөгжүүлэхдээ болгоомжтой хандахгүй бол өөрийн төсөөлж байснаас эсрэг үр дүнд хүрч болзошгүй. Хөл, өгзөг, гуяны дасгал хийхдээ та нэг удаадаа 20 дасгал хийж, үүнийг 3-4 давталттай хийгээрэй.

"Х" хэлбэр буюу элсэн цаг мэт галбиртай бие

Тэд өөрсдийгөө хамгийн азтайд тооцох хэрэгтэй. Учир нь энэ төрлийн бие нь хамгийн төгс, зөв хэлбэрийн бие юм. Элсэн цаг хэлбэртэй биетэй хүмүүс таргалсан ч өөхөн давхарга нь биед нь жигд хуримтлагддаг ба тодорхой нэг асуудалтай хэсэг нь илт харагдаад байдаггүй. Тэд турахдаа ч бас бүх хэсгээрээ жигд турдаг.

Ямар дасгал хийх вэ?

Бүх төрлийн кардио дасгалууд болон дугуй унах, гүйх, "stepper" дээр ажиллаж болно. Дээр нь төрөл бүрийн булчин чангалах дасгалууд хийх хэрэгтэй. Гэхдээ мэдээж бодибилдингийн тамирчин шиг болохыг хүсээгүй л бол хэтрүүлээд хэрэггүй. Энэхүү ангилалд Софи Лорен, Эмили Ратаковски, Стефани Сеймур, Жижи Хадид нар багтана.

"Т" хэлбэр буюу буруу харсан гурвалжин

Энэ төрлийн биетэй эмэгтэй хэрэв таргалбал түүнийг засч, өөрчлөхөд хамгийн хэцүү байж мэднэ. Учир нь бага зэрэг л жин нэмэх төдийд л өөхөн давхарга цээж, гар, нуруу, хэвлий, мөр зэрэг биеийн дээд хэсэгт хуримтлагддаг. Түүнчлэн ийм төрлийн биетэй хүмүүс ихэвчлэн хурдан жин нэмэх хандлагатай байдаг юм. Тиймээс хэрэв та "Т" хэлбэрийн биетэй бол нэг кг ч таргалахгүй байхын тулд хичээгээрэй. Та хөдөлгөөний дутагдалд орж буй эсэхээ өөрөө байнга хянаж, хоолоо хорьж, чөлөөт цагаа дасгалын зааланд өнгөрүүлэх юм бол тэрхүү хэцүү байдалтай тулгарахгүй. Лийр хэлбэрийн биетэй хүмүүс ганц хоёр кг нэмэхэд нэг их анзаарагддаггүй бол "Т" хэлбэрийн биетэй хүүхнүүд хоёр кг жин нэмэхэд л нүдэнд илэрхий харагдаад ирдэг. Энэ бол таны эвлэрэх хэрэгтэй гашуун үнэн юм. Гэхдээ сэтгэлээр унах хэрэггүй. Амьдрал тэр чигтээ сорилт, түүнийг даван туулсны баяр хөөрөөр дүүрэн шүү дээ. Сайн мэдээ гэвэл "Т" хэлбэрийн биетэй хүүхнүүд ихэвчлэн гоолиг, урт нарийн хөлтэй байдаг. Анжелина Жоли, Шарлиз Терон, Кейт Миддлтон нар ийм төрлийн биетэй ч үргэлж үзэсгэлэнтэй харагддаг. Тэд ингэхийн тулд өөртөө маш өндөр шаардлага тавьж, гоо сайхныхаа төлөө шантралгүй хөдөлмөрлөдөг билээ. 

Ямар дасгал хийх вэ?
Таны дасгал хийж байгаа гол зорилго хөлийн булчинг хөгжүүлж, цээж хэсэгтэй тэнцвэртэй харагдуулахад орших ёстой. Мөн кардио дасгалууд таны бэлтгэлийн ихэнхи цагийг эзэлвэл зүгээр. Гүйх, хурдан алхах, дугуй, "stepper" үүнд сайн тохирно. Тэгэхээр та долоо хоногт багадаа гурван удаа кардио дасгал хийж болно. Ингэхдээ гол төлөв хөлөндөө анхаарал хандуулах хэрэгтэй. Суулт, хайчин суулт, жийлт зэрэг дасгалууд хамгийн тохиромжтой. Харин цээж хэсгээ бага жингээр олон давталттайгаар дасгалжуулаарай. Жишээ нь нэг юм уу хоёр кг-ын гантелиар 20-30 удаагийн дасгал хийж болно. 

"О" хэлбэр буюу алим хэлбэрийн бие

Алим хэлбэрийн биетэй эмэгтэйчүүд ихэвчлэн гар болон хөл хэсгээрээ харьцангүй нарийхан ч, биеийн жингийн төвдөө буюу бэлхүүс, хэвлий хэсэгт илүүдэл жингээ хуримтлуулсан байдаг. Хэдийгээр фитнесээр хичээллэж байгаа хүн бүр л хооллолтондоо сайн анхаарах ёстой ч "О" хэлбэрийн биетэй эмэгтэйчүүдэд тусгайлсан жор хэрэг болно. Яагаад гэвэл хоолоо бага зэрэг хэтрүүлэхэд л "О" хэлбэрийн биетэй хүмүүсийн хэвлий тэр дороо хөөсөн бөмбөлөг шиг болж мэднэ. Тиймээс хоол, хүнснээсээ авч буй илчлэг нэг бүрээ тооцож, хүнсэндээ агуулагдаж буй уураг, илчлэг, нүүрс-усны талаар сайн ойлголттой болоорой. 

Ямар дасгал хийх вэ?

Алим хэлбэрийн биетэй бүсгүйчүүд эрчимжүүлсэн кардио дасгалууд хийвэл зохимжтой. Тухайлбал, гүйлтийн дасгалууд, "stepper", дугуй гэх мэт. "O" хэлбэрийн биетэй хүмүүсийн гол зорилго нь өөх шатаах юм. Харин булчингийн дасгалуудыг эрчимтэй бөгөөд биеийн бүх хэсгийн булчинг ажиллуулдаг цогц дасгалуудаас сонгож авах хэрэгтэй. Жишээ нь бокс эсвэл сүүлийн үед дэлгэрээд байгаа спиннингээр хичээллэх боломжтой юм. Энэхүү дасгалууд нь мөн эрчимтэй кардио болж өгнө. Дуучин Адель, Опра Уинфри нар энэхүү төрөлд багтана

"I" буюу шугам хэлбэрийн бие

Иймэрхүү хэлбэрийн биетэй бүсгүйчүүд ихэнхдээ өндөр, туранхай, нарийн булчинтай, урт мөчтэй байдаг. Шугам хэлбэрийн биетэй хүмүүсийн бодисын солилцоо асар хурдан байдаг тул илүүдэл жин гэдгийг тэд бараг мэдэхгүй. Ихэнх загвар өмсөгчид энэ төрөлд багтана. Тэдэнд тулгардаг гол асуудал нь булчингийн масс нэмэхэд үнэхээр хүндрэлтэй байдаг.

Ямар дасгал хийх вэ?

Тэдний гол зорилго булчингаа чангалж, хөгжүүлэхэд оршино. Тиймээс булчингийн дасгалуудад гол анхаарлаа хандуулж төрөл бүрийн эрчимтэй дасгал хийх хэрэгтэй. Харин кардио дасгалуудыг аль болох бага хийсэн нь дээр. "I" хэлбэрийн биетэй бүсгүйчүүдийн тоонд Карли Клосс, Кира Найтли, Кейт Мосс, Николь Кидман нар багтдаг.

 

Г.Тэмүүлэн

2016-06-19, 12:00