Gym-д хичээллэж буй цаг хугацаагаа илүү үр дүнтэй болгох таван арга

Үр бүтээлтэй өнгөрүүлцгээе!

Та gym-д дасгал хийх үед цаг хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрч байгааг анзаардаг уу? Ялангуяа ажил, гэр бүлийн хооронд өөртөө цаг зав гарган дасгал хөдөлгөөн хийх нь бүр ч хэцүү байдаг шүү дээ. Тиймээс ч бид gym-д яаран сандран дасгалаа (дээд тал нь нэг цаг) хийгээд гарах тохиолдол цөөнгүй бий.
Тэгвэл хязгаарлагдмал цаг хугацааг хэрхэн хамгийн үр дүнтэй ашиглах вэ? Хувийн дасгалжуулагч Вэнди Чо gym-д өнгөрүүлсэн хором мөч бүрээ илүү үр дүнтэй болгох таван хялбар аргыг бидэнтэй хуваалцлаа.

Бүх зүйл эхлэхээс өмнө зорилгоо тодорхойл

Юуны өмнө эхлээд бодит байдалд нийцсэн зорилго тавих хэрэгтэй. Үүний дараа л gym эсвэл фитнессийн хөтөлбөр хайж эхэлсэн нь дээр байдаг. Хэрэв жин хасахыг хүсч байвал яг хэдэн кг хасах хүсэлтэй буйгаа тодорхойлох нь зүйтэй. Ер нь спортоор хичээллэхэд тууштай байх нь хамгийн чухал юм. Тиймээс дасгалын хөтөлбөрөө боловсруулаад, хичээллэх хугацаагаа товлосны дараа яг энэ төлөвлөгөөнийхөө дагуу хичээллэх хэрэгтэй. Хэрэв та дасгалаа тогтмол хийхгүй бол ямар нэг үр дүн гарахгүй гэдгийг санаарай. Жин хасах хамгийн үр дүнтэй арга бол кардио болон булчингийн дасгалууд юм. Мөн эдгээр дасгалуудыг хослуулж хийснээр өөх шатах үйл явц бүр ч хурдан явагдах болно.

Бэлтгэл ажил чухал

Сэтгэл санааны байдал маш чухал гэдгийг анхааралдаа аваарай. Хэрэв та сэтгэл санааны болон хувийн бэлтгэлийн хувьд бэлэн биш бол gym-д хичээллээд төдийлөн үр дүнд хүрэхгүй байх магадлалтай. Тиймээс gym-д хичээллэхээсээ өмнө дасгал хийхэд тохирсон хувцас, гутал болон бусад хэрэгслийг урьдчилан бэлдэх нь зүйтэй. Ингэснээр бие болон сэтгэл зүйгээ бэлтгэлтэй болгож байгаа юм.

Дасгал хийгээгүй үедээ идэж буй хоолоо сайтар хяна

Фитнессийн үр дүнгийн 80% нь хоол тэжээлээс шалтгаалдаг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Гэхдээ gym-д хичээллэж байгаа ихэнх хүмүүс бүх дасгалыг зөв хийдэг хэрнээ заалнаас гараад л хүссэн зүйлээ идэж эхэлдэг. Харин энэ нь тэдний бүх хөдөлмөрийг үгүй хийдэг байна.

Амрах цагаа зөв хуваарилах хэрэгтэй

Долоо хоногийн долоон өдөр дасгал хийх нь үр дүнд хүргэхээс илүү хор хөнөөлтэй байх болно. Ингээд ч зогсохгүй таны фитнессээр хичээллэх урам зориг багасна. Үүнээс гадна, таны биеийн булчин нөхөн сэргэж чадалгүй, маш их өвдөлт мэдэрч, гэмтэл авахад хүргэж магадгүй. Тийм ч учраас бие организмдаа амарч, нөхөн сэргэх цаг хугацаа өгөх нь маш чухал юм. Харамсалтай нь олон хүмүүс амралтыг дутуу үнэлдэг.

Хувийн дасгалжуулагчтай ажилла

Мэдээж хэрэг анх удаа фитнессээр хичээллэх гэж байгаа хүмүүс дасгал хийх техникээ сурахын тулд эхний ээлжинд заавал дасгалжуулагчтай ажиллах хэрэгтэй. Мөн хувийн дасгалжуулагч таны биеийн онцлогт тохирсон хөтөлбөрийг боловсруулж өгөх болно.

Buro.Mongolia

2017-10-04, 16:00

  • Зураг: