Кроссфитийн тухай таны мэдэх ёстой зүйлс

Маш их хүч тамир шаарддаг ч үнэхээр үр дүнтэй энэхүү фитнессийн төрлийн талаар мэргэжилтнүүд ярьж байна

Кроссфитийн давуу талууд

Кроссфит бол хүч тэнхээ болон тэсвэр тэвчээрийг сайжруулахад чиглэгдсэн олон үүрэгтэй дасгалын систем юм. Энэхүү дасгал нь нэгэн зэрэг маш олон булчинг ажиллуулах зорилготой байдаг. Юуны өмнө кроссфитээр хичээллэхэд маш их энерги зарцуулах хэрэг гардаг тул өөх шатаах үйл явц илүү хурдан явагддаг байна. Үүнээс гадна кроссфит нь хүч тэнхээ болон тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлдгээрээ онцлогтой.

"Кроссфитийн бүх дасгалууд тодорхой үе шаттай бөгөөд маш бага завсарлагатай эсвэл бүр огт завсарлахгүйгээр үргэлжилдэг. Энэ нь зүрхний цохилтыг тодорхой хэмжээнд барьснаар өөх шатах үйл явц илүү хурдан явагдахад нөлөөлдөг" гэж Reebok компанийн төлөөлөгч ярьж байна.

Ямар дасгалууд багтдаг вэ?

Кроссфит нь нэгэн зэрэг хэд, хэдэн булчинд ачаалал өгдөг бөгөөд төрөл бүрийн төхөөрөмж ашиглан хийдэг дасгалуудаас бүрддэг. "Цагираг, дамнуур, турник, шал, дээс ашигласан төрөл бүрийн хөнгөн атлетикийн дасгалуудаас гадна, штанг өргөлт, шахалт зэрэг хүнд дасгалууд ч кроссфитийн төрөлд багтана. Өөрөөр хэлбэл бидний бие организмыг маш хүнд нөхцөл байдалд бэлддэг дасгалууд юм" гэж Fitness Junkie төвийн дасгалжуулагч тодорхойлсон байна. Ийм олон төрлийн дасгалууд нь тусгай зааланд, гэртээ эсвэл гадаа гээд хаана ч хийх боломжтой байдаг.

Мөн кроссфитэд цээж, нуруу, мөр, гар гээд биеийн дээд хэсэгт төвлөрсөн дасгалууд олон байдаг нь давуу тал болдог. Гэхдээ эдгээр дасгалууд нь эрчүүдэд илүү тохиромжтой юм. Тиймээс эмэгтэйчүүд кроссфитээр хичээллэхдээ биеэ чангалах, жин хасах, тэсвэр тэвчээр болон хүч тэнхээгээ нэмэгдүүлэх гээд өөрсдийнхөө зорилгод тохирсон хөтөлбөрийг маш анхааралтай сонгох хэрэгтэй.

Soul Rebel спорт клубын дасгалжуулагч кроссфитээр хичээллэх гэж байгаа бол хэдэн сарын турш бүх үндсэн дасгалуудыг хийх техникээ сайжруулах хэрэгтэй гэдгийг онцолж байна.

Зарим хүмүүс кроссфитийг маш хүнд дасгалын төрөлд хамруулдаг. "Кроссфит нь маш эрчимтэйгээс гадна дасгалуудын хөдөлгөөн нь хийхэд нэлээд хүндрэлтэй байдаг. Жишээлбэл кроссфитийн дасгалууд маш далайцтай, тэсрэлттэй, эрчимтэй хөдөлгөөнөөс бүрддэг учраас хөндлөнгөөс бэртэл авах магадлалтай харагддаг. Гэхдээ мэдээж дөнгөж кроссфиттэй танилцаж байгаа хүмүүст ийм төрлийн дасгалууд санал болгохгүй нь ойлгомжтой юм. Кроссфитийн бэлтгэл нь таныг үргэлж өөрийгөө сайжруулж, илүү хүнд шат руу ахих хүсэл эрмэлзлийг өгдөг нь энэхүү фитнессийн бас нэгэн давуу тал нь болдог" гэж World Class фитнесс клубын дасгалжуулагч бидэнтэй хуваалцлаа.

Жин хасахад тохиромжтой юу?

Кроссфитээр хичээллэх үед ямар нэг тодорхой хоолны дэглэм шаарддаггүй ч хэрэв та жин хасах зорилготой бол хооллолтдоо зарим нэг өөрчлөлт оруулах хэрэгтэй. "Илүүдэл жингээсээ салахыг хүсч байвал өдөр тутамд авч буй уураг, өөх тос, нүүрс усны хэмжээг хянахын зэрэгцээ дасгал хөдөлгөөнөө нэмэх хэрэгтэй. Эрүүл, зөв хооллолт (тэнцвэртэй) болон дасгал хөдөлгөөн нь арьсан доорх өөхийг шатааж, аажмаар булчингийн массыг ихэсгэдэг" гэж Fitness Junkie клубын дасгалжуулагч онцоллоо.

Wolrd Class фитнесс клубын дасгалжуулагч "Бүсгүйчүүд кроссфитийг туршиж үзэх хэрэгтэй. Яагаад гэвэл маш эрчимтэй, тэсрэлттэй дасгалуудаас гадна суулт, хайчин суулт, таталт зэрэг өгзөгний булчинг маш хурдан хугацаанд чангалах үндсэн дасгалууд энд багтдаг. Мөн кроссфит нь бусадтай (найз нөхөд, гэр бүл эсвэл зүгээр л танихгүй хүмүүстэй) өрсөлдөж өөрийнхөө хүч чадлыг сорих боломж олгодог" гэжээ.

Хичээл хэрхэн явагддаг вэ?

Ерөнхийдөө кроссфитийн нэг удаагийн хичээл ойролцоогоор цаг хагас үргэлжилдэг бөгөөд үргэлж сунгалтын дасгалаар бэлтгэлээ эхэлдэг. "Сунгалтын дасгал хийгээгүй тохиолдолд булчин болон үе мөчөө гэмтээх өндөр эрсдэлтэй байдаг учраас хайхралгүй өнгөрөөж болохгүй. Кроссфитийг суулт, төрөл бүрийн суниалт, таталт, өргөлт зэрэг өөрийн биеийн жингээ ашиглан хийж болох янз бүрийн дасгалуудаар эхлэх хэрэгтэй" гэж Reebok брэндийн төлөөлөгч хэлсэн юм.

"Хамгийн гол нь эхэн үедээ бүх дасгалуудыг дасгалжуулагчийн хараа, хяналтан доор хийх ёстой. Эс бөгөөс та гэмтэл авах аюултай. Дасгалжуулагч хүн бүрийн онцлогт тохирсон, хүнд, хөнгөн, дунд үе шаттай хөтөлбөрүүдийг боловсруулах үүрэгтэй" гэж тэрээр нэмж ярьлаа.

Ямар хүмүүс хичээллэхэд тохиромжгүй вэ?

Кроссфит хүн бүрт тохиромжтой фитнессийн төрөл биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Тодруулбал, зүрх судасны өвчтэй (тэр тусмаа артерийн даралт өндөртэй), бэртэл, гэмтэлтэй, мөн эвэрхий, нурууны мурийлт, үе шохойжилт, артит, артроз зэрэг нуруу нугас, үе мөчний өвчтэй хүмүүс кроссфитээр хичээллэж болохгүй. Мөн хүүхэд, өсвөр насныхан болон ахмад настнууд зөвхөн дасгалжуулагчтай xичээллэж болно.

Buro.Mongolia

2017-09-04, 18:00

  • Зураг: