Планкийг хэдэн минутын турш хийсэн тохиолдолд үр дүн гарах вэ?

Таны төсөөлснөөс богино хугацаанд

Планк нь биеийн үндсэн булчингуудыг чангалж, тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлдэг маш олон талын ашиг тустай дасгал юм. Үүнээс гадна энэхүү дасгалыг хийхэд маш бага цаг хугацаа зарцуулдаг бөгөөд гэрийн нөхцөлд хийхэд тохиромжтой гэдгээрээ давуу талтай. Планк хийх концепци нь ч их энгийн. Биеэ нэг шугамд, суниах гэж байгаа мэт байрлалд, тодорхой хугацаанд хөдлөлгүй барих хэрэгтэй байдаг. Гэхдээ хүмүүс энэхүү дасгалыг хийх арга барилыг сайн мэддэг хэрнээ ямар хугацаанд хийхэд хамгийн үр дүнтэй байдаг талаар төдийлөн ойлголтгүй байдаг билээ.

Тэгвэл SoHo Strength Lab клубын үүсгэн байгуулагч, хоол ба фитнессийн мэргэжилтэн Альберт Матенигийн хэлснээр планкийг өдөр бүр хийж болох ч хугацаа нь 10 секундээс эхлээд дээд тал нь нэг минут хүртэл үргэлжлэх нь хамгийн тохиромжтой байдаг гэжээ. Жишээлбэл 60 хүртэлх секундээр гурван удаагийн давтамжтай планк хийх нь асар хурдан хугацаанд биеийн булчинг чангалж өгдөг аж. Харин хамгийн чухал зүйл нь биеийн төгс байрлалыг авч сурахад оршдог гэж тэр нэмж хэлсэн юм.

Гэхдээ хэрэв та илүү богино хугацаанд планк хийхийг хүсвэл 10 секунд дасгалаа хийж, 5-10 секунд завсарлаж болох юм. Энэ байдлаар дасгалыг 3-6 удаа давтсан тохиолдолд зогсолтгүй 60 секунд планк хийсэнтэй ижил үр дүнд хүрдэг гэдгийг Нью-Йорк хотын PhilanthroFIT фитнесс төвийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Даг Склар онцолсон байна.

Мөн өөрийгөө хүчилж хэт удаан хугацаагаар планк хийж болохгүй гэдгийг Матени анхааруулсан юм. Хэрэв та нэг минутаас дээш хугацаанд планк хийж байгаа бол биеэ сайн "чагнах" хэрэгтэй гэж тэр ярилаа. Учир нь планкийг хэтрүүлж хийснээр нуруундаа хэт их ачаалал өгч, гэмтэл авах нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Эцэст нь энэхүү дасгалыг зөв байрлалд, нэг минут хүртэлх хугацаанд (гурван удаагийн давтамжтай) хийсэн тохиолдолд бүтэн биеийн булчин чангарч, гайхалтай үр дүнд хүрдэг гэж Даг Склар онцоллоо.

Buro.Mongolia

2017-09-21, 15:00

  • Зураг: