Фитнесс клубийн бичигдээгүй дүрмүүд
Хөл хорио суларч фитнесс төвүүд нээгдсэнтэй холбоотойгоор олон хүн эргээд gym-дээ явахаар бүртгүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл өөрийн болон бусдын ая тухыг алдагдуулахгүйн тулд мөрдөх хэрэгтэй спорт заалны бичигдээгүй дүрмүүдийг танилцуулж байна.
Хориглоогүй ч дэмждэггүй. Танд өөрт тань тухгүй, ариун цэврийн хувьд ч зохисгүй мэдрэмж төрүүлнэ. Дасгал хийж байгаа тохиолдолд мэдээж хөлөрнө. Будагтай нүүр хөлрөхөөр юу болохыг төсөөлж байгаа биз дээ? Эрчимтэй дасгал хөдөлгөөн нь бие организмын бодисын солилцоог эрчимжүүлдэг бөгөөд энэ нь арьсанд ч нөлөөлдөг. Цусны эргэлт хурдсаж, хөлсний булчирхайнууд идэвхжиж, арьсны нүх сүв нээгддэг. Хэрвээ бэлтгэлийн өмнө арьсаа цэвэрлээгүй тохиолдолд нүүрний будаг нүх сүвэнд нэвтэрнэ.
Мэдээж хэрэг ингэх хэрэггүй. Дээр дурдсанчлан дасгал хийх үеэр бодисын солилцоо түргэсэж, хөлс эрчимтэй ялгардаг учир халсан бие, норсон арьсан дээр сүрчигний үнэр өөрчлөгдөж бүр тааламжгүй болон хувирах өндөр магадлалтай. Үүнээс гадна дэргэд тань дасгал хийж байгаа хүн хурц үнэр, сүрчигний харшилтай байж болох учраас хувцас солих өрөөнд хүртэл хурц үнэртэй косметик бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөж байна.
Хориглоогүй ч дэмждэггүй. Гар утас тань таныг дасгалын үйл явцад бүрэн төвлөрөхөд саад хийнэ. Хэрвээ та дасгалжуулагчтай хичээллэдэг бол дуудлага хүлээн авч, зурвасаа шалгахын тулд утсаа оролдох нь бүр ч бүдүүлэг. Харин танд 24/7 утастайгаа байх зайлшгүй шаардлагатай бол фитнесс клубийн босгыг давмагцаа ядаж л утасныхаа дууг унтраах хэрэгтэй. Энэ дүрэм хувцасны өрөөнд ч үйлчилнэ.
Селфи хийхэд фитнесс клубийн толь төгс тохирох ч өөрийнхөө зургийг авахдаа бусад хүмүүс зурагт тань орохгүй байхад анхаараарай. Ялангуяа хувцас солих өрөөнд зургаа авч байгаа бол энэ дүрэм бүр ч их хамаатай.
Энэ бол дасгалын үеэр заавал мөрдөх хэрэгтэй дүрэм. Ус нь сэрүүцүүлж, алдагдсан шингэнийг нөхөж, бодисын солилцоог идэвхжүүлж, булчингаас сүүн хүчлийг гадагшлуулдаг. Тусгай усны сав худалдан авч, зааланд ирэхдээ заавал авчирч заншаарай.
Заавал ингэх хэрэгтэй. Дасгалын төхөөрөмжүүдийг ашигласныхаа дараа арчих нь үргэлж соёлтой хүний шинжид тооцогдож байсан бол 2020 он үүнийг заавал мөрдөх ёстой дүрэм болгон хувиргасан. Тиймээс төхөөрөмжүүдийг ашиглахынхаа өмнө болон дараа нь заавал арчиж хэвшээрэй.
Заавал мөрдөх ёстой. Шинээр хичээллэж эхэлж байгаа хүмүүс ихэвчлэн энэ дүрмийг мэддэггүй. Хэрэглэсэн гантель, резин, дэвсгэр болон бусад эд зүйлсийг заавал байсан байранд нь хураах ёстой гэдгийг санаарай. Штангын дискүүдийг ч мөн үйлчлүүлэгчид өөрсдөө хураах хэрэгтэй.
Хориглоогүй ч дэмждэггүй. Хамаг учир зөвхөн соёлтой занд ч оршиж байгаа юм биш. Бэлтгэлээс хоцорсноор та зөвхөн дасгалжуулагч болон бусад үйлчлүүлэгчдийг сатааруулаад зогсохгүй бэлтгэлийн үйл явцад ч саад хийнэ. Дасгал бүр өөрийн гэсэн хатуу дэс дараалалтай байдаг. Сунгалтын дасгал нь үл тоомсорлож болохооргүй чухал үүрийг гүйцэтгэдэг.
Сунгалт нь мэдрэлийн системийг ачаалалд бэлдэж, биеийг халааж, булчин болон үе мөчийг бэлэн байдалд оруулдаг. Групп хичээлд хоцрох нь таныг бэлтгэлийн энэхүү чухал үйл явцыг алгасахад хүргэнэ. Хувийн дасгалжуулагчтай бэлтгэл хийж байгаа тохиолдолд та хоцорсноороо зөвхөн багшийн төдийгүй өөрийнхөө цаг, мөнгийг дэмий үрж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
Дэмжихгүй. Хамгийн үр дүнтэй, сүүлийн үеийн дасгалын хөтөлбөрт хүртэл дасан зохицох хугацаа хэрэгтэй байдаг. Хэрвээ та хөтөлбөрийнхөө ядаж 75%-д суугаагүй бол үр дүнгийн талаар ярих нь утгагүй юм. Тиймээс танд өвдөлт, гэмтэл тухгүй байдал мэдрэгдээгүй л бол олон дахин дасгалын стратегийг солихыг зөвлөхгүй.
Энэ дүрэм хувийн дасгалжуулагчийн сонголтод ч хамааралтай. Дасгалжуулагч мэргэжлийн хүн хэдий ч түүнд ч бас таныг илүү сайн таниж, амьдралын тань хэв маяг, бие организмын төлөв, хүсэж буй үр дүн, дасгал хийх техникийг тань дүгнэх цаг хугацаа шаардлагатай. Энэ бүх мэдээллийг цуглуулж байж л танд тохирох хамгийн үр дүнтэй программыг сонгож чадна. Төгс хувилбараар бол та эхлээд спортын эмчид хандаж, оношилгоо хийлгэж, бие организмын байдлаа тодорхойлуулсны дараа шинжилгээний хариугаа дасгалжуулагчдаа барьж очих хэрэгтэй. Үүнийг харсныхаа дараа дасгалжуулагч тань зөвхөн танд зориулсан хөтөлбөр боловсруулж өгөх учиртай.
Хамгийн чухал дүрэм бол "Дасгалжуулагчтайгаа ярилц!". Өөрийн хүлээлт, мэдрэмж, айдас гээд бүх үйл явцаа хуваалцах хэрэгтэй.
Үүнийг хэрэгжүүлэхийг дэмждэг. Өнөөдөр зай барих нь заавал авах хэрэгтэй арга хэмжээнүүдийн нэгт тооцогдож байгаа ч ер нь л бусдын хувийн орон зайг хүндлэх нь үргэлж бичигдээгүй дүрэм байсаар ирсэн. Тэгвэл фитнесс клуб, групп дасгалуудын үеэр ингэх нь аюулгүй байдлыг давхар сахиж байгаа явдал юм. Жишээ нь та гартаа хүнд төхөөрөмж барьсан үедээ хэн нэгнийг цохихгүй байхын тулд зайтай байх хэрэгтэй. Харин шалан дээр дэвсгэр дэвсэн хичээллэх хэрэгтэй болбол тусгайлан бэлдсэн хэсэгт дасгалаа хийгээрэй. Фитнесс төв бүрт хүмүүсийн хөл хөдөлгөөн ихтэй хэсгүүд байдаг бөгөөд энэ хэсэгт хэн нэгний замд саад болохгүй байхыг хичээгээрэй.
Зориулалтын бэлтгэлийн хувцастай дасгалаа хийгээрэй. Энэ дүрэм юуны түрүүнд таны тав тухад хамааралтай. Танд дасгал хийхэд юу ч саад болох учиргүй. Тиймээс хувцас болон гутал тань хөнгөн, агаар чөлөөтэй нэвтрүүлдэг, чийг гадагшлуулдаг, бас хөдөлгөөнд саад болдоггүй байх ёстой.
Алчуурыг зориулалтынх нь дагуу ашиглаарай. Заримдаа бэлтгэлийн дараа хэрэглэсэн алчуураа шүршүүрт орохдоо газар дэвсэх, тэр ч бүү хэл гутлын алчуур болгон хувиргах тохиолдол харагддаг. Энэ бол байж боломгүй зүйл. Мэдээж бүх алчуурууд бэлтгэл болон шүршүүрийн дараа ариутгалд ордог ч бусдын хөдөлмөрийг хүндэлж, эрүүл ахуйн наад захын дүрмийг дагах нь чухал.
Саунд арома тоснууд ашиглах хэрэггүй. Сауны халаагч элементүүд нь тос болон бусад төрлийн шингэнийг ашиглахаар бүтээгдээгүй байдаг учраас зүгээр л ажиллахаа больдог.
Хувцас солих өрөөнд юм идэх хэрэггүй. Хувцасны өрөөнд байгаа бусад хүмүүст таны авчирсан хоолны үнэр таатай санагдахгүй байж мэднэ. Үүнээс гадна фитнесс клубийн кафед тусгай фитнесс хоолны цэс хүртэл бий шүү дээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт