Виктория Бекхэм хэрхэн хооллож, ямар дасгал хийдэг вэ: Алимны цуу, авокадо, кардио

Нэрт дизайнерын өгч буй зөвлөмжүүд

Өдгөө 47 настай загвар зохион бүтээгч, дөрвөн хүүхдийн ээж Виктория Бекхэмийн нэрийг дуулах бүрт толгойд өөрийн эрхгүй эрүүл амьдралын хэв маяг, толигор, үрчлээсгүй гэрэлтсэн арьс, спортлог бие галбиртай эмэгтэй буудаг. Түүнийг эрүүл хоол хүнс хэрэглэж, спортоор хичээллэхдээ багагүй цагийг өнгөрүүлдгийг та бүхэн сайн мэдэх биз ээ. Тэгвэл бид энэ удаад нэрт дизайнерын мөрддөг хоолны дэглэм болон хийдэг дасгал хөдөлгөөнийх нь талаар дэлгэж байна.


Хооллолт

Өглөөний цай

Виктория өглөө бүр цайгаа уухаасаа өмнө заавал хоёр хоолны халбага алимны цуу, нимбэгтэй халуун ус уудаг болохоо ярьсан байдаг. Дараа нь тэрээр чиа үр, улаан өнгийн жимс жимсгэнэ, бүйлс самрын сүүтэй “bowl” бэлтгэж иддэг бөгөөд кофегоо алгасдаггүй гэнэ. Ийм төрлийн хоол нь Викториягийн өглөө бүр хийж заншсан хоёр цагийн дасгал хийхэд нь эрч хүч өгдөг байна. Мөн тэрээр заримдаа алим, киви, нимбэг, бууцай, брокколи, чиа үртэй смүүти хийж уух дуртай гэдгээ дурдаж байсан юм. 

Авокадо

The Telegraph сонинд өгч байсан ярилцлагадаа Виктория өдөр болгон авокадо иддэг тухайгаа хэлж байжээ. Учир нь авокадо ханаагүй өөх тос, Е витамин болон хөгшрөлтийн эсрэг антиоксидантаар баялаг билээ.

Хооллолтын гол дүрмүүд

“Хэрэв та өөрийн бие галбирыг улам сайхан болоосой гэж хүсдэг бол бие организмдоо илүү сайн хандах хэрэгтэй” хэмээн Виктория өөрийн хоолны дэглэмийнхээ талаар хэлж байсан удаатай юм. Түүнчлэн тогтмол дасгал хөдөлгөөн хийх, зөв хооллох сахилга бат нь түүнийг илүү аз жаргалтай болгодог гэж The Guardian сонинд ярьжээ. Виктория хоол хүнсэндээ төрөл бүрийн ногоо хэрэглэх дуртай нэгэн юм. Тэр дундаа брокколи, шош, вандуй зэргийг яргай загастай хамт идэхийг илүүд үздэг билээ. Мөн түүний өөр нэгэн баримталдаг дүрэм бол сүү болон бяслагийг огт хэрэглэхээ больсон байна.


Дасгал хөдөлгөөн

Виктория түүний хувийн дасгалжуулагч болох Трейси Андерсонтой долоо хоногийн зургаан өдөрт хоёр цагаар спортоор хичээллэдэг. Тэрээр гэрт нь байдаг гүйлтийн зам дээр 45 минутын турш гүйж, мөн дээшээ өсөлттэй горим дээр алхдаг байна. Ингэснээр нийт долоон км туулдаг гэнэ. Харин үлдсэн хугацаанд Виктория дасгалжуулагчтайгаа 30 минут хөлийн булчин хөгжүүлэх дасгал хийж, үлдсэн хугацаанд нь гар болон цээжний дасгал хийдэг байна. Дизайнер өөрийн Instagram хуудаснаа “Намайг Трейси Андерсонтой есөн жилийн өмнө Гвинет Пэлтроу танилцуулснаас хойш бид одоог хүртэл хамтдаа хичээллэж байна” хэмээжээ.

Хөл хорионы үеийн дасгал

Виктория мөн хувийн дасгалжуулагчийнхаа хийсэн бичлэгийг нийтэлж "Та бүхнийг гэртээ байхдаа дагаад хийгээсэй гэж хүссэндээ би өөрийн хийдэг дасгал хөдөлгөөнийг харуулсан энэхүү бичлэгийг нийтэллээ” гэсэн юм . Тус бичлэг нь гарны булчинг чангаруулах зориулалттай дасгалуудтай бөгөөд 0.5 кг төмөр ашигласан харагдана. Түүнчлэн Трейси цоглог хөгжим тавьж идэвхтэй дасгалаа эхлүүлэхийг зөвлөсөн юм. Гэрт тань байгаа гар доорх тоног төхөөрөмжүүдийг ашиглан дасгалаа хийх боломжтой тул нэрт дасгалжуулагчийн зааварчилгааг анхааралдаа аваарай. Бусад хөлийн болон хэвлий хэсэгт зориулсан дасгалуудыг Викториягийн Instagram хуудасны IGTV бичлэгүүдээс олох боломжтой.

Buro.Mongolia

2021-10-14, 10:39