Технологийн шинэ дэвшлүүд, инновацаараа үргэлж манлайлж байдаг Apple компани программ хөгжүүлэгчдэд зориулсан Worldwide Developers Conference чуулганаа 2024 оны зургаадугаар сарын 10-наас 14-ний хооронд зохион байгуулахаар болсон билээ. Үүнтэй холбогдуулан тэд 2024 оны сүүлээр нээлтээ хийх төлөвтэй байгаа iOS 18 үйлдлийн системд нэмэгдэх шинэ функцүүдээс хэрэглэгчдэдээ танилцуулсан юм. Тус танилцуулгад багтсан шинэчлэлүүд нь ихэвчлэн хиймэл оюун ухаан дээр суурилсан, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хэрэглэгч нарын хэрэглээг хялбарчлах зориулалттай гэдгээрээ олон нийтийн анхаарлыг ихээхэн татаад байгаа аж.
Ингээд iOS 18 үйлдлийн системд нэмэгдэх сонирхолтой шинэчлэлүүдтэй танилцана уу.
Энэхүү функц нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар iPhone болон iPad зэрэг ухаалаг төхөөрөмжүүдээ харцаараа удирдах боломжийг хэрэглэгчдэд олгож байгаа юм. Тус шинэчлэлийг идэвхжүүлэхийн тулд ямар нэгэн төхөөрөмж, дагалдах хэрэгсэл нэмэлтээр худалдан авах шаардлагагүй бөгөөд iOS 18 үйлдлийн систем албан ёсоор нээлтээ хийх үед ухаалаг төхөөрөмждөө шинэчлэл хийж, settings цэсэд байрших dwell control функцийг идэвхжүүлснээр хэрэглэгч гараар үйлдэж болох бүх төрлийн үйлдлийг зөвхөн нүдээрээ удирдах боломжтой болох аж.
Танилцуулгын үеэр Apple компани илүү хүртээмжтэй хэрэглээг нэвтрүүлэх зорилгоор сонсголын бэрхшээлтэй хэрэглэгч нарт зориулан Music Haptic хэмээх шинэчлэлийг толилууллаа. Энэхүү функцийг идэвхжүүлснээр хэрэглэгчид дуу хөгжмийн өнгө аяс, хэмнэлийг товшилт, чичиргээний тусламжтайгаар мэдрэх боломжтой болох бөгөөд мөн тус шинэчлэлт нь зөвхөн Apple Music платформ дээрх бүтээлүүд дээр идэвхжин ажиллах аж.
Автомашинд явж байх үед утас удаан хугацаанд ширтэхэд толгой өвдөх, дотор муухай оргих зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Харин Apple компани тус асуудлыг шийдсэн Vehicle Motion Cues функцийг нэвтрүүлэхээр болжээ. Хэрэглэгч ухаалаг төхөөрөмжөө ашиглан машинд зорчиж байхдаа ямар нэгэн зүйл уншвал дэлгэцийн ирмэг дээр хөдөлгөөнт цэгүүд үүсэх ба энэ нь хэрэглэгчийн уншиж байгаа зүйлд саад болохгүйгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний өөрчлөлт буюу эргэлт, донсолгоо зэргийг мэдэгдэж, анхааруулах аж. Энэхүү функц нь iOS 18 үйлдлийн систем нээлтээ хийх үед автоматаар ухаалаг төхөөрөмжүүдэд идэвхжих болно. Хэрэв хэрэглэгчдэд уг функцийн хэрэгцээ үүсэхгүй гэж үзвэл гар утасныхаа control center цэсэд хандан унтраах боломжтой юм.
Мөн тэд voice memo transcribing буюу аудио хэлбэрийн файл, яриаг бичвэр болгож буулгадаг шинэ үйлдлийн системийг нэвтрүүлэхээр зорьж буйгаа мэдэгдлээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт