Ердөө наймхан сарын өмнө, 2015 оны арванхоёрдугаар сард Facebook өөрийн "шууд дамжуулалт"-ын горимыг санал болгож байсан билээ. Анх зөвхөн АНУ-ын нутаг дэвсгэр дээр, сонгогдсон буюу томоохон брэнд, дэлгүүрүүдэд "туршиж" байсан энэ үйлчилгээ одоо хүн бүхэнд нээлттэй болсон. Тэгвэл 2016 оны долоодугаар сарын 18-ны байдлаар Facebook дэлхийн 1,65 тэрбум хүнд шууд видео бичлэг дамжуулсан гэж Bloomberg мэдээллэж байна. Энэ бол дэлхийн олон зуун телевиз, цахим мэдээллийн хэрэгслүүдэд үй олон өрсөлдөгч гарч ирлээ гэсэн үг юм. Тэгэхээр одоо ухаалаг төхөөрөмжтэй, Facebook дээр ямар нэгэн хуудас хөтлөдөг хэн ч гэсэн жижиг хэмжээний үйл явдлыг нийтийг хамарсан "шуугиан" болгон хувиргах боломжтой болсон. Facebook-ийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг энэхүү шууд дамжуулалтыг хүн болгон хэрэглэж болно гэдгийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-нд зарлахдаа "Та одоо хаана ч байлаа гэсэн найзуудтайгаа хамт байгаа юм шиг байж чадна" гэж хэлсэн юм.
Гэвч ухаалаг утсанд суурилсан шууд дамжуулалтын хувьд Facebook анхдагч байгаагүй бөгөөд Twittert суурилсан Periscope нэртэй үйлчилгээ бий. Бид Periscope-ийн үүсгэн байгуулж, 100 сая долларын гэрээ хийж чадсан Кэйвон Бэйкпороос яриа авч, та бүхэнд хүргэж байсан тул шууд дамжуулалт ямар ач холбогдолтой болох талаар та эндээс илүү дэлгэрэнгүй уншиж болно.
Ерөнхийдөө "live video"-г юунд зориулж ашиглах нь хэрэглэгчийн хүсэл, бас ухамсраас шалтгаална. Зарим хүмүүс улс төрийн "скандал" үүсгэх зорилгоор илүү их туршиж байхад нөгөө хэсэг нь өөрийнхөө хийж буй амтат хоолыг бусаддаа үзүүлэхийг хүсч байгаа. Харин ёс зүйн болоод хууль ёсны хувьд "live video" хийх боломж хүн бүхэнд нээлттэй байх нь хэр зохимжтой вэ гэдэг асуудал дээр дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, хуульчид, нийгмийн сайн сайхны төлөө байгууллагууд одоо хүртэл маргалдсаар байна.
Ямар ч байсан өнгөрсөн хугацаанд "live video"-г хэрэглэсэн 1,65 тэрбум хүмүүс дотроос Монголчууд ч үүнийг багагүй үр дүнтэйгээр ашиглаж амжжээ. Зарим хүмүүс Наадмын нээлтийг бусаддаа хүргэж байхад хамтлаг, дуучид Хөвсгөлд болж буй хөгжмийн фестивалийн уур амьсгалыг ирж амжаагүй хүмүүст сонирхуулсан. Цаашдаа ч амьдрал дээр сонирхолтой үйл явдал олон тохиолдож, бид түүнийг зурагтаар биш харин Facebook-р хүлээн авч үзсээр байх биз ээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт