Бичсэн үгсийг тань зураг болгон харуулах программуудтай танилцаарай
Технологийн үсрэнгүй хөгжлийн дэвшилтэт ололтуудын нэг бол хиймэл оюун ухааны салбар мөн билээ. Уран зөгнөлт кино, зохиол, видео тоглоомд хүний бүхий л үйл ажиллагааг хиймэл оюуны тусламжтайгаар автоматчилсан нийгмийг дүрсэлсээр зарим хүнд технологиос айх айдас (technophobia) хүртэл бодитоор үүсээд байгаа юм. Нэн ялангуяа бүтээлч салбарууд болох уран зураг, кино, хөгжим зэрэгт хиймэл оюун ухааны ололтууд аль хэдийн нэвтрээд байгаа нь технофобик хүмүүсийн санааг ихэд зовоодог ч угтаа энэ нь уран бүтээлчийг цоо шинэ орон зайд бүтээл туурвихад туслах хэрэгсэл төдий байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй ажээ.
Ойрын үед текстийг зурган хэлбэрт хөрвүүлэгч программууд олны анхааралд өртөж байгаа билээ. Хэрэглэгчид зөвхөн зугаацахаас гадна аливаа арга хэмжээний постер зураг, байгууллагын лого, дизайны шийдлүүд зэргээр хүссэн өгөгдлөөрөө зуруулах, мөн санаа авах нь элбэг байгаа юм. Мөн зарим программ нь зурсан зургийн өмчлөх эрхийг хэрэглэгчид бүрэн олгодог тул NFT бүтээх хэрэгсэл болгон ашиглах тохиолдол олон гарч байна.
Midjourney нь текст хэлбэрийн дүрслэлээс зураг үүсгэдэг программ юм. Одоогоор туршилтын шатандаа явж байгаа ч олон хэрэглэгч, судлаачдад өндрөөр үнэлэгдээд байгаа программ билээ. Их Британийн The Economist сэтгүүлийн зургаадугаар сарын 11-ний дугаарын нүүр зургийг Midjourney ашиглан хийсэн байна. Тус программыг ашиглахын тулд та тэдний бүтээсэн Discord дээрх серверт холбогдсон байхад л болох юм.
Элон Маскийн хамтран үүсгэн байгуулсан OpenAI компанийн DALL-E болон DALL-E 2 загвар Midjourney-тэй мөн төстэй байдлаар төрөлх хэлнээс зураг руу хөрвүүлдэг. Уг төслийн олон нийтэд нээлттэй хувилбар болох DALL-E mini буюу Craiyon-ий сайтад зочилсноор та хүссэн зүйлээ хоёр минут хүртэлх хугацаанд зуруулах боломжтой юм. Хөгжүүлэгчид deepfake шиг худал мэдээлэл түгээхэд ашиглагдах эрсдэлээс сэргийлж хүний царайг танигдахааргүй байдлаар дүрсэлж байсан нь интернэтийг шуугиулж олон хүний инээдийг барсан meme болоод байсан билээ.
DALL-E гэдэг нэрийн хувьд Pixar-ын “WALL-E” анимейшн болон зураач Сальвадор Дали нарын нэрсийг нийлүүлж бүтсэн ажээ.
StarryAI нь Altair буюу зүүд мэт абстракт, эсвэл Orion буюу бодит юм шиг байдлаар дүрслэх сонголттой. Бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд утсан дээрээ аппликейшн татаж, эсвэл шууд компьютероос өгөгдлөө оруулан зуруулах боломжтой юм.
Текстийг зураг хэлбэрт хөрвүүлэх дээрх сонирхолтой программууд олон нийтийг шуугиулж, хиймэл оюуны хэмжээ хязгаарын талаарх хэлэлцүүлгүүд өргөн хэмжээнд өрнөж байна. Хэдийгээр магтмаар ололт мөн хэдий ч уг сэдэвтэй холбогдолтой асуудлууд яригдсаар байгаа юм. Тухайлбал, илэрцүүд хүйсийн хувьд тэнцвэргүй байдаг, эсвэл хуурамч мэдээлэл түгээх зэрэг буруу замаар ашиглах боломжтой байгаа гэхчлэн ёс зүйн асуудал, мөн төрөлх хэлний эмх цэгцгүй, бүрэн томьёолох боломжгүй мэт онцлог тал тодорхой хэмжээнд бэрхшээл болж байна. Одоогоор өөр хэд хэдэн компаниуд ижил төстэй төслүүд дээр ажиллаж байгаа бөгөөд гол зорилт нь хүн төрөлхтний бүтээлч сэтгэлгээний хязгаарыг тэлэхэд оршин буйг онцолж байгаа юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт