Naughty Dog студи болон CMON хэвлэлийн газрын хамтарсан бүтээл
Naughty Dog студи "The Last of Us" адал явдалт аймшгийн видео тоглоомоос сэдэвлэсэн хөлөгт тоглоом бүтээх гэж байгаа талаар Twitter хуудсаараа дамжуулан зарласан байна. Одоогоор тоглоом яг хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй байгаа юм.
"Бид 'Bloodborne' компьютерын тоглоомоос сэдэвлэсэн хөлөгт тоглоом болон 'God of War' хөзрийн тоглоомыг бүтээсэн CMON студийн авьяаслаг хамт олонтой 'The Last of Us'-ын хөлөгт тоглоом бүтээхээр хамтран ажиллах болсноо зарлахад таатай байна. Мөн бид 'The Last of Us' видео тоглоомын ертөнц болон баатруудыг хөлөгт тоглоомын форматад хувиргаж байгаадаа маш их баяртай байгаа. Хөлөгт тоглоомыг аль хэдийнэ хөгжүүлээд эхэлсэн бөгөөд цаг нь ирэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг та бүхэнтэй хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна" гэж Naughty Dog студийн албан ёсны вебсайтад бичжээ.
The Last of Us is coming to tabletop! Announced ahead #TheLastofUsDay, we’re excited to share that we’re teaming up with @CMONGames to develop a board game based on The Last of Us. Learn more here: https://t.co/FDEKR48HFf pic.twitter.com/gyi326QCiT
— Naughty Dog (@Naughty_Dog) September 25, 2020
Энэ нь "The Last of Us" видео тоглоомоос сэдэвлэсэн цорын ганц төсөл биш юм. Тодруулбал өнгөрсөн зургаадугаар сард "Чернобыль" цувралын уран бүтээлчид "The Last of Us" видео тоглоомын цуврал киног бүтээнэ хэмээн мэдэгдэж байсан билээ.
"The Last of Us" видео тоглоом нь анх 2013 онд худалдаанд гарч байсан бол Naughthy Dog студи энэ зун тоглоомын хоёрдугаар хэсгийг танилцуулсан юм. Тоглоомын үйл явдалд кордицепс нэртэй мутацид орсон мөөгөнцөр халдвар тарааж, зомбитой төстэй шинэ төрлийн мангасуудыг үүсгэдэг. Тоглогчид энэхүү цар тахлаас 20 жилийн дараах постапокалиптик Америкт амьд үлдэх хэрэгтэй болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт