Йогийн фестиваль ба дижитал детокс аяллууд хөгжмийн наадмын үзэгчдийг булааж байна
Амралт, аяллын салбар улам бүр зальтай болж, хэт өндөр үнэтэй хөтөлбөрүүдээс татгалзан энгийн зүйлс дээр тулгуурлан мөнгө олох болжээ. Жишээ нь зарим байгууллагууд хүмүүсээс ухаалаг утсыг нь хураан авч, тэднийг ойн модонд авчран үүнийгээ "дижитал детокс аялал" хэмээн нэрлэж байна. Эсвэл нуурын эрэг дээр йогийн матрасс дэвсэн "оюунлаг фестиваль" (mindfulness) зохиож байгаа харагдана. Мөн яг л Канье Уэстийн адил олон нийтийн сүлжээнээс түр гарч, ууланд групп аялал хийх сонголтыг тэд олгож байна. Харин ийм төрлийн арга хэмжээнүүд рестиваль (rest буюу амрах гэсэн утгатай англи үгнээс гаралтай) гэх шинэ нэр томьёо авсан юм. Рестивалийн гол зорилго нь хөгжмийн фестиваль ба Netflix-ийн цуврал гэх зэргийн нэгэн хэвийн зугаа цэнгэлээс татгалзаж, мөн хамгийн гол нь олон нийтийн сүлжээнээс холдоход оршино. Рестиваль нь ямар нэг технологи ба төхөөрөмж ашиглахгүйгээр хүмүүсийг нэг дор цуглуулдгаараа онцлогтой билээ.
Рестивалиуд Coachella хөгжмийн наадамтай өрсөлдөх боломжтой
Рестивальд оролцож буй хүмүүс Аризонагийн зэлүүд газарт эко майхан засаж, бясалгал хийж, дуу чимээгээр энергиэ "цэвэрлэж", органик хоол зооглохын зэрэгцээ биодинамик дарс уудаг. Энд амрах хугацаандаа оролцогчид ямар ч тохиолдолд ухаалаг утсаа ашиглаж болохгүй гэсэн цорын ганц дүрмийг мөрдөх ёстой юм. Тэр ч бүү хэл амрагчдын байрлаж буй бааз "Free Wi-Fi" бус "Wi-Fi Free" гэсэн нөхцөлтэй бөгөөд хүмүүс цуврал үзэхийн оронд нар жаргахыг харж, ухаалаг утсаа оролдохын оронд керамик эдлэл урлаж, йогийн хичээлд сууна. Гэхдээ ийм төрлийн рестивальд оролцохын тулд хүмүүс 3,000 доллар төлөх шаардлагатай болно. Түүнчлэн Аризона дахь энэхүү рестивалийн хүлээлгийн жагсаалтаас харахад уг арга хэмжээ нь маш өндөр эрэлттэй байдаг бололтой шүү.
Эрүүл мэнд, сувиллын "wellness" салбар жил тутам 20%-иар өсдөг бол өнөөдөр олон улсын "wellness" зах зээл 3,7 их наяд доллараар үнэлэгдэж байна (энэ нь эм зүйн салбараас бараг гурав дахин их юм). "Wellness" фестивалиудын зах зээл тун удахгүй Coachella болон бусад хөгжмийн наадмуудтай өрсөлдөх бүрэн боломжтой болно. "Бидэн руу энгийн Coachella биш, харин үүнээс илүү том зүйлийг хүсдэг, тэнцвэртэй бөгөөд оюунлаг амралтын эрэлд гарсан хүмүүс ханддаг" гэж Wanderlust нэртэй Америкийн хамгийн том йогийн фестивалийн үүсгэн байгуулагч Шон Хоэсс ярилаа.
Шон Хоэссын бодлоор "Coachella" хөгжмийн наадмын зочид ойрын ирээдүйд рестивалийн боломжит зах зээл болон хувирах аж. Эдгээр хүмүүс өнөөдөр Лана дель Рей, Канье Уэст нарын хөгжим дээр бүжиглэж болох ч маргааш тэд илүү "оюунлаг" фестивалийг хүсэх болно. Америкийн Wanderlust фестиваль 2017 оны төгсгөлд нийт 100,000 тасалбар худалдсан байхаар төлөвлөсөн аж. Тиймээс тэд Coachella-гийн амжилтад (200,000 тасалбар худалдсан) хүрэхэд тун ойрхон явж байна.
Маркетингийн урхи уу эсвэл үнэхээр ашиг тустай юу?
Рестивалийн өсч буй эрэлт нь маркетингийн мэргэжилтнүүдэд сайхан "өгөөш" болж байна. Жишээ нь Америкийн Wanderlust рестивалийн ивээн тэтгэгчийн багц 35,000 долларт хүрдэг. Мөн автомашин, хувцас, спорт, косметикийн брэндүүд ч бас рестиваль зохион байгуулж байна. Тухайлбал, Inditex группын Oysho марк рестивалийг PR хэрэгсэл болгон ашигладаг юм. Тус брэнд Милан ба Барселон хотуудад тус бүрд нь 3,000 хүнтэй йогийн сургалт зохион байгуулжээ. Түүнээс гадна Америкийн Lululemon марк SeaWheeze Festival гэх нэртэй өөрсдийн гэсэн рестиваль зохиодог байгаа. Уг рестивалийн хүрээнд зохион байгуулагддаг "Sunset Yoga in the Park-Beer fuelles dancing in the dark" гэх уриатай үдэшлэгийн тасалбар 32 минутад зарагдаж дуусдаг гэнэ.
Global Wellness Istitute-ийн судалгаагаар рестивалиудад 18-34 насны хүмүүс буюу шинэ мянганыхан хамгийн идэвхтэй оролцдог гэнэ. Тэд бол хамгийн нийтэч бус үеийнхэнд тооцогддог хүмүүс юм. Тиймээс олон нийтийн сүлжээнээс гадуур, өөр байдлаар хүнтэй танилцахыг хүсвэл рестивалийн баазад ганцаараа ирэх хэрэгтэй гэж зохион байгуулагчид зөвлөдөг байна. "Бид утасны сүлжээгүй байсан учир бие биенээ Google-ээс хайх боломжгүй байлаа" гэж Их Британийн Vogue сэтгүүлийн редактор рестивальд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцжээ.
Түүнчлэн шинэ мянганыхан ("Y" үеийнхэн ч гэж нэрлэгддэг) дижитал технологиос хамгийн их хамааралтай хүмүүст тооцогддог. Зарим нэг эх сурвалжуудын үзэж буйгаар технологийн донтолтоос салах хамгийн шилдэг арга бол цахим ертөнцөөс хол групп үйл ажиллагаанд оролцох явдал юм. Үүнд йог, бясалгал, керамик эдлэлийн сургалт хамрагдана. Эсвэл зүгээр л өөр хүмүүстэй биодинамик дарс шимж цагийг зугаатай өнгөрөөж болно. Дашрамд дурдахад рестиваль өндөрлөсний дараагаар сүүлийн таван өдрийг хэрхэн өнгөрүүлснээ Facebook, Instagram гэх зэрэг олон нийтийн сүлжээнд бичих хүсэл төрөхгүй бол та хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн хэмээн тооцдог байна.
Ингээд бид есдүгээр сар хүртэл зохиогдох гурван рестивалийг танилцуулж байна
Wanderlust, Вена, наймдугаар сарын 20
Австрийн Вена хотод зохиогдох энэхүү спорт арга хэмжээнд таван км гүйлт, йог, бясалгал болон олон арван wellness сургалтууд багтана. Уг рестиваль нь нийт 5,000 гаруй оролцогчтой юм.
Рестивальд оролцох үнэ: 35 евро
Eat, Pray, Move, Апули, есдүгээр сарын 24-30
Италийн Апули хотод зургаан хоногийн турш зохиогддог уг арга хэмжээ нь "оюунлаг" амралт ба гедонизм буюу амьдралын чин хүслийг өөртөө хослуулдаг байна. Тухайлбал хөтөлбөрт бясалгал, йогийн хичээл, дарс ба Итали хоолны амталгаа багтдаг юм. Зохион байгуулагчид энэхүү рестивальд найз нөхөдгүйгээр, ганцаараа ирэхийг зөвлөдөг аж.
Рестивальд оролцох үнэ: 2,900 еврогоос эхэлнэ
Дижитал детокс рестиваль, Аризона, есдүгээр сарын 14-19
Энэхүү рестиваль нийт таван хоног үргэлжлэх бөгөөд өдөр бүр 30 гаруй үйл ажиллагаа зохион байгуулдаг. Зохион байгуулагчид ийм ачаалалтай байдлаар хүмүүсийг ухаалаг утаснаас нь холдуулдаг аж. Оролцогчид үүр цайхад хайкинг, өглөөний йог, бясалгал хийдэг бол өдрийн хоолны дараа театрын дугуйлан, амьдрах ухаанд суралцах хөтөлбөрт хамрагдаж, мөн NASA-гийн сансрын нисгэгчтэй уулзалт хийдэг байна. Харин унтахынхаа өмнө спа салонд орж, ил галын дэргэд хооллож, навахо ардын дуу сонсох боломжтой билээ. Мэдээж рестивалийн баазад ухаалаг утас, таблет, зөөврийн компьютер ашиглахыг хориглоно.
Рестивальд оролцох үнэ: 1,800 доллараас эхэлнэ
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт