2018 онд ноёрхох солонгосын гоо сайхны трендүүд
K-beauty зааварчилгаa
Минимал нүүр будалт ба тод улаан өнгийн уруул
Минимал гэж хэлж байгаа ч үнэн хэрэгтээ ийм төрлийн нүүр будалт хийхийн тулд багагүй хичээл зүтгэл шаардагдана. Юуны түрүүнд арьсаа хөнгөн атлаа чийглэг суурь крем эсвэл кушионоор бүрхэж, нүүрнийхээ гол хэсгийг маш жижиг ширхэгтэй гялалзсан нунтгаар тодруулаад өгөөрэй. Үүний дараагаар хамрынхаа нурууны хоёр тал болон эрүүний хоёр талд зөөлөн контуринг хийн нүүрнийхээ хэлбэрийг тодотгох хэрэгтэй.
Харин нүдээ цайвар бор саарал эсвэл зэвний бүүдгэр улаан шаргал өнгөөр хөнгөн будаж, тениэ нүднийхээ гадна буланд төвлөрүүлэхийг зөвлөж байна. Мөн контур ашиглан нүдээ бага зэрэг тодруулж болно. Ингэхдээ сормуустайгаа аль болох ойр будаж, үл мэдэгдэх нарийн зураас зураарай. Эцэст нь сормуусаа будаж, урууландаа тод улаан будаг түрхэнэ.
Эрдэнийн чулуун өнгөтэй смоки будалт
Үдшийн болзоо, хүлээн авалт ба арга хэмжээнд зориулж 2018 онд нүдээ сонгодог бор биш, харин цэнхэр ба нил ягаан өнгийн туяатай, ид шидийн аястай, эрдэнийн чулуу санагдуулам смоки будалтаар тодотгоорой. Их хэмжээний тень түрхэх шаардлагатай энэхүү будалтыг хийхдээ суурь кремээ хамгийн эцэст нь тавихыг бид зөвлөх байна. Будалтаа нүднээсээ эхэлж, зовхиндоо нил ягаан ба цэнхэр туяатай тениудыг хооронд нь уусгаж, бараанаас цайвар руу зөөлөн шилжүүлэн будах хэрэгтэй. Мөн хөмсөгний доод хэсгийг цайвар бор саарал өнгийн гялалзсан тениэр highlight хийвэл нүд илүү гүн харагдаж, тодрох болно.
Тениэ түрхсэний дараагаар цэнхэр-хар өнгийн контураар нүдээ хүрээлж, хөмсгөө будаарай. Харин арьсаа хөнгөн эсвэл дундаж нягтшилтай суурь кремээр хөнгөн бүрхэж, шанааны яс ба хацартаа үл ялиг контуринг хийж болно. Мөн мэдээж хэрэг нүүрнийхээ товх хэсгүүдэд гялалзсан цайвар хайлайтер түрхэж, эрүүл, дотроосоо гэрэлтсэн төрх бий болгоорой.
Бүхэлдээ тоорын өнгөтэй нүүр будалт
Тоорын өнгө нь ямар ч туяатай арьсанд сайхан зохидог том давуу талтай учир Солонгосчууд 2018 онд энэ өнгийн тусламжтайгаар нэгэн жигд будалт хийхийг санал болгож байна.
Арьсаа аль болох хөнгөн бүтэцтэй суурь кремээр бүрхэж, байгалийн төрх бий болгох нь энэ будалтад хамгаас чухал. Тоорын зөөлөн пастель, эсвэл үүнээс бага зэрэг бараан тоорын туяагаар хацраа өнгөлж, нүдээ тодотгож, уруулаа будах нь таныг яг л gym-нээс гарч ирсэн мэт эрүүл, гэрэлтсэн харагдуулна. Хамгийн гол нь будагнуудынхаа өнцгүүдийг сайтар уусгаж өгөх хэрэгтэйг мартуузай. Энэ будалтыг хийхдээ нүүрний бүх хэсэгт түрхэж болох тосон бүтэцтэй тинт сонгох нь хамгийн оновчтой сонголт байх болно.
Дөнгөж шүршүүрээс гарч ирсэн мэт чийглэг, гэрэлтсэн арьс
Солонгосчуудын дунд гэрэлтсэн, чийглэг арьс эртнээс тренд болж ирснийг та бүгд сайн мэдэх биз ээ. Гэхдээ 2018 онд энэ тренд нь илүү байгалийн аястай болж, яг л дөнгөж шүршүүрээс гарч ирсэн мэт төрх давамгайлах болно. Үүний тулд та хайлайтерын тусламжтайгаар хийгддэг стробинг аргачлалд суралцах хэрэг гарна.