Хайх

Сүүлийн үед гоо сайхны салбарт тэргүүлж буй 10 найрлага

Сүүлийн үед гоо сайхны салбарт тэргүүлж буй 10 найрлага

Гоо сайхны толь бичиг

Text: Buro.Mongolia



Сүүлийн үед гоо сайхны салбарт тэргүүлж буй 10 найрлага (фото 1)

АЗЕЛАКИЙН ХҮЧИЛ

Энэхүү бодисыг өөрөөр мөн дикарбоксилын хүчил гэж нэрлэдэг ба улаан буудай, арвайд их хэмжээгээр агуулагддаг. Азелаикийн хүчил нь үрэвслийг намдааж, арьсыг гуужуулах үйлчилгээтэй юм. Үүгээр ч зогсохгүй тус найрлага нь нөсөө толбо болон хар батганы эсрэг тэмцэж, антиоксидантын үйлчилгээ үзүүлнэ. Харин эмзэг арьсанд чиглэсэн бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг азелаикийн хүчил нь улайлтыг багасгадаг байна. Ерөнхийдөө үрэвсэл, нөсөө толбо зэрэг асуудлуудтай арьсанд хэрэглэхэд тохиромжтой. 


Сүүлийн үед гоо сайхны салбарт тэргүүлж буй 10 найрлага (фото 2)

АСКОРБИЛ ГЛЮКОЗИД

С витамин буюу аскорбины хүчлийн шинэ төрөл юм. Аскорбил глюкозидын хамгийн гол онцлог нь антиоксидантын үйлчилгээ үзүүлдэгт оршдог бөгөөд арьсанд харшлалгүй коллагены нийлэгжилтийг дэмжиж, нөсөө толбо, сорив зэргийг мэдэгдэхүйц бүдгэрүүлж, үрэвслийг багасгаж, арьсны ерөнхий бүтцийг жигд болгоно. Аскорбил глюкозидыг түлхүү арьс залуужуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдэд нэмдэг.


Сүүлийн үед гоо сайхны салбарт тэргүүлж буй 10 найрлага (фото 3)

БАКТЕРИЙН ЛИЗАТУУД

Бактерийн лизатууд гэж яг юу болохыг ойлгохоосоо өмнө эхлээд арьсны микробиомын талаар ойлголттой болох нь зүйтэй болов уу. Микробиом гэдэг нь хүний арьсан дээр үргэлж байдаг төрөл бүрийн бактери, нян, вирус гэх мэт бичил биетнүүдийг нэрлэдэг. Харин тэдгээр “муу” болон “сайн” бичил биетнүүдийн хэмжээний тэнцвэр алдагдсан тохиолдолд арьсны ерөнхий байдал муудаж эхэлдэг. Жишээ нь, арьсны хамгаалалтын бүрхүүлийн үйл ажиллагаа алдагдаж, хуурайшиж, хэт эмзэг болж, үрэвсэж эхэлдэг. Харин тус тэнцвэрийг эргэн сэргээхийн тулд лизатууд хэрэг болдог. Учир нь лизатууд нөхөн төлжүүлэх үйлчилгээ үзүүлж, арьсны дархлааг сэргээж, хамгаалалтын бүрхүүлийг бэхжүүлдэг юм.


Сүүлийн үед гоо сайхны салбарт тэргүүлж буй 10 найрлага (фото 4)

БАКУЧИОЛ

Сүүлийн үеийн хамгийн “It” байгаа веган найрлагуудын нэг бол бакучиол билээ. Бакучиол нь “psoralea corylifolia” буюу бабчи модноос гаргаж авдаг антиоксидант бөгөөд Хятад болон Энэтхэгийн Аюурведийн анагаах ухаанд арьсыг тайвшруулж, шархыг эдгээх зорилгоор ашиглагдсаар ирсэн. Харин сүүлийн үед тус найрлага нь ретинолыг орлох байгалийн, ногоон, илүү зөөлөн хувилбар гэдгээрээ танигдаад байгаа юм. Тодруулбал, бакучиол нь зөөлөн бүтцийнхээ ачаар энгийн, хуурайгаас эхлээд эмзэг арьстай хүмүүст хүртэл тохиромжтой билээ. Мөн экзем, псориаз, дерматитын эмчилгээнд ашиглах боломжтойгоос гадна үрэвслийг намдааж, арьсыг бат бөх болгоно. Бакучиол агуулсан бүтээгдэхүүнүүд ихэвчлэн 30+ насны үйлчилгээтэй болон “anti-pollution” гэсэн тэмдэглэгээтэй байдаг.


Сүүлийн үед гоо сайхны салбарт тэргүүлж буй 10 найрлага (фото 5)

КАКАДУ ЧАВГА

Какаду нэртэй чавга нь Австрали улсаас гаралтай бөгөөд уг ургамлын үр нь С витаминаар маш баялаг байдаг. Тус чавга нь ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Какаду байгалийн цэцэрлэгт хүрээлэнд ургадаг байна. Хүчтэй антиоксидант тул арьсыг хэт ягаан туяанаас хамгаалж, арьсны исэлдэлтийн явцыг бууруулж, хөгшрөлтийн үйл явцыг удаашруулна.


Сүүлийн үед гоо сайхны салбарт тэргүүлж буй 10 найрлага (фото 6)

ОГНОО ЖИМС

Огноо жимсний хандаар арьсны улайлт, үрэвсэл зэргийг эмчлэхэд тохиромжтой байдаг. Тууштай хэрэглэсэн тохиолдолд арьсны өнгө мэдэгдэхүйц сэргэж, улайлт, батгашилт арилна.


Сүүлийн үед гоо сайхны салбарт тэргүүлж буй 10 найрлага (фото 7)

УСНЕЯ

Арьс арчилгааны бүтээгдэхүүний найрлагад “Usnea Barbata Extract” гэсэн бодис орсон байх юм бол энэ нь уснея хагны ханд гэж ойлгож болно. Уснея төрлийн хаг нь түлхүү шилмүүст модод ургадаг ойгоос олддог бөгөөд шарх эдгээж, өвчин намдаах үйлчилгээтэй гэдгээрээ танигдсан усник хүчил агуулдаг алдартай бодис юм. Тиймээс голчлон үрэвсэл, батгашилттай арьсанд зориулагдсан бүтээгдэхүүнүүдийн найрлагад ордог.


Сүүлийн үед гоо сайхны салбарт тэргүүлж буй 10 найрлага (фото 8)

ФЕРУЛИЙН ХҮЧИЛ

Ферулийн хүчил нь хүчтэй антиоксидантуудын нэг бөгөөд хөгшрөлтийн эсрэг үйлчилгээгээрээ шилдэг нь гэхэд хилсдэхгүй. Нөсөө толбыг арилгаж, үрэвсэл болон улайлтыг намдааж, арьсны ДНХ-г гэмтээж коллаген болон эластины задралыг хэт хурдасгадаг чөлөөт радикалуудтай тэмцдэг. Тус найрлагыг нарны тос, хөгшрөлтийн эсрэг болон нөсөө толбо, улайлттай тэмцэх үйлчилгээтэй арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд ашигладаг.


Сүүлийн үед гоо сайхны салбарт тэргүүлж буй 10 найрлага (фото 9)

ЦАНГИС ЖИМСНИЙ БИОПЕПТИДҮҮД

Энэхүү найрлагыг Vaccinium macrocarpon төрлийн цангис жимсний үрээс гаргаж авдаг байна. Голчлон хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн найрлагад ордог билээ. Үрчлээстэй тэмцэж, арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлж, арьсны гаднах давхарга буюу эпидермисийн хамгаалалтын үйл явцыг дэмждэг онцлогтой.


Сүүлийн үед гоо сайхны салбарт тэргүүлж буй 10 найрлага (фото 10)

ЦЕРАМИД

Церамидыг хүний бие махбод байгалиасаа боловсруулдаг бөгөөд эпидермисийн 50 орчим хувийг бүрдүүлдэг байна. Энэ нь арьсыг гаднын нөлөөнөөс хамгаалж, чийгийг түгжих үндсэн үүрэгтэй бөгөөд нас ахих тусам тус бодисын хэмжээ багасаж байдаг юм. Тиймээс арьс арчилгааны мэргэжилтнүүд нас ахих үедээ церамидыг нэмэлтээр хэрэглэхийг зөвлөдөг.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх