Гоо сайханчаас асуусан нь: Онгоцонд нисэхдээ гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж болох уу?
Мэргэжилтнүүдийн үзэл бодол хуваагдлаа
Онгоцны суудал дээр тухлан суун, газраас 9-10 мянган метрийн өндөрт нисэж байх зуур бидний арьс гүн хямралд орж эхэлдгийг та мэдэх үү? Гэхдээ энэ нь нислэгийн үеэр улаан дарс уух, эсвэл далайн гаралтай хөнгөн зууш идэхтэй огтхон ч холбоогүй. Үнэндээ онгоцонд байх үед бидний арьсыг ганцхан зүйл л зовоодог. Тэр нь чийгшлээ алдсан агаар юм.
Орчин тойрны чийгшил 50%-тай байх нь хүний бие организм ба арьсанд хамгийн тохиромжтой байдаг. Гэтэл онгоц доторх агаарын чийгшил 10%-аас дээш гардаггүй. Энэ нь бараг элсэн цөлийн орчин тойрноос ялгагдахааргүй тоо баримт юм. Тэгэхээр нислэгийн үеэр бидний арьс юуны түрүүнд эрчимтэй чийгшлээ алдаж эхэлдгийг мэдэж авах нь зүйтэй. Харин үүний хажуугаар мөн косметик бүтээгдэхүүн хэрэглэсэн бол бидний арьстай юу тохиолддог бол? Онгоц дотор нүүрний будаг арьсыг авардаг болов уу эсвэл эсрэгээрээ хордуулдаг болов уу?
Артем Лейман, Buro Beauty салоны микро мэс засалч, хөгшрөлтийн эсрэг эмчилгээний мэргэжилтэн
Олон цагийн турш үргэлжлэх нислэгийн өмнө нүүр будалт хийхгүй байх нь зүйтэй. Онгоц доторх агаар маш хуурай бас агааржуулалтад автсан байдаг тул суурь крем арьсны нүхийг бөглөж, амьсгалах боломжгүй болгодог. Нислэгийн үеэр чийгшүүлэх маск эсвэл наалт хэрэглэж байхыг би өөрийн зүгээс зөвлөх байна. Ингэснээр онгоцны огцом өөрчлөгдөх даралтын нөлөөнд автаж, хямарсан байсан таны арьс амарч, сэргэх болно.
Елена Хавкина, гоо заслын "Арт-клиника" эмнэлгийн гоо сайханч
Онгоцонд нисэж байх үедээ косметикийн бүтээгдэхүүн ашиглаж болно. Ихэнх гоо сайхны брэндүүд чийгшүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд гаргадаг шүү дээ. Ялангуяа "ВВ" эсвэл "СС" кремүүд найрлагадаа чийгшүүлэх орцоос гадна мөн нарнаас хамгаалах шүүлтүүр, эрдэст хэсгүүд болон арьсыг залуужуулах бодис агуулж байдаг тул хамгийн тохиромжтой нь байдаг. Ийм зэргийн олон талын функцтэй бүтээгдэхүүнүүд таны арьсыг огтхон ч гэмтээхгүй, харин ч эсрэгээрээ бүр хамгаалах увьдистай байдаг юм.
Сормуусны будгийг харин хэрэглэхгүй байхыг зөвлөх байна. Гэхдээ хэрвээ та олон нийтийн газраар будаггүй явах дургүй нэгэн бол ус нэвтэрдэггүй сормуусны будгийг сонгоорой. Ингэснээр таны будаг унтаж байх зуур чинь үйрч, хатсан хэсгүүд нүд рүү орж, нүдэнд цочрол үзүүлэхгүй байх болно.
Онгоцны хуурай бас агааржуулалтад автсан агаар арьсанд маш муугаар нөлөөлдөг. Тэрхүү орчинд арьс огцом чийгшлээ алдаж, хуурайшиж эхэлдэг. Тэгэхээр нисэхээсээ өмнө гиалуроны хүчлээр баялаг серум хэрэглэж, дараагаар нь чийгшүүлэх үйлчилгээтэй, арьсыг агаарын өөрчлөлтөөс хамгаалах чадвартай тос түрхэх хэрэгтэй.
Хэрвээ та маш олон цагийн турш нисэх төлөвлөгөөтэй байгаа бол (дөрвөөс дээш цаг) арьсаа илүү сайн бэлтгэх шаардлагатай. Нислэг товлогдсоноос 3-7 өдрийн өмнө арьс сэргээх гоо сайхны процедурт хамрагдаж, нислэгийн үеэр хуурайшихаас нь сэргийлээрэй. Түүнээс гадна мөн нүд бас хамрын салст бүрхэвчийг мартаж болохгүй. Нүдэндээ корнерегель гэх мэт сэргээх үйлчилгээтэй дусаагуур, харин салст бүрхэвчдээ далайн устай цацлага хэрэглээрэй. Нислэгийн үеэр мөн уух юмандаа сайн анхаарах нь зүйтэй. Чихэрлэг, хийжүүлсэн ундаануудыг түр хойш нь тавьж цэвэр ус эсвэл улаан лоолийн шүүс уугаарай.
Наталья Алексеевна Бут, "Клазко" эмнэлгийн гоо сайханч
Аливаа нислэг арьс ба судсанд үргэлж муугаар нөлөөлж, гүн хямралд оруулдаг. Бидний зөөлөн сайхан арьс нислэгийн үеэр хуурайшиж, хатуу болж эхэлдэг. Нислэг удаан байх тусам доторх агаарын үр нөлөө арьсанд илүү хүндээр тусдаг. Онгоцны агаар гаднаас орж ирэлгүй, харин дотроо эргэлдэж байдгийг санах хэрэгтэй шүү.
Нислэг эхлээд дөнгөж нэг цаг өнгөрөхөд л арьс хуурай эмзэг бас цочромтгой болон хувирдаг. Тухайлбал пудр арьсыг улам их хуурайшуулж, өө сэвийг нь тодотгож эхэлдэг. Уруулын будаг хүртэл чийгшлээ барьж дийлэх боломжгүй болж, уруул хагардаг. Тиймээс буруу сонгосон косметикийн бүтээгдэхүүн арьсыг бүр их хуурайшуулж, тууралт үүсэх аюул авчирдаг юм. Гэхдээ та нүүрээ будалгүйгээр гэрээс гарч чаддаггүй нэгэн бол доорх хэдэн хялбар дүрмүүдийг анхааралдаа аваарай.
Хийж болно:
1. Нүүрээ будахаасаа өмнө арьсандаа байж болох хамгийн гүн үйлчилгээтэй чийгшүүлэгч маск, гиалуроны хүчилтэй серум ба тос түрхэх.
2. Чийгшүүлэх үйлчилгээтэй шингэн эсвэл тосон бүтэцтэй суурь крем хэрэглэх.
3. Нислэгээсээ өмнө урууландаа тэжээлийн тос түрхэж, нислэгийн үеэр мөн давхарлан түрхэх.
4. Тосон бүтэцтэй хацар өнгөлөгч хэрэглэх.
Хийж болохгүй:
1. Хуурай нунтаг пудр хэрэглэх.
2. Нунтаг бүтэцтэй нүдний тень хэрэглэх.
3. Тогтоц муутай, үйрэмтгий контур хэрэглэх.
Тэгэхээр мэргэжилтнүүдийн өгсөн хариултаас дүгнэлт хийхэд нэгдүгээрт онгоцонд косметикийн бүтээгдэхүүн хэрэглэж болох ч, аль болох хэрэглэхгүй байсан нь бидний арьсанд ээлтэй. Хоёрдугаарт нүүрээ будсан будаагүйгээс үл хамааран, нислэгээсээ өмнө арьсандаа заавал ч үгүй чийгшүүлэгч маск тавьсан байх хэрэгтэй. Гуравдугаарт сормуусны будаг аль болох хэрэглэхгүй байж, нүд аргуу оргисон тохиолдолд хэрэг болох дусаагуур хажуудаа бэлдэж тавих нь зүйтэй. Дөрөвдүгээрт арьсандаа маш их хайртай нэгэн нислэгийн үеэр чийгшүүлэх үйлчилгээтэй наалт, нүдний маск тавьж болно. Гэхдээ таны маск маш хурдан хатчихвал бүү гайхаарай. Онгоц доторх агаар үнэхээр хуурай байдаг. Тавдугаарт онгоцонд нисэхдээ заавал ч үгүй суурь крем түрхэх шаардлагатай байгаа бол энгийн биш, харин ВВ крем сонгоорой.