Хэрхэн нойтон эффекттэй үсний засалт бүтээх вэ?: Стилистүүд зөвлөж байна
Нойтон эффекттэй үсний засалт нь улаан хивсний ёслол, фестиваль, загварын шоуны тайзнаа үзэгдэх нь элбэг. Тэр дундаа 2024 оны Met Gala-гийн дараа усанд норсон мэт энэхүү загварчилгаа нь моданаас гарах болоогүй гэдгийг баталсан билээ. Тиймээс бидний зүгээс нойтон эффекттэй үсийг бие даан хийх аргачлалын талаар хүргэхээр бэлтгэлээ. Тус засалт нь халуунд, хүйтэнд, бороотойд, чийглэг уур амьсгалд гээд орчин “голдоггүй”, эмзэг биш тогтвортой гэдгээрээ давуу талтай юм.
УСНААС ДӨНГӨЖ ГАРЧ ИРСЭН МЭТ
Усанд сэлчхээд гарч ирэхэд үс нороод хүндэрчихсэн, хүзүү дагаад наалдчихсан, заримдаа усны урсгал шиг долгионтой хэлбэрт орчихсон байдаг биз дээ? Энэ төрлийн үсний засалт богино үстэй хүмүүст нэн тохиромжтой. Жишээ нь, модель Айрис Лоу уснаас гарч ирээд самначихсан мэт, аль эсвэл зиг заг хэлбэрт оруулчихсан юм шиг засалт хийх дуртай. Харин урт үстэй хүмүүс хүзүүний зүүлтийн тусламжтай үснийхээ үзүүрийг хүзүүтэйгээ ойр байлгаж, наалдсан юм шиг эффектийг үүсгэх боломжтой юм.
МЭРГЭЖЛИЙН СТИЛИСТ ДМИТРИЙ АБРАМОВИЧИЙН ЗӨВЛӨГӨӨ
Энэхүү эффект нь үсний онцлог, урт болон өнгөнөөс шалтгаалан харилцан адилгүй байдлаар үүсэх боломжтой гэдгийг сануулъя. Ийнхүү үсний засалтаа бага зэрэг нойтон, чийглэг үсэн дээр хийж эхэлнэ. Ингэхдээ барьцалдуулдаг гель болон уян хатан байдал, нойтон чанарыг бий болгодог тосоо ижил хэмжээтэйгээр холино. Дараа нь үүнийгээ хуйхнаасаа эхлээд түрхэж үсээ аль зүгт, хэрхэн унжуулмаар байгаагаас шалтгаалан доош самнана. Хэрэв үсээ илүү хөдөлгөөнтэй болгохыг хүсвэл тосноосоо нэмээрэй.
Анхааруулга: энэхүү стайлинг нь арьстай наалдах, эсвэл хувцсанд хүрэн толбо үлдээх боломжтой гэдгийг санаарай.
Санал болгох бүтээгдэхүүн
Гель, Ollin professional style.
Тос, Tigi bead heas
ДОЛГИОТСОН ХЭЛБЭРТЭЙ
Энэ бол нойтон эффекттэй засалтын бага зэрэг хүндрүүлсэн хувилбар нь билээ. Ингэхдээ бага зэргийн долгионтой, цагариган хэлбэртэй, аль эсвэл духнаас хацар хүртэл үргэлжилсэн гээд төрөл бүрээр загварчлах боломжтой. Түүнчлэн лусын дагинын хэв маяг эрэлттэй хэвээр байгаад улбаалан үсээ шигтгээ, сувдаар чимэглэж, аль эсвэл тус гоо зүйд тохирсон аксесуар зүүж үсний засалтаа илүү амилуулаарай.
МЭРГЭЖЛИЙН СТИЛИСТ АЛИСА КАЗАКОВАГИЙН ЗӨВЛӨГӨӨ
Энэ төрлийн засалтыг богино үсэн дээр хийхийн тулд юун түрүүнд хэрэглэх ёстой бүтээгдэхүүнээ сонгох хэрэгтэй. Үүнд мусс, хэлбэржүүлэгч зуурмаг, тосон вакс гэхчлэн бүтээгдэхүүн багтах бөгөөд хэрэглэж байх явцдаа аль нь үсний тань онцлогт тохирохоо мэдэж авах боломжтой. Тэгэхээр эхний арга болох мусс хэрхэн хэрэглэхийг зааж өгье. Муссээ хэт нойтон, эсвэл хуурай биш чийглэг үсэн дээрээ түрхэнэ. Дараа нь гараараа тарааж хүссэн хэлбэрээ үүсгэнэ. Үүнийгээ жижиг хавчаараар тогтоогоод хэлбэржсэнийх нь дараа авбал илүү үр дүнтэй. Харин тосон вакс нь үсийг хэлбэржүүлэхийн сацуу хэт барьцалдуулдаггүй хөдөлгөөнтэй байлгадгаараа онцлог. Тус бүтээгдэхүүнийг нарийн ширхэгтэй, шингэн, зөөлөн төрлийн үстэй хүмүүст зөвлөдөг бол өтгөн, буржгар үсэнд хэлбэржүүлэгч гель илүү үр дүнтэй юм.
Үсээ ерөнхийд нь хэлбэржүүлсний дараа урд талын үснүүдээ долгионд оруулах цаг ирлээ. Үүний тулд шүдний сойз, эсвэл хөмсөгний сам ашиглах боломжтой. Дийлэнх үсний стилистүүд хэлбэрээ гаргасны дараа лак цацдаг бөгөөд энэ нь тогтцыг нэмэгдүүлэхэд тусална. Хэрэв лак байхгүй бол толгойгоо алчуураар нямбай гэгч нь боогоод бүлээн сэнс үлээлгэн хатааж мөн болдог ажээ.
Санал болгох бүтээгдэхүүн
Спрей, Tigi Bed head
Хэлбэржүүлэгч зуурмаг, Tigi bed head
Тосон вакс, Concept
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт