Хайх

Мэргэжлийн эмчийн зөвлөгөө: Хамраас ам руу чиглэсэн үрчлээсийг багасгах дасгалууд

Мэргэжлийн эмчийн зөвлөгөө: Хамраас ам руу чиглэсэн үрчлээсийг багасгах дасгалууд

Text: Buro.Mongolia


Нүүрний мэдрэлийн булчингийн нөхөн сэргээлтийн мэргэшсэн эмч, психофизиологич, “Ревитоника” байгалийн нөхөн сэргээх эмнэлгийн үүсгэн байгуулагч Анастасия Дубинская зөвлөж байна.

Мэргэжлийн эмчийн зөвлөгөө: Хамраас ам руу чиглэсэн үрчлээсийг багасгах дасгалууд (фото 1)

Хамар болон аман тус газар бол нүүрний хамгийн идэвхтэй хэсэгт тооцогддог. Бид зажлах, инээх, ярих зэрэг хөдөлгөөнүүдийг хийхэд нүүрний булчин ачаалж байдаг бөгөөд нас ахиж арьс чийг, коллеганаа алдах тусам үрчлээс үүсч эхэлдэг. Тэгвэл үүссэн үрчлээсийг ямар нэг аппаратын шаардлагагүй, мэсийн бус аргаар багасгах боломжтойг Анастасия онцоллоо.


Хамраас ам руу чиглэсэн үрчлээс үүсэх шалтгаанууд

Шалтгаан 1

Нүүрний бүтцийн анатомийн онцлог (тухайлбал, хүнхэр хацар) болон гажгаас шалтгаалан хамраас ам руу чиглэсэн үрчлээс үүсдэг.

Мэргэжлийн эмчийн зөвлөгөө: Хамраас ам руу чиглэсэн үрчлээсийг багасгах дасгалууд (фото 2)
Мэргэжлийн эмчийн зөвлөгөө: Хамраас ам руу чиглэсэн үрчлээсийг багасгах дасгалууд (фото 3)

Шалтгаан 2

Дараагийн шалтгаан бол амьдралын хэв маяг юм. Огцом жин хаях, стресс, архаг ядаргаанаас үүдэж үрчлээс цагаасаа эрт үүсдэг.

Шалтгаан 3

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, тамхи татах, буруу байрлалтай унтах болон бусад буруу зуршил нь нүүрний булчингийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.

Мэргэжлийн эмчийн зөвлөгөө: Хамраас ам руу чиглэсэн үрчлээсийг багасгах дасгалууд (фото 4)

Анатомийн хувьд тус үрчлээсний дээд, дунд болон доод хэсэг нь бүгд харилцан адилгүй шалтгааны улмаас үүсдэг байна

  • Үрчлээсний дээд хэсэг нь хамрын хажуугийн болон дээд уруулын булчинд гипертонус (булчинг ачаалаагүй байхад ч чангарсан/агшсан байхыг хэлнэ ) үүссэнээр бий болдог.
  • Дунд хэсгийн хувьд шанааны булчингийн үйл ажиллагааны өөрчлөлтөөс үүдэн бий болдог. Өөрөөр хэлбэл, тус хэсэгт спазм үүссэнээр булчингууд агшиж, илүүдэл арьс нь унждаг байна.
  • Доод хэсгийн үрчлээс нь хүзүү, эрүү, доод уруулын булчингийн үйл ажиллагаанд өөрчлөлт орсноор үүсдэг байна.

Таны хамраас ам руу чиглэсэн хэсгийн булчингийн ажиллагаа ямар түвшинд байгааг дараах хялбар тестийг хэрэгжүүлэн шалгаарай:

1. Бүх чадлаараа эрүүгээ доошлуулан амаа ангайн, уруулаа “О” хэлбэрт оруулна.

2. Хамрын хоёр талаас ам руу таталдаж буй хэсгийг гараараа тэмтэрч үзнэ. Хүрэхэд болон харахад зөөлөн, гөлгөр байх ёстой. Харин хатуу бүтэц болон харагдахуйц зурааснууд нь арга хэмжээ авах цаг болсныг илтгэх болно.


Хэрхэн хамраас ам руу чиглэсэн үрчлээсээ багасгах вэ?

Мэргэжлийн эмчийн зөвлөгөө: Хамраас ам руу чиглэсэн үрчлээсийг багасгах дасгалууд (фото 5)

Дасгал 1

  • Амаа хагас ангайж, уруулаа дотогш жимийнэ. Ингэснээр хамраас доош чиглэх хэсэг бага зэрэг сунгагдах болно.
  • Хуруугаа хамрын хоёр талын угалз руу ойртуулж тойрог хэлбэрээр 4-5 удаа массажласны дараа тойрог хөдөлгөөнөө дээш чиглүүлэн хамрын дээд хэсэг хүртлээ (өөрөөр хэлбэл, нүдний доод зовхины харалдаа очих хүртлээ) хийнэ.
  • Дараа нь хамрын дээд хэсэгт байрлаж буй хуруугаа шулуун хөдөлгөөнөөр хамрын угалз хүртэл зөөлөн даралттай доошлуулна.
  • Уг дасгалыг яаралгүй, маш удаанаар хийх нь илүү үр дүнтэй.

Дасгал 2

  • Хамраас ам руу чиглэсэн үрчлээсээ олоод эрхийгээс бусад дөрвөн хуруугаараа үрчлээсний хоёр хажуу талд байрлуулан зөөлнөөр хоёр тийш нь сунгаж татна.
  • Сунгаж татсан хэсгийнхээ төв хэсгийг хэлээрээ дотроос нь түлхэж (үрчлээс үүссэн хэсгээ хэлээрээ түлхэнэ гэсэн үг) 10-15 сек барина.
  • Гараа аваад дасгалыг нөгөө талдаа хийнэ.

Дасгал 3

Энэхүү дасгалыг хийхийн тулд танд нэг энгийн кинезио наалтын зургааны нэгтэй дүйцэхүйц өргөнтэй, 4-5 см урттай хоёр ширхэг кинезио наалт хэрэг болно. Кинезио наалтыг хэрэглэхээс өмнө арьсаа цэвэрлэсэн байхыг анхаарна уу (кремэн дээр наалт тогтдоггүй).

  • Наалтынхаа нэг үзүүрийг хамрын угалзтай ойрхон байршуулж нөгөө үзүүрийг нь дээд уруулын захаас 4-5 мм зайтай параллель байрлалтай хоёр талдаа наана.
  • Кинезио наалтыг 3-8 цагийн турш байршуулах боломжтой.
  • Наалтаа оливын эсвэл нүүрний тосоор тосолж маш удаанаар хуулж авахыг анхаарна уу.

Кинезио наалт гэж юу вэ?

Кинезио наалтыг анх 1970 онд Японы эрдэмтэн Кензо Кейс нь хөдөлгөөнд саад учруулдаггүй хэрнээ суналттай байлгах үндсэн зорилгоор зохион бүтээж байжээ. Магадгүй та волейбол эсвэл дугуйн тэмцээнд оролцож буй тамирчдын нуруу, өвдөг, хэвлий хэсэгт наасан өнгө өнгийн наалтыг анзаарч байсан бол энэ нь кинезио наалт юм. Тус наалтыг тамирчид булчингийн үйл ажиллагаагаа дэмжиж, өвдөлтийг намдаах зорилгоор хэрэглэдэг. Тэгвэл сүүлийн үед кинезио наалтыг үрчлээсний эсрэг, нүүрний хөөлтийг намдаах зэрэг гоо сайхны салбарт өргөнөөр хэрэглэж эхэлсэн юм.


Кинезио наалт нь ямар төрлийн хүмүүст эсрэг заалттай вэ?:

  • Ил шархан дээр наахыг хориглоно. Энэ нь шархыг үрэвсүүлж, бусад хүндрэлүүд үүсэхэд хүргэнэ.
  • Гүн венийн судасны тромбоз (бөглөрөл). Тус наалт нь цусны эргэлтийг болон лимфийн шингэний (биеийн ус, уураг, бактериас бүрдэнэ) хангамжийг сайжруулдаг тул судасны бөглөрөлтэй хүн хэрэглэхийг хатуу хориглодог.
  • Идэвхтэй хорт хавдартай бол. Хорт хавдрын үед цусны хангамжийг нэмэгдүүлэх нь аюултай үр дагавартай байж болзошгүй.
  • Чихрийн шижин. Биеийн аль нэг хэсгийн мэдрэл буурсан үед кинезио наалтын хариу урвалыг анзаарахгүй байх эрсдэлтэй.
  • Харшил. Хэрэв таны арьс дийлэнх төрлийн цавуунд мэдрэмтгий бол эрсдэлээс сэргийлж хэрэглэхээс зайлсхийгээрэй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх