Үсний ботоксын талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ
Хормын зуур үр дүнгээ үзүүлдэг энэ процедур үсний эрүүл мэндэд нөлөөлж чаддаг уу?
"Үсний ботокс" нь хормын зуур үр дүнгээ өгдөг гоо сайхны процедурын ангилалд хамрагдана. Энэ үйлчилгээ нь тариурын аргаар хийгддэг ботокстой ямар ч холбогдолгүй бөгөөд ердөө ижил төрлийн, маш хурдан үр нөлөө үзүүлдэг гэдэг утгаараа ийм нэршил авсан юм. Үсний ботокс хийлгэснээр үс тань илүү бат бөх, гөлгөр, зөөлөн мөн гялалзсан болох учиртай хэмээн үйлдвэрлэгчид амлаж байгаа.
Ботоксын гол онцлог юунд оршдог мөн ямар үсэнд тохиромжтой болох
Энэхүү процедур нь үс угаах, дараагаар нь бага зэрэг хатаах, эцэст нь серум түрхэх гэсэн хэд, хэдэн шатлалаас бүрдэнэ. Серумийн найрлага intra-cylane (интрасилан) гэх үсний холтос руу нэвтэрч, доторх хоосон зайнуудыг дүүргэх чадвартай хагас органик, хагас минерал бодис дээр суурилдаг байгаа.
"Ботокс нь салаалсан үзүүртэй, хуурай ба хугарамтгай, өнгөө алдсан, шингэн, эсвэл хэлбэрт ордоггүй үсэнд илүү тохиромжтой" хэмээн Buro Beauty-гийн үсний стилист ярьж байна.
"Цайвар өнгийн үстэй бүсгүйчүүдэд ботокс нь бас нэгэн том давуу талтай байдаг. Тодруулбал ботокс хийлгэснээр тэд үсний шар туяаг саармагжуулж, илүү байгалийн эффект бий болгодог. Үүнээс гадна ботоксыг үс нь унадаг эсвэл удаан ургадаг хүмүүст зөвлөдөг байгаа. Учир нь ботоксын найрлагад провитамин ба бичил элементүүд гэх зэрэг тэжээллэг бодисууд ордог юм" гэж «Маникюрофф» студийн үсний стилист нэмж хэллээ.
Ботоксын сул талууд ба ямар үсэнд тохиромжгүй болох
Энэхүү процедурын хамаг утга учир эцсийн шатанд илчлэгддэг. Өөрөөр хэлбэл үсчин процедурын эцэст кератин, амино хүчил ба амин дэмээр баялаг лосьон түрхэж, ботоксын үр дүнг "лацаддаг" юм. Ингэхдээ үсчин климазон эсвэл индүү ашиглах шаардлагатай болдог. Кератин гэдэг нь найрлагадаа формальдегид агуулдаг химийн гаралтай бодис бөгөөд формальдегид нь ботоксын үр дүнг илүү удаан барихад тусалдаг байгаа.
Ерөнхийдөө үсний ботокс бол чухал арга хэмжээний өмнө хийж болох, хормын зуур үр дүнгээ өгөх, тун боломжийн нэг удаагийн процедур юм. Ботоксыг гурван сард нэг удаагаас илүү ойр, ойрхон хийж болохгүй. Энэхүү зааварчилгааг баримтлаагүй тохиолдолд үс хуурайшиж, бат бөх байдал ба өнгөө алдах болно.
"Үсээ будсан эсвэл буржгар/шулуун хими хийлгэсэн хүмүүс ботокс хийлгэхдээ сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Хими хийлгэсэн хүний үс ботоксын дараа яг л дэрс шиг болох бол, будагтай үсний хуйх цочролд орно. Мөн жирэмсэн ба хөхүүл хүмүүс ботоксын талаар бодоод ч хэрэггүй. Учир нь энэ нь хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх боломжтой юм" хэмээн Buro Beauty-гийн үсний стилист зөвлөж байна.
"Өнгөцхөн харахад ботоксын ачаар үс гоёмсог бас эрүүл болно. Гэхдээ энэ процедур нь үнэндээ үсийг эмчлэхгүй бөгөөд ердөө л түр зуурын төгс харагдах байдал бий болгодог юм. Хэсэг хугацааны дараа ботоксын шим тэжээлүүд шампунийн хамтаар угаагдаж, найрлага нь бүхэлдээ арилах үед үс хуурайшсан, амьгүй болж үлдэнэ. Ботоксонд зарцуулах мөнгөө бодит эмчилгээ үзүүлж чадах тэжээлийн бүтээгдэхүүнд зориулахыг зөвлөх байна. Гидро кератин, амино хүчил, гиалуроны хүчил, ургамлын ханд ба тос зэрэг нь хамаагүй илүү үр дүнтэй байх болно. Молекулын бага жинтэй, байгалийн гаралтай бодисууд л үсний гүн рүү нэвтэрч, үсийг дотроос нь эмчлэх чадвартай юм шүү" гэж Eliokap салоны үсний эмч хэллээ.