Шивээсний салбарт ямар чиг хандлага ноёрхож байна вэ
Жижиг хэмжээтэй шивээснүүд, шивээс хурдан эдгэхэд тусалдаг наалтууд гээд сүүлийн үеийн чиг хандлагуудын тухайд
Бид нэр хүндтэй мэргэжилтнүүдтэй ярилцаж, яг одоо шивээсний ертөнцөд ямар чиг хандлагууд давамгайлж, ямар шинэ аргачлалууд дэлгэрч байгаа тухайд судалж, мөн бие дээрээ хоорондоо өөр стильтэй шивээс хийлгэх нь зөв эсэхийг тодрууллаа.
Шивээсний чиг хандлага өөрчлөгдөж байгаа нь үнэн ч, олон нийтийн сүлжээ ямар ч зүйлийг тренд болгох чадвартай байдаг
Бусад бүх салбарын адил шивээсний салбарт ч бас тогтмол хувьсаж байдаг чиг хандлага гэж бий. Зарим чиг хандлагууд богино настай байдаг бол, зарим нь мөнхийн сонгодог хэв загвар болон үлддэг. "Тухайлбал Япон улсын соёлыг санагдуулам, эсвэл Америкийн олдскул хэв маягтай шивээснүүд цаг хугацаа болоод чиг хандлагаас үл хамааран үргэлж л сонгодог шийдэл болдог. Түүнчлэн бие дээрээ төрөл бүрийн стильтэй, хоорондоо өөр загвартай шивээс хийлгэх нь үнэхээр догь харагддаг. Зөвхөн нэг л стилиэр дагнана гэсэн дүрэм байхгүй" хэмээн Karamba Tattoo салоны үүсгэн байгуулагч хэллээ.
"Олон нийтийн сүлжээ ямар ч зүйлийг хормын зуур тренд болгон хувиргадаг. Жишээлбэл JonBoy гэх хочтой нэрээ нууцалсан шивээсчин Кендал Женнер ба Белла Хадид нарт шивээс хийснээр нэн даруй хамгийн эрэлттэй шивээсчдийн нэг болсон. Тэрээр маш жижиг хэмжээтэй шивээсээр дагнадаг бөгөөд одоогоор захиалгаа дийлэхгүй ажиллаж байна" хэмээн Faux Pas Tattoo студийн мэргэжилтэн онцолсон юм.
"Би ер нь аливаа чиг хандлагаас татгалзахыг хүсдэг. Ингэснээр би тухайн шивээс эзэндээ хэр зохимжтой байгааг анзаарч, шивээсний чанар дээр төвлөрч чаддаг. Гэхдээ мэдээж шивээс хийдэг мэргэжил нэгт нөхдийгөө ажигладаг байгаа. Надад сүүлд дэлгэрсэн минимализмийн тренд таалагдаж байгаа. Гэхдээ үүний хажуугаар blackwork стильтэй максимализм ч бас гоё шүү" гэж бие даасан шивээсчин Станислава Пинчук хуваалцлаа.
Одоогоор хамгийн том тренд бол минимализм юм
Яг одоо шивээсний салбар урьд өмнөхөөсөө илүү өргөн сонголттой, баялаг байна. Сийлбэрүүд (дундад зууны үеийн ардын урлагийн бүтээл дээр гардаг домогт баатрууд, сүлд болон фреск уран зургууд), дорнын сэдэвтэй зүйлс (луу, загас ба ургамал), усан будаг, геометрийн дүрснүүд, хээ угалз (яг л модон дээр сийлсэн мэт тод зураастай), олдскул (зангуу, гавлын яс, тууз) болон бусад олон чиглэлүүд дэлгэрсэн. Эдгээр бүх стилийг хооронд нь хослуулж болно. Ямар ч дүрэм байхгүй. Хамгийн гол нь эхлээд эскиз зураг гаргаж, бие дээрээ яаж харагдахыг урьдчилан тооцоолох хэрэгтэй.
"Чиг хандлагууд маш хурдан солигдож байна. Шивээсний мэргэжилтнүүд ч бас олон төрлийн стилиэр ажилладаг болоод байна. Нэг бие дээр, тэр дундаа нэг шуу дээр хоорондоо өөр стильтэй шивээс хийлгэж болох уу гэх асуултыг олон хүн тавьдаг. Миний хувьд бол шивээснүүд нэг стильтэй байх албагүй. Харин хамгийн гол нь шивээснуудын байршил их чухал. Шивээснүүд хоорондоо тодорхой хэмжээний зайтай байх учиртай. Мөн шивээснүүдээ заавал нэг мэргэжилтнээр хийлгэх шаардлагагүй. Зарим хүмүүс бие дээрээ шивээсний цуглуулга хийж, өөр мэргэжилтнүүдийн, өөр стильтэй бүтээлүүд цуглуулах дуртай байдаг" хэмээн шивээсчин-зураач Sasha Masiuk зөвлөлөө.
"Манай студи дээр ирж буй хүмүүсийн захиалга болоод Instagram сүлжээн дээр тулгуурлан хэлэхэд яг одоо минимализм ноёрхож байна. Абстракт хэв маяг бүхий маш нимгэн зурааснуудтай, жижиг хэмжээтэй шивээснүүд, төрөлх хэлээрээ санал бодлоо илэрхийлсэн үгс, сонгодог ба контемпорари уран зургуудаас сэдэвлэсэн зургууд, мөн мэдээж хэрэг ургамлууд зэрэг нь одоогоор хамгийн өндөр эрэлттэй байгаа" хэмээн Faux Pas Tattoo студийн мэргэжилтэн ярилаа.
"Яг одоо жижиг хэмжээтэй, мөн болхи хийсэн мэт харагдах авангард загвартай шивээснүүд тренд болсон. Анх харахад ийм шивээсийг ямар ч туршлагагүй мэргэжилтэн хийсэн мэт санагдах ч, энэ чиг хандлага нь хүмүүст их таалагдаж байгаа" гэж Karamba Tattoo салоны мэргэжилтэн нэмж хэллээ.
Шинэ аргачлалууд одоогоор хангалттай туршигдаагүй байна
Зураг шивэх аргачлалаас гадна мөн шинэ төрлийн будагнууд гарч ирж байна. Тухайлбал шөнө гэрэлтдэг, эсвэл өнгөө өөрчилдөг будагнууд гээд. "Би шивээсний ертөнц дахь шинэчлэлтүүдэд бага зэрэг эргэлзээтэй ханддаг. Тухайлбал шинээр дэлгэрээд байгаа цагаан бэх бол үнэхээр хортой. Би бол өөрийнхөө бие дээр хэзээ ч тийм шивээс хийлгэхгүй байсан. Шивээс хийх аргачлалын тухайд ч бас эртнээс шалгагдсан, сонгодог арга нь хавьгүй дээр. Би шивээсний машин ашигладаггүй бөгөөд зөвхөн нэг зүгээр л ажилладаг. Хүмүүс олон жилийн өмнө ийм байдлаар шивээс хийдэг байсан шүү дээ" гэж бие даасан шивээсчин Станислава Пинчук ярилаа.
"Шивээс хийх төрөл бүрийн л аргачлалууд дэлгэрч байна. Тухайлбал сүүлд л гэхэд шивээсийг хурдан эдгээдэг нэгэн наалт гарсан байгаа. Шивээс хийлгэсний дараа тэрхүү наалтыг хэдэн хоногийн турш наахад л хангалттай байдаг. Мөн ямарваа нэгэн харшил үүсгэдэггүй, зөөлөн нөлөөтэй будагнууд ч гарсан" гэж Karamba Tattoo салоны үүсгэн байгуулагч хэллээ.
Шивээс хийх мэргэжилтнээ сонгохдоо анхаарах зүйлс
Ихэнх хүмүүс шивээс хийх мэргэжилтнээ танилуудаараа дамжуулан олдог. "Мэргэжилтнээ сонгохдоо өмнө нь хийж байсан ажлуудыг нь сайтар судалж, бусад хүмүүс дээрх бүрэн дүүрэн эдгэсэн шивээснүүдээр нь дүгнэлт хийгээрэй. Хэрвээ тодорхой нэг мэргэжилтний талаар мэдээлэл олдохгүй байвал алдартай студи ба салонуудыг хайж, хүмүүсийн сэтгэгдэл ба вебсайтыг нь судлаарай. Мөн шивээс хийлгэхээсээ өмнө эхлээд мэргэжилтэнтэйгээ уулзаж, нэг давлагаан дээр байгаа эсэхээ ойлгоорой" хэмээн Faux Pass Tattoo студийн мэргэжилтэн зөвлөж байна.
"Дөнгөж хийсэн шивээсний зураг биш, харин бүрэн дүүрэн эдгэсэн шивээснүүдээр дүгнээрэй. Тэдгээр шивээснүүдийн будаг урссан эсэх, зураас нь хэр тод гарсан, жижиг деталиуд хэр нямбай хийгдсэн зэргийг нь ажиглах хэрэгтэй" гэж Станислава Пинчук нэмж хэллээ.
"Том хэмжээтэй шивээсийг хэдэн цаг, заримдаа хэдэн өдрийн турш хийдэг тул юуны түрүүнд эхлээд мэргэжилтэнтэйгээ уулзаж, сайтар ойлголцох нь их чухал шүү" хэмээн Karamba Tattoo салоны үүсгэн байгуулагч дахин нэг санууллаа.