Хайх

Өвлийн хүнсэнд орох хэрэгтэй таван бүтээгдэхүүн

Өвлийн хүнсэнд орох хэрэгтэй таван бүтээгдэхүүн

Хүйтний улирлын аврал

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Гэртээ, хөнжилдөө нуугдах биш, харин цасан дээгүүр өөдрөг алхахын тулд өвлийн хүнсэндээ хэдэн биед тустай бүтээгдэхүүнүүд нэмэхэд л хангалттай

Шанцай дархлаа сайжруулна

Бид бүгдэд шинэ жил ба зул сарын баярыг санагдуулдаг, өвлийн "хамгийн" гэж хэлж болох амтлагчаа хэрэглээнд оруулах цаг ирлээ. Та өглөөний кофе юм уу цайндаа чимх шанцай нэмснээр тархины үйл ажиллагаа сэргэж, анхаарал төвлөрөл сайжрах болно. Түүгээр ч зогсохгүй шанцай нь C ба A витамин агуулдаг учир дархлаа тань нэмэгдэнэ. Сан-Диегогийн Palomar Pomerado Health Centers-ийн хоол тэжээлийн мэргэжилтэн Халли Эльбингын хэлснээр шанцай халдварын ба мөөгөнцрийн эсрэг бодис агуулдаг тул хоол боловсруулалтыг сайжруулж, халдварт өвчин үүсгэдэг нян ба шимэгч хорхойнуудыг устгадаг гэнэ. Эртний хятад анагаагч нар шанцайг яс хугаралтад ашигладаг байсан бол Энэтхэгт энэхүү амтлагч одоог хүртэл "гоо үзэсгэлэнгийн амтлагч" хэмээн тооцогдож байна. 

Шанцайтай латте-цай уух нь өглөө нойрноос сэргэх нэгэн сайхан арга. Үүний тулд эрл грей цай чанаж, дээр нь бага зэргийн шанцай, цагаан гаа, хар перец мөн цайны халбага агч модны чихэрлэг шүүс болон шар буурцгийн сүү нэмэх хэрэгтэй. Таны өглөө манантай саарал санагдахаа больж, өөдрөг мэдрэмж төрөх болно.

Өвлийн хүнсэнд орох хэрэгтэй таван бүтээгдэхүүн (фото 1)

Чацаргана эсийн нөхөн сэргэлтийг дэмжинэ

Чацарганад агуулагдах витамин C үрэвсэл анагааж, флавоноидууд (витамин P) витамин К-тай хамтарч гэмтсэн эд эсийн нөхөн сэргэлтийг гүйцээдэг юм. The Journal of Nutritional Biochemistry байгууллага нэгэн судалгаа хийж, чацарганын суурьтай витамины капсул арьсны эсийн нөхөн сэргээлтэд нөлөөлдөг болохыг олж илрүүлжээ. Судалгааны үр дүнд чацарганын тос экземийн шинж тэмдгийг арилгаж, тууралтын хэмжээг бууруулснаар гэмтсэн арьсыг сайжруулдаг болох нь батлагдсан аж. Мөн чацарганын үр магни ба кали их хэмжээгээр агуулдаг. Магни нь гэхэд мэдрэлийн долгион дамжуулалтанд чухал хэрэгтэй бол кали нь эрчүүдийн эрүүл мэндэд нэн чухал андроген, тестостероныг үйлдвэрлэдэг юм.

Чацарганыг цайнд нэмж, түүгээр чанамал хийж, компот чанаж, эсвэл жимстэй мөхөөлдөс болгох зэргээр өвлийн урт үдшүүдэд өөрийгөө амттай хэрнээ тустай амттанаар баярлуулаарай.

Өвлийн хүнсэнд орох хэрэгтэй таван бүтээгдэхүүн (фото 2)

Далайн хүнстэй харьцуулбал Цалуу (Фейхоа) жимсэнд илүү их йод агуулагддаг

National Health and Nutrition Examination Survey-гийн дагуу фейхоад 50-аас 100 мг йод агуулагддаг гэнэ. Эмч нар энэхүү ногоон витаминыг бамбайн булчирхайн найлзуурхайн өвчин туссан хүмүүс хүнсэндээ түлхүү хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөж байна. Түүнчлэн йод ой тогтоолт сайжруулж, нойрмог ба залхуу байдлыг арилгадаг увдистай. Харин энэ жимсэнд ихээр агуулагддаг витамин C нь таны биеийг нян бактераас хамгаалах болно.

Цалууг ямар аргаар хэрэглэвэл зүгээр вэ гэж үү? Жимсийг хальстай нь хамт миксердэж, бага зэрэг сахар нэмж хэрэглэх нь хамгийн амттай бөгөөд тустай арга юм. Ийм чанамал таны өглөөний кофе эсвэл ногоон цайтай сайхан зохицох болно.

Өвлийн хүнсэнд орох хэрэгтэй таван бүтээгдэхүүн (фото 3)

Шош дулаацуулж, уургаар хангана

Өвөл бид дулаахан байхыг юу юунаас илүү хүсдэг бөгөөд өег хоол үүнд тусалдаг билээ. Шош идсэнээр өлсгөлөнгөө дараад зогсохгүй, эрүүл мэнддээ тустай хувь нэмэр оруулна. Chickpea шошоор гэрийн "хумус" (араб үндэсний зууш) бэлдэж болох ба ногоо, бүхэл үрийн талхтай хольж идсэнээр илүү их тэжээл авах болно. Харин вандуйгаар цөцгийн шөл хийж, газрын самраар хавчуургатай талх болон "ролл"-онд ашиглах зуурмаг бэлдэх боломжтой. Ерөнхийдөө бүх төрлийн шош хүнд хэрэгтэй уураг агуулдаг учир амьтны гаралтай хүнснээс татгалзсан хүмүүст сайн орлогч болж өгдөг.

Өвлийн хүнсэнд орох хэрэгтэй таван бүтээгдэхүүн (фото 4)

Авокадо арьс сэргээнэ

Авокадонд маш их дуртай, халбага халбагаар идэхэд бэлэн хүмүүс ба  мөн үнэрийг нь ч авч чаддаггүй гэх хоёр төрлийн хүмүүс байдаг гэлцдэг. Харин гурав дах төрөл гэж үгүй бололтой. Энэ нь худлаа эсэхийг бид сайн мэдэхгүй ч, авокадо бол өвлийн турш бидний арьсыг арчилдаг, өндөр тэжээлтэй бүтээгдэхүүн гэдэг нь баттай үнэн. Sheperd Integrative Dermatology-гийн арьсны эмч МакКлин Шепард авокадог "гоо үзэсгэлэнгийн супер бүтээгдэхүүн" хэмээн нэрлэдэг. Учир нь авокадонд хуурайшилт болон гуужилтаас сэргийлдэг маш хэрэгтэй тослог хүчлүүд, бэлгийн дааврын үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг витамин Е, мөн усны тэнцвэрийг хэвийн байдалд хадгалдаг кали агуулагддаг юм. Энэ бүх ач тустай бодисууд арьсыг дотроос нь гэрэлтүүлж, чийгшүүлж өгнө.

Өвлийн хүнсэнд орох хэрэгтэй таван бүтээгдэхүүн (фото 5)

цааш үзэх