Хайлайтерыг зөв хэрэглэх 5 алхам
Дотроосоо гэрэлтсэн арьсыг бий болгоно
Оптикийн хуулийг ашиглан гэрлийн туяаг ойлгох байдлаар арьсыг дотроосоо гэрэлтэж буй мэт харагдуулдаг хайлайтер нь шингэн, хуурай, тослог, нунтаг гээд маш олон төрлийн бүтэцтэй байдаг. Мөн хайлайтерыг арьсандаа хоёр аргаар түрхэх боломжтой байдгийн нэг нь строббинг буюу зөвхөн шанаа, хамар, уруул гэх нүүрний товгор хэсгүүдийг гэрэлтүүлэх аргачлал болон хоёр дах нь контуринг буюу нүүрний зарим хэсгийг сүүдэртүүлж, товгор хэсгүүдийг гэрэлтүүлэх аргачлал билээ.
Бид ямар хайлайтер сонгож, ямар аргачлалаар түрхсэн тохиолдолд хамгийн байгалийн, дотроосоо гэрэлтсэн дүр төрх бий болдгийг тодруулах үүднээс Mart Elle гэх мэргэжлийн нүүр хувиргагчаас хэд, хэдэн зөвлөгөө авлаа.
1. Хайлайтерыг суурь крем эсвэл шингэн өө дарагчтай хольж хэрэглэж болно. Ингэснээр илүү байгалийн зөөлөн, гэрэлтсэн эффектийг гаргаж авах юм. Мөн хэрвээ хайлайтерыг том багсаар түрхвэл жижиг үрчлээснүүдийг нууж, жигд тархсан өөгүй будалт бий болгох боломжтой.
2. Хайлайтерыг хамгийн гол нь нүүрнийхээ тодотгохыг хүссэн хэсгүүддээ түрхэх хэрэгтэй. Үүнд шанаа, хамрын нуруу, дээд зовхи зэрэг хамрагдана.
3. Нүдний доорх хөх туяаг дарах, эсвэл хэт гүнзгий суугдсан нүдийг хайлайтерын тусламжтай өөр болгон харагдуулах боломжтой байдаг. Ингэхийн тулд эхлээд өө дарагчаа хэрэглэж, дараа нь хайлайтераа хөнгөн түрхэх хэрэгтэй. Хайлайтерыг мөн зовхины тень байдлаар хэрэглэж болно.
4. Түүнчлэн бүр ч илүү байгалиасаа гэрэлтсэн, эрүүл арьсыг бий болгохын тулд нүүр хувиргагч Mart Elle хайлайтераас гадна чийгшүүлэх үйлчилгээтэй серумыг суурь кремдээ хольж хэрэглэхийг зөвлөж байна.
5. Ерөнхийдөө шингэн хайлайтер хэрэглэсэн тохиолдолд будсан нүүрийг ч будаагүй мэт маш байгалийн эффект гаргаж авах боломжтой байдаг тул энэ нь хамгийн тохиромжтой бүтэц юм.