Гоо сайхны шинэ бүтээгдэхүүн: Уруулын охь
Түрхсэний дараа гялалзсан эффектээ хадгалахын зэрэгцээ уруулыг тэжээлээр хангана
Гялтганасан эффекттэй, чийглэг харагдах уруул энэ улиралд тренд хэвээр үлдлээ. Тэгвэл гоо сайхны экспертүүд болон нүүр хувиргагчид гялалзсан эффектийг бий болгохын тулд lip oil буюу уруулын охь ашиглахыг зөвлөж байна. Учир нь гялалзуулагч, өнгөлөгч будгыг байнга хэрэглэх нь уруулыг хуурайшуулдаг сөрөг талтай. Харин экспертүүдийн дурлаад буй уруулын охь нь түрхсэний дараа гялалзсан эффектээ хадгалахын зэрэгцээ уруулыг тэжээлээр хангадаг үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм. Түүнлэн гялалзуулагч будгаас илүү тогтоц сайтай байдаг давуу талтай. Тэгвэл хамгийн шилдгээр нэрлэгдээд буй дөрвөн уруулын охийг танилцуулж байна.
Clarins Lip Comfort Oil Intense
Clarins брэнд төрөл бүрийн өнгөний сонголттой уруулын охь санал болгосон байгаа. Найрлагадаа чийгшил, тэжээлээр хангагч жожоба, ойн самар, цангис жимсний тос агуулсан ба бохирдол, чөлөөт радикалуудаас хамгаалах үйлчилгээг давхар үзүүлдэг.
Наргил самрын тостой Re(cover) by Marc Jacobs уруулын охь
E витамин, зуун наст, наргил модны самрын тосоор баяжуулсан тунгалаг уруулын охийг урууланд тэжээл өгөх зорилгоор дангаар нь мөн будган дээр давхарлан гялалзуулагч байдлаар хэрэглэж болно.
Dior Lip Glow Oil
Dior брэнд мөн өнгөний сонголттой уруулын охийг танилцуулсан байгаа. Найрлагадаа интоор жимсний тос агуулсан энэхүү охь нь уруулыг тэжээлээр хангаж, гялалзсан эффект бий болгоно.
Hourglass брэндийн N28 At Night уруулын охь
Зандан мод, нимбэг, иланг-иланг ургамал гээд 14 төрлийн эфирийн тос, ногоон цай, жожоба, 10 гаруй төрлийн газрын самар жимсний хандаар баяжуулсан уг охь урууланд дээд зэргийн чийгшил өгч, уруулын арьсанд үрчлээ тогтохоос сэргийлнэ.