Оскар 2023: Гоо сайхны шилдэг төрхүүд
Энэ жилийн Оскарын наадамд хүрэлцэн ирсэн алдартнуудын дийлэнх нь улаан уруул, смоки нүд, урт сормуус болон нэг ч өө сэвгүй төгс үсний засалтаас бүрдэх Холлливүүдийн сонгодог төрхийг бий болгожээ. Тухайлбал, Элизабет Олсен, Жессика Частейн, Женни Слейт, Мишель Уильямс зэрэг эрхмүүдийн нүүр будалтын артист, үсний стилист нар тус хэв маягийн эгнээнд нэгдсэн байна.
Харин Мишель Ео, Рианна, Зои Салдана нар байгалийн төрх тодотгосон хөнгөн будалтдаа үнэнч үлджээ. Үс засалтын хувьд стилист Машал Афзалзадагийн бүтээсэн Эшли Грэмийн овоолсон үс, жүжигчин Харви Гильегийн 1920-иод оны хэв маягтай глэм засалт, Сандра Огийн хэт хичээгээгүй эгэл харагдах үс болон Хэлли Бэрригийн Холливүүдийн алтан үеийг эргэн дурссан үсний стиль шилдгээр нэрлэгдэж байна. Үүнээс гадна монгол нейл артист Золагийн хийсэн Ваннеса Хаженсын геометр дүрслэл бүхий маникюр хар цагаан будалт уйтгартай байх албагүйг харуулсан юм.