Өөрийн арьсанд тохирсон бие угаагчийг хэрхэн олох вэ?: Мэргэжилтнүүд зөвлөж байна
Биеийн арьсны эрүүл, толигор байдлын үндэс нь усанд орж байхдаа хэрхэн биеэ цэвэрлэхээс шууд шалтгаалдаг. Хүн бүрийн арьсны онцлог өөр байдгийн адилаар шүршүүрт орох арга барил ч мөн ондоо байх нь бий. Тухайлбал усанд орохдоо биеэ гараараа угааж заншсан хүмүүс байдаг бол зарим нь зориулалтын спонж, хөөсрүүлэгч ашиглаж дадсан байдаг билээ.
Харин анагаах ухааны доктор Адам Мамелак болон арьсны эмч Кортни Рубин нар цэвэрлэгээний бүх арга барилууд өөрийн гэсэн давуу болон сул талтай гэж үзэж байгаа бөгөөд тэдгээрээс өөрийн арьсны онцлогт тохирсныг олох нь хамгийн чухал хэмээн тодотгожээ. Хэрэв та өөрт тохирсон арга барилыг хараахан олж амжаагүй байгаа бол анхаарлаа нааш хандуулаарай.
Даавуун угаагч
Даавуун материалаар хийгдсэн, үнэ өртгийн хувьд ч хямд энэхүү угаагчийг хэрэглэгчид худалдан авах нь элбэг. Мэдээж гар нүүрний алчууртай төстэй материалаар хийгддэг учир арьсыг гэмтээж, цочроохгүйгээр үүргээ сайн гүйцэтгэдэг тул эмзэг, харшламтгай арьсны төрөлд тохирдог гэдгээрээ онцлогтой. Мөн загвар, хэмжээний хувьд өргөн сонголттойн зэрэгцээ зарим үед хулс, маалинга даавуу болон элэгдэлд тэсвэртэй сүлжмэл материалаар хийгдсэн байдаг.
Харин доктор Адам Мамелакын зөвлөж буйгаар энэхүү угаагчийг олон удаагийн давтамжтайгаар ашиглахыг хүсвэл бие угаагчаа хэрэглэснийхээ дараа сайтар цэвэрлэж, угаалгын өрөөндөө бус хуурай газар хатаахыг сануулжээ.
Синтетик спонж хэлбэрийн угаагч
Ихэвчлэн нейлон, синтетик материалаар хийгддэг энэхүү угаагч нь амархан хөөсөрдөг, бусад угаагчтай харьцуулахад хурдан хатдаг боловч урт хугацааны турш хэрэглэхэд эрүүл мэндэд хортой, мөн байгальд хэзээ ч бүрэн уусаж, задардаггүй. Хэрэв та тус угаагчийг ашиглаж дадсан бол нүүр болон биеийн эмзэг арьстай хэсгүүддээ хүргэлгүйгээр хэрэглэж, 6-8 долоо хоног тутамд тогтмол шинээр сольж, хуурай газар сайтар хатаахыг ёстой гэдгийг анхааруулжээ.
Байгалийн гаралтай Loofah угаагч
Өргөст хэмхийн нэг төрөл болох Luffa хэмээх ногооноос гаргаж авдаг байгалийн гаралтай тус угаагч нь ширүүн, хатуу бүтэцтэй хэдий ч амархан хөөсөрдөг, мөн арьсыг зөөлнөөр гуужуулж өгдөг учир хэрэглэгчдийн дунд эрэлттэй байдаг билээ.
Харин арьсны эмч Кортни Рубин "Loofah угаагч нь чийглэг орчинд хэзээ ч бүрэн хатдаггүй, нян үржих таатай нөхцөлийг бүрдүүлж өгдөг учир хэрэглэснийхээ дараа сайтар цэвэрлэж, хатаах ёстой" хэмээжээ. Бүтцийн хувьд шигүү учир цэвэрлэхдээ угаалгын машинд угаах, аль эсвэл хүнсний сод, цагаан цуунд дэвтээж, ариутган цэвэрлэж, мөн 3-4 долоо хоног тутамд шинээр солих хэрэгтэй гэдгийг сануулжээ.
Арзгар гадаргуутай бие угаагч
Ширүүн, арзгар гадаргуутай тус угаагчийг мөн бие үрэгч, биеийн зүлгүүр гэж нэрлэх нь бий. Ихэвчлэн бээлий мэт хэлбэртэй байдаг учир хэрэглэхэд хялбар, үхэжсэн эд эс, илүүдэл арьсыг сайн гуужуулж өгдөг гэдгээрээ алдартай. Харин эмзэг, мэдрэмтгий арьсанд тохиромжгүй бөгөөд хөөсрөлт муутай учир өдөр тутамд ашиглахаас илүүтэй долоо хоногт 1-2 удаа гуужуулагчийн оронд хэрэглэвэл цусны эргэлт сайжруулж, алжаал ядаргаа тайлахад тусалдаг давуу талтай.
Мөн арьсыг илүү өнгөлөг, жигд, толигор болгож өгөхийн зэрэгцээ нүх, сүвэнд хуримтлагдсан илүүдэл тос, бохирдол, нуруу, цээж хэсгээр гарсан хар цагаан батгыг арилгахад нэмэр болдог ач тустай аж.
Биеэ гараараа угаах
Хамгийн зардал багатай, бүх төрлийн арьсанд тохиромжтой, эрүүл бөгөөд шилдэг арга бол биеэ гараараа угаах гэдгийг мэргэжилтнүүд онцолсон байна. Ялангуяа эмзэг, мэдрэмтгий арьстай хүмүүс биеэ гараараа угааснаар арьс хэт хуурайших, гуужих, цочрох, улайх зэрэг асуудалд санаа зовох шаардлагагүй болох юм. Хэрэв танд биеэ гараараа угаах нь хангалтгүй санагддаг бол дээр дурдсан бие угаагчуудаас арьсны онцлогтоо тохируулан сонгохыг зөвлөжээ.
Доктор Мамелакын дүгнэж буйгаар "Бүх бие угаагч өөрийн гэсэн давуу болон сул талтай. Хамгийн чухал нь хэрэглэгч яг ямар үр дүн хүсэж байна, аль нь хэрэглэхэд илүү амар байна, бие угаагчаа хэр олон давтамжтай угааж, цэвэрлэж, ашиглах боломжтой вэ гэдгээ тооцоолон худалдан авалт хийх хэрэгтэй" хэмээжээ.
Мөн мэргэжилтнүүд усанд орохдоо анхаарах ёстой чухал зүйлсийг хуваалцжээ. Үүнд:
- Саван, шампунь, ангижруулагчийн үлдэгдлийг сайтар арилгах: Нуруу, цээж, хүзүү хэсгээр толгойгүй жижиг зүйлс, батга гарах нь зарим тохиолдолд усанд орохдоо хэрэглэсэн бүтээгдэхүүнүүдийнхээ үлдэгдлийг гүйцэд арилгаагүйгээс болж үүсдэг учир үсээ угаасныхаа дараа бие болон нүүрээ дахин цэвэрлэж хэвшээрэй.
- Хэт халуун, эсвэл хүйтэн усанд орохоос зайлсхийх: Халуун шүршүүрт орох нь алжаал ядаргаа тайлахад тусалдаг ч арьс болон үсийг маш ихээр гэмтээж, хуурайшуулдаг. Харин хүйтэн ус нь судас нарийсах, цусны даралт ихсэх өвчний эхлэл болж өгдөг байна.
- Шүршүүрт 5-10 минут орж хэвших: Шүршүүрт хэт удаан орох нь арьсыг хуурайшуулж, тослогийн булчирхайг идэвхжүүлж, арьсны өнгөн давхаргыг гэмтээдэг. Иймд мэргэжилтнүүд арван минутаас илүүгүй хугацаанд шүршүүрт орох нь хамгийн зөв хэмээн дүгнэдэг аж.
- Усанд орсны дараа биеэ чийгшүүлэх: Биеэ бага зэрэг чийгтэй байхад нь чийгшүүлэх тосоо хэрэглэвэл арьс илүү зөөлөн, булбарай болдог бөгөөд хэрэглэж буй бүтээгдэхүүнүүд арьсны гүнд нь хүрч үйлчилж, коллаген ялгаралтыг дэмжиж өгдөг байна.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт