Уруул томруулах хялбар арга: TikTok-чидын дунд дэлгэрээд буй шинэ тренд
Үр дүнтэй атлаа аюулгүй
Үргэлж сонирхолтой зүйлсийг сэдэж байдаг TikTok-чидын дунд гэрийн нөхцөлд уруул томруулах шинэ арга тренд болоод байна. Тодруулбал, Бриттани Миллер хэмээх хэрэглэгч нэгэн бичлэгтээ синнамон буюу шанцайн тос болон шанцайн нунтгийг хольж урууландаа түрхэхэд хормын төдийд уруул томордог болохыг харуулсан юм. Түүний видео нь тэр даруй сая үзэгчийн хүртээл болж, TikTok хэрэглэгчдийн дунд давлагаа үүсгэж чаджээ. Бриттани Миллер уг аргыг ихэвчлэн нүүр будалтын эхэн хэсэгт ашигладаг ба бэлдцээ түрхсэний дараа уруулаа сайтар чийгшүүлэх хэрэгтэйг онцолсон юм.
Энэ арга нь хэдэн жилийн өмнө Кайли Женнерийн анх танилцуулж байсан уруул томруулагч жижиг аяганаас илүү үр дүнтэй атлаа аюулгүй, өвдөлтгүй хэмээн туршиж үзсэн хүмүүс үзэж байгаа юм.
Түүнчлэн Нью-Йоркийн Арьс Өнгөний Эмнэлгийн гоо сайханч, арьсны эмч Денди Энгельман уг аргыг аюулгүй хэмээн онцолсон бөгөөд шанцайнаас харшилдаг эсэхээ мэдэх нь хамгийн чухал гэдгийг сануулжээ.