Жессика Альбагийн брэнд эсэргүүцдэг байсан химийн бодисоо өөрсдөө ашигладаг байжээ
Таагүй нөхцөл байдал
"Sin City"-гийн дүрээрээ илүү танигдсан Жессика Альба хэдэн жилийн өмнө хувийн компани үүсгэн байгуулсан билээ. Жүжигчин бүсгүйн санаачилсан компани нь хортой бодис агуулаагүй, байгаль орчинд ээлтэй угаагч бодис, живх, нарнаас хамгаалах тос зэрэг өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэдэг юм. Харамсалтай нь саяхан The Honest Company нь нэлээд том шуугиан дэгдээгээд амжсан. Компанийн нарны тос хэрэглэгчдийн арьсыг наранд түлж, ямар ч хамгаалалт үзүүлэхгүй байна гэх гомдол олноороо ирсэн. Энэхүү шуугиан дөнгөж намжиж байтал бас нэгэн таагүй нөхцөл байдал үүсээд байна.
The Wall Street Journal-ын хийсэн судалгаа Honest Company-гийн бүтээгдэхүүнээс натрийн сульфат олж илрүүлжээ. Хамгийн сонирхолтой нь энэхүү орцыг уг компани огт ашигладаггүй хэмээн зарлаж, ийм зэргийн химийн бодисын эсрэг байр суурьтай байсан билээ. Натрийн сульфат нь угаалгын бодисонд ордог, хүний арьсанд сөргөөр нөлөөлөх аюултай юм. Түүгээр ч барахгүй энэ нь харшлын дерматит оноштой өвчтөнүүдэд эсрэг заалттай байдаг.
The Honest Company-гийн зүгээс мэдээж хэрэг энэхүү буруушаалтыг няцааж байгаа. "Үйлдвэрлэгчтэй үл ойлголцол гарсан байсан. Тэд бүтээгдэхүүн дэх SLS-ийн түвшин тэгтэй тэнцүү учир сульфат байгаа эсэхийг шалгах ямар ч утга байхгүй гэж бидэнд хэлсэн. Бид бүтээгдэхүүндээ натрийн сульфат ашигладаггүй" хэмээн компанийн төлөөлөгч Кевин Эуэлл хариулжээ.