Долоо хоногийн шинэ бүтээгдэхүүн: Gucci-гийн матт уруулын будаг, харандаа хэлбэрийн суурь крем болон бусад
Мөн үс бэхжүүлэгч бүтээгдэхүүн ба хуруувч контур
Үнэртэн Soleil Blanc, Tom Ford
Өнгөрсөн долоо хоногт Tom Ford брэнд далай, нар ба дулаан цаг агаар санагдуулам сэрүүн үнэртэй сүрчиг худалдаанд гаргалаа. Сүрчгийн найрлагад иланг-иланг, Египетийн мэлрэг цэцэг, булцуу, кардамом, ягаан чинжүү, бергамот лийр, фисташки самар зэрэг ургамлууд багтсанаар сэрүүн мэдрэмж оруулж, харин хув ба тонка шош кокосын дал модны сүүтэй нэгдсэнээр дулаан аяс нэмсэн байна. Энэхүү сүрчиг нь зөвхөн дөрөвдүгээр сарын салхитай өдрүүдийг гэлтгүй, мөн зуны сэрүүн оройг дулаацуулах болно.
Харандаа хэлбэрийн суурь крем Chubby in the Nude, Clinique
Clinique брэнд шинэхэн бүтээгдэхүүний сурталчилгаандаа энэхүү харандааг хэрхэн ашиглаж болохыг маш өхөөрдөм байдлаар үзүүлжээ. "Цэцэгний хүч", "Сониуч муур", "Тик ток цаг" гэх зэрэг хөгжилтэй нэршилтэй эдгээр нүүр будалтын хичээл нь сэтгэлээрээ залуу яваа нэгэнд зайлшгүй таалагдана. Бүтээгдэхүүний хувьд гэвэл хаана ч ашиглах боломжтой, эвтэйхэн савалгаа бүхий нимгэн ба байгалийн бүрхүүл үүсгэдэг, хөнгөн бүтэцтэй суурь крем юм. Энэ кремийг та нүүрээ хэлбэржүүлэн будах, арьсан дээрх өөг дарах, мөн нүдний орчим хар хүрээг далдлах зорилгоор ашиглаж болно. Сатин эффект бүрдүүлдэг энэ бүтээгдэхүүн нь тослог эсвэл эмзэг арьстай хэрэглэгчдэд тийм ч тохиромжтой биш. Учир нь кремийн найрлагад лав орсон байгаа юм.
Үнэртэн Eau de Néroli Doré ба Eau de Rhubarbe Ecarlate, Hermès
Hermès брэнд 2014 оны сүүлээр Кристин Нажелийг гүйцэтгэх сүрчиг бүтээгчээр томилсон юм. Тэр цагаас хойш Нажель өөрийн анхны сүрчиг дээрээ ажиллаж байсан бөгөөд дөнгөж саяхан түүнийгээ худалдаанд гаргалаа. Eau de Rhubarbe Ecarlate үнэртний суурьд "rhubarb" гэх ургамлын хөнгөн бөгөөд өвлийн сэрүүн аяс орсон байна. Энэхүү сүрчгийн зэрэгцээ мөн өөр нэгэн хос сүрчиг борлуулагдаж эхэлсэн нь загварын ордны хуучин сүрчиг бүтээгч Жан-Клод Эллены найруулсан Eau de Néroli Doré юм. Уг үнэртэн нь Газар дундын тэнгисийн эрэг дээрх амралтыг санагдуулам тайван ба дулаан мэдрэмжтэй болсон байгаа.
Арьс гэрэлтүүлэгч маск болон хүрээлэн буй орчны хорт нөлөөнөөс хамгаалах шөнийн маск, Kiehl's
Арьс арчилгааны арга, билэг гэгддэг Kiehl's брэндийн өдөр ба шөнийн маскийг танилцуулж байна. Цангисын үр ба куркума агуулсан эхний маск нь ердөө 5-10 минутын хугацаанд арьсны өнгийг сэргээх болно. Харин хоёр дах маск нь хятадын яншуйн ханд ба гашуун жүржийн орцтой тул арьсыг хүрээлэн буй орчны хорт нөлөөнөөс хамгаална. Хамгийн гол нь эдгээр маскуудыг хосоор нь хэрэглэвэл илүү үр дүнтэй гэдгийг санаарай.
Эрэгтэй хүний үс бэхжүүлэгч, өтгөрүүлэгч Densifique, Kerastase
Орчин үеийн гоо сайхны зах зээлд эмэгтэй хүнд зориулсан бүтээгдэхүүн маш олон төрлөөрөө байдаг боловч эрчүүдийг чиглэсэн зүйлс их ховор олддог шүү дээ. Энэ нөхцөл байдлыг Kerastase компани өөрчлөхөөр шийдэж, эрэгтэй хүний үсний ширхгийг бэхжүүлэх үйлчилгээтэй өтгөрүүлэгч бүтээгдэхүүн гаргажээ. Тус брэнд өмнө нь ижил зорилго бүхий эмэгтэй үсэнд зориулсан бүтээгдэхүүн гаргаж, их хэмжээний амжилт олж байсан тул энэ удаагийн төсөл ч мөн адил муугүй үр дүн авчрах болов уу гэж найдаж байна. Шинээр гарсан цувралд шампунь, үсний ширхгийг бэхжүүлэх шахмал, мөн унтаа үсний уутанцарыг идэвхжүүлэх үйлчилгээтэй ампулууд багтжээ. Эдгээр бүтээгдэхүүн нь үсний ургалтыг сайжруулдаг Stemoxydine, үсийг өтгөн харагдуулдаг гликан, мөн бэхжүүлдэг полимер агуулж байгаа.
Матт уруулын будаг Sensuous Deep Matte, Gucci
Сүүлийн үед эрчимтэй тренд болж буй матт уруулын будгийг Gucci брэнд анх удаагаа үйлдвэрлэж байна. Брэндийн арт директор Пэт МакГратын бүтээсэн эдгээр уруулын будгууд бүсгүй бүрийн хүслийн жагсаалтад нэн даруй орох нь гарцаагүй биз ээ. Миланы загварын долоо хоногийн хүрээнд явагдсан Gucci-гийн шоуны тайзны арын зургуудыг харахад л тэр ямар хүчтэйг ойлгоно. Sensuous Deep Matte уруулын будгийн гол онцлог нь түүний найрлага дахь уян полимерт оршиж байгаа юм. Энэ орц нь уруулыг яг л цэцгийн дэлбээ мэт зөөлөн, торгомсог болгож өгнө.
Хуруувч контур Fingertip, Sephora
Зөөлөн бүтэцтэй, жижиг савалгаа дотор хар, бор, саарал, цэнхэр болон хөх ягаан өнгийн контур нуугдаж байгаа. Энэхүү зугаатай бүтээгдэхүүний ачаар нүднийхээ контурыг бараг л хуруугаараа зурж буй мэт мэдрэмж авна. Үүний тулд хуруувчийг долоовор хуруундаа углахад л хангалттай. Ингээд л та "зураг зурахад" бэлэн болно. Эвтэйхэн байх эсэхийг сайн мэдэхгүй ч санааны хувьд бол үнэхээр шинэлэг байж чадаж байгаад маргах хүн олдохгүй биз ээ.
Гялалзсан цуглуулга Future М.А.С
Future М.А.С цуглуулгын бүх бүтээгдэхүүн гялалзсан пигментүүдээр баялаг болжээ. Матт эффектэд дуртай нэгэн нь эндээс хэрэгтэй зүйлээ олж авахгүй л болов уу. Цуглуулгад шингэн ба нунтаг хайлайтер, гялалзсан хацар өнгөлөгч, уруулын будаг, болон нүдний тень орсон бөгөөд эдгээр будгууд өдөр тутмын гэхээсээ илүү шөнийн нүүр будалтад илүү тохиромжтой юм.