Хайх

Гоо сайхны трендүүд: хавар-зун 2016 улирлын арван гол чиг хандлага

Гоо сайхны трендүүд: хавар-зун 2016 улирлын арван гол чиг хандлага

Нүүр будалт ба үс засалт

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Шинэ хавар-зуны улиралд нүүр хувиргагчид алтлаг өнгөтэй ба цэнхэр тень түлхүү хэрэглэхийг санал болгосон бол стилистүүд дух уруу унжсан үс тайруулж, толгойгоо олон янзын аксесуаруудаар чимэхийг зөвлөж байна

Цэнхэр ба усан цэнхэр

Ирэх хавар-зуны загварыг толилуулсан шоунуудад цэнхэр, эсвэл усан цэнхэр өнгө байсныг бүгд санаж байгаа биз ээ. Үүнийг эргэн харахыг хүсвэл Mary Katrantzou, Boss, 3.1 Phillip Lim ба Dries Van Noten нарын шоуг үзэж болох юм. Нүүр хувиргагчид цэнхэр өнгийн сормуусны будаг, тень, нүүрний арьсанд зориулсан усан будаг, хүрээлэгч болон харандаа ашигласан билээ. Дуртай төрхөө сонгох л үлдлээ.



Сормуусанд анхаарал хандуулах

Энэ трендийг хэрэгжүүлэхийн тулд Твиггигийн алдарт сормуусыг дотроо төсөөлж, өөрийнхөө хүссэн деталийг нэмэхэд л болж байгаа юм. Marni, Alberta Ferretti ба Louis Vuitton-ы шоу дээр загвар өмсөгчдийн сормуус бараг 2 см урттай байлаа.



Алт

Загварын долоо хоногийн тайзны арын гол баатраар Их Британийн нүүр хувиргагч Пэт МакГрат тодорсон юм. Тэрбээр 24 карат бүхий алтан нунтаг гэх шинэлэг зүйл зохион бүтээж, түүгээрээ Prada-гийн загвар өмсөгчдийн уруулыг чимсэн юм. Тэгэхээр ирэх улиралд алтыг харамгүй хэрэглэх нь дахин нэг удаа "моод" болох нь ээ.

Чёлк

Өөрчлөлт хийхэд бэлэн үү? Тийм бол юуны түрүүнд зоригтойгоор чёлк тайруулаарай. Ирэх улиралд хэт богино, богем хэв маягтай урт, далий эсвэл тэгшхэн гэх мэт бүх загварын дух уруу унжсан үс тренд байх болно. Стилисттэй зөвлөлдөж, нүүрний хэлбэртээ тохирох загвар сонгоод, төрхөө нэг өөрчлөөд үзээрэй.



Мушгиралдсан үс

Хэрвээ сүүлийн хэдэн жилүүдэд алдрын оргилд гөлгөр үс, овоохой боолт ба сүлжмэл үс байсан бол ирэх хаварт зориулан мушгирсан үсний засалтууд хийж сурах хэрэг гарах нь. Мушгирсан үсийг боох, овоолох эсвэл задгай тавьсан үсэн дээр чимэглэл болгох гээд олон төрлөөр янзалж болох онцлогтой.



Үсний аксесуарууд

Хэрвээ та үс засалтаа өөрчлөхөд бэлэн биш байвал Saint Laurent, Dolce & Gabbana, Marc Jacobs ба бусад дизайнеруудын харуулсан шиг үсээ аксесуаруудаар чимээрэй. Үүнд нарийн тууз, эрвээхий зангиа, титэм, хавчаар гээд ямар ч аксесуар тохирно. Хамгийн энгийн үс засалтыг хүртэл чамин аксесуараар амь оруулж болохыг сайн санаарай.



Гялбаа

Гэрэлтсэн арьснаас сайхан зүйл гэж юу байх вэ дээ, тийм ээ? Alberta Ferretti, Valentino ба Roberto Cavalli нарын шоу дээр нүүр хувиргагчдын гол зэвсэг нь highlighter байлаа. Арьсаа аль болох их гэрэлтүүлэх хэрэгтэй. Гялалзуулагчтай бүтээгдэхүүнийг шанаа дээр, нүдэн доор, зовхины хөдөлдөг хэсэг дээр мөн урууландаа түрхэж, шинэ улиралд арьсандаа гялбаа өгөөрэй.



Өнгөтэй "френч" маникюр

Хавар-зуны улиралд хамгийн тод уран сэтгэмжүүдээ биелүүлэхэд нэн тохиромжтой үе. Тиймээс сонгодог френч хумсны будалтыг олон өнгийн будгаар чимээд үзээрэй.



Байгалийн төрх

Загварын долоо хоногоор болж өнгөрсөн нийт шоунуудын хагас нь nude будалт хийлээ. Isabel Marant, Prabal Gurung ба Tibi нарын загвар өмсөгчид дөнгөж орноосоо боссон мэт замбараагүй үстэй, бараг нүүр будалтгүй тайзнаа гарч ирсэн. Ийм төрх бүтээхийн тулд танд зөвхөн суурь крем ба өө дарагч байхад л хангалттай. Арьс сайхан харагдаж байхад бүхэл төрх тань сайхан харагдах болно.



Уруулын будаг

Уруул, уруул бас дахин уруул. Шинэ улиралд уруулаа байж болох бүх өнгөнүүдээр будах хэрэгтэй. Тэр дундаас улаан, маш бараан эсвэл маш тод өнгөнүүд хамгийн загварлаг сонголт байх болно. Зоригтой нэгэн нь өнгө "уусгах" аргачлалаар уруулаа будаад үзээрэй.

цааш үзэх