Л.Өлзийтөгс: Анир чимээгүйн тухай чангаар
Өлзийгийн галерей - I
Энэ хорвоод миний хамгийн дуртай зүйл бол хэн нэгэнд юу ч юм бэ ӨГӨХ! Миний пейж руу зочлох уншигчиддаа зориулж ӨГ гэдэг бяцхан булан нээлээ. Ө+Г=ӨГ. Миний охины нэрийг Гэгээ гэдэг тул ийн нэрийдсэн юм. ӨЛЗИЙГИЙН ГАЛЕРЕЙ гээд шууд ойлгочихсон ч болно. Хамгийн гол нь зүгээр л ӨГ, үнэгүй ӨГ гэсэн утга. Сэтгүүлч Ханддолгор "Үг" сонины эрхлэгч байхдаа намайг "Нийтлэл бичиж өг!" хэмээн хатуухан шаардан шалсны хүчинд залхуу би нэг бяцхан булан нээсэн нь "ХХ зууны урлагийн сор бүтээлүүд" байсан юм. Бараг 15 жилийн өмнөх явдал л даа. Гэвч Хандаа маань ажлаасаа гарснаар миний булан тасалдаж, орхигдсон. Түүнийгээ үргэлжлүүлэхэд болохгүй юм алга шиг байна. Орчин үеийн контемпорари урлагийг ойлгоход тийм ч амар биш.
Яг одооны дэлхийн урлагтай хөл нийлүүлэхийн тулд ядаж ХХ зууны урлагаа баримжаалах хэрэгтэй. Тиймээс гэрийн минь номын санд бэлэн байгаа ном катологиудаа ашиглан, яг л миний бяцхан Гэгээ шиг зурах дуртай охид хөвгүүддээ бэлэг барих гэсэн юм. ӨГ-өөс та нэг удаадаа нэг л зураг үзэж, тэр бүтээлийг урлагийн мэргэжилтнүүд, хүлээн зөвшөөрөгдсөн судлаачид хэрхэн тайлсныг унших юм.
Заримдаа би өөрийн үзэл бодол, үгийг оруулна. Хааяа нэг бяцхан гажилтуудыг ч хийнэ. Гажилт гэдэг нь ХХ зууны сор нь хэмээн зарлагдаагүй, шилэгдээгүй ч, тэднээс огт дутахгүй, одоо ид туурвиж буй зураачдын тухай бага сага бичих юм. За тэгэхээр, Ө галерейд тавтай морил.
Хамгийн эхний буюу өнөөдөр танд ӨГӨХ зурагтаа би өөрөө тайлбар бичлээ. ХХ зууны сор нь гэгддэггүй ч энэ зураач надад их таалагддаг.
Ө+Г=ӨГ
I. АНИР ЧИМЭЭГҮЙН ТУХАЙ ЧАНГААР...
Эмэгтэй сюрреалистууд тийм ч олуулаа биш. Тэдний нэг болох Пенни Слинжэрийн ажил үнэхээр сэтгэл цочроодог. Хурц сэтгэлгээ! Төгс гүйцэтгэл! Уран чадварыг нь ч магтацгаая. Тэр Англид төрсөн Америкийн уран бүтээлч.
Пеннигийн энэ зураг маш эротик аястай, тэгсэн атал бүдүүлэг, эрээ цээргүй биш, эршүүд хатуу ч биш. Гойдын эмэгтэйлэг. Түрэмгий биш юм шиг атлаа л чамайг бүрэн эзэмдэн авна. Түүний уран бүтээл "феминист сюрреализм" хэмээх төрөлд хамаарагддаг. Эмэгтэй хүний сэтгэхүй, дотоод мөн чанарыг харуулсан ажлуудаараа алдартай. Өөрийнхөө биеийг бүтээлдээ их ашиглана аа. Нүцгэн байх үеэ гэрэл зурагт буулган олон ажил хийсэн. Нэг удаа тэр маш хатуу дэг бүхий хоолны дэглэм барьж, биеийнхээ өөрчлөлтийг гэрэл зургаар, цувралаар авч, содон бүтээл хийсэн билээ.
"Анир чимээгүйн тухай маш чангаар өгүүлдэг зураач" гэж Пеннигийн тухай нэг сэтгүүлд бичжээ. 2009-2010 онд Манчестерийн Арт Галерейд "Анархийн сахиусан тэнгэрүүд" гэдэг үзэсгэлэнд бүтээлүүд нь тавигдсан л даа. "Анархийн сахиусан тэнгэр" гэдэг үг өөрөө маш ихийг хэлээд өгч байгаа биз? Яг одоо таны харж буй, "аугаа их өгүүлэмж" бүхий энэ зургаас бүсгүйчүүдийн "хөнгөн болоод хүнд амьдрал", хов живийн цуурай сонсогдох шиг болдог.
Энэ гоё будагтай улаан уруулын дотор байгаа хорхойтой шүд бол хүн бүхний дотор нуугдмал байдаг өөдгүй зан, бохир сэтгэлийн илэрхийлэл юм гэж би хувьдаа уншлаа. Яг л фэйсбүүкийн энэ "хэт поп" ертөнцөд хэдийнээ хэвийн зүйл болж хувирсан, бие биенээ тасар татан зулгаан зажлан идэгч, тасралтгүй муулж, гүтгэн гутааж, өөлөн шоологч хогийн "жижигхэн" зан шиг хорхойтой шүд! "Мах идэх шүд аманд буй, хүн идэх шүд сэтгэлд буй" гэдэг шиг л...
Хорхойтой шүдний эзэн хөөрхөн бүсгүйн гоёл энэ энгийн сувдан ээмэг бол эм хүний дотоод дахь нууцлаг чанарын бэлгэдэл! Хөөрхөнөөс хөөрхөн энэ жижигхэн чих биднийг, өөрийнхөө тухай юу гэж бодохыг сониучирхана. Пенни бас 19 хэлнээ орчуулагдаж, нэг сая хувь зарагдсан номын зохиогч юм. Гайхалтай авьяаслаг энэ эмэгтэй "Миний хэлэхийг сонс!" хэмээх зургаараа тантай ийн мэндчилж байна. Мэндийг нь би уламжилж байна.