Ер бусын бүтээл туурвидаг зураач Питер Опхаймтай танилцацгаая
Хүүхэд насыг тань санагдуулах бүтээлүүд
Герман гаралтай АНУ-ын зураач Питер Опхайм хачин жигтэй амьтан эсвэл хүүхэлдэйн киноны баатруудыг санагдуулам дүрсүүд бүтээдгээрээ танигдсан билээ. Тэрээр эхлээд өнгө өнгийн полимер шавраар жижиг хэмжээний дүрсүүдийг бүтээснээр түүний гайхамшигт, ер бусын баатруудтай ертөнц амилдаг байна. Баримал дүрс бүр нь өөрийн гэсэн прототип (тогтмол дүрслэгддэг загвар), түүх болон нэртэй бөгөөд тус бүртээ өөрийн гэсэн өвөрмөц шинж чанартай байдаг. Опхайм дүрсүүдээ бүтээсний дараа тэдгээрийн томруулсан хөрөг зургийг зотон дээр буулгадаг байна.
Түүний дийлэнх зургууд маш өнгөлөг бөгөөд дүрслэгдсэн дүрсүүд нь бүгд тэгш бус биеийн харьцаатай байдаг нь хүүхдийн ухаан санааг илтгэжээ. Бүр тодруулбал, зураачийн цуврал зураг болон баримлууд нь хүний хувийн шинж чанар төлөвшихөд үндэс суурь болдог хүүхэд насны уран зөгнөлийг илэрхийлдэг байна. Мөн жигд бус хэлбэртэй амьтдын дүрслэлүүдийн цаана хүүхэд багачуудын айдас оршдог гэнэ.
Сонирхолтой нь, Опхаймын хүү шавран баримлуудад зориулан модон хайрцгаар гэр урладаг байна. Дүрс бүр өөрийн гэсэн гэртэй бөгөөд хайрцагны дээр дүрсүүдийн нэр болон хөрөг нь сийлбэрлэгдсэн байдаг нь хүмүүсийн хайрыг ихэд татдаг билээ.
Pollock-Krasner Foundation сангийн тэтгэлгийг хүртсэн Питер Опхаймын бүтээлүүд одоогоор АНУ, Өмнөд Солонгос, Япон, Герман гэх зэрэг орнуудын музейгээр дэлгэгдсэн байна. Түүнчлэн энэ сарын 17-ны өдрөөс эхлэн Москвагийн Askeri Gallery-д түүний зургийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байгаа юм.