“Forever is Now”: Эртний пирамидуудын дэргэдэх орчин үеийн урлагийн үзэсгэлэн
Эртний түүх болон орчин үеийн урлагийг хослуулжээ
Египетийн Гизагийн өндөрлөгт яг одоо “Forever is Now” нэртэй орчин үеийн урлагийн үзэсгэлэн тохиож байгаа билээ. Уг үзэсгэлэнг Египетийн урлаг соёлыг дэмжих зорилгоор үүсгэн байгуулагдсан Art D'Égypte компани зохион байгуулжээ. Их Британи, АНУ, Франц, Бразил, Саудын Араб, Египет болон ОХУ-ын 10 уран бүтээлч нэгдэн ертөнцийн гайхамшгуудын нэг болох агуу пирамидуудын дэргэд өөрсдийн инсталляцуудыг толилуулсан юм. Ингээд түүхэнд анх удаагаа Гиза хотын эргэн тойронд орчин үеийн урлагийн арт объектууд дэлгэгдсэн талаар зохион байгуулагчид нь дурдсан байна.
“Forever is Now” үзэсгэлэн аравдугаар сарын 23-нд олон нийтэд нээгдсэн ба энэ сарын 7-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Пирамидууд дунд орчин үеийн урлагийн үзэсгэлэн зохион байгуулах санаа хэдэн жилийн өмнөөс гарч ирсэн хэмээн Art d'Egypte-ийн үүсгэн байгуулагч Надин Абдель Гаффар хэлсэн байна. Энэхүү санаачилгыг Египетийн Гадаад хэрэг, Аялал жуулчлал болон Соёлын яам ЮНЕСКО-гийн тусламжтайгаар хэрэгжүүлжээ.
“Бид дөрөв дэх жилдээ Египетийн уран бүтээлчдийг оролцуулсан орчин үеийн урлагийн үзэсгэлэнг зохион байгуулж байна. Харин энэ жилийн хувьд бид анх удаагаа үзэсгэлэнгээ агуу пирамидуудын дэргэд зохион байгуулж, дэлхийн өнцөг булан бүрээс уран бүтээлчдийг урилаа. Энэхүү үзэсгэлэнгээрээ дамжуулан хүн төрөлхтөнтэй итгэл найдварын тухай яриа өрнүүлэхийг эрмэлзсэн бөгөөд үүнд хүн бүр оролцоосой гэж хүсэж байна” хэмээн Надин Абдель Гаффар хуваалцсан юм.
Уран бүтээлчид тэдний инсталляцууд пирамидуудын яг хаана нь байрлахыг өөрсдөө шийджээ. Урлагийн объектууд нэг нэгнээсээ хангалттай зайд байрлаж байгаа тул үзэгчид бүтээл тус бүрийг хүрээлж буй байгаль орчинтой хэрхэн зохицож байгааг таалан харах боломжтой байна. Олон үзэгчдийн онцолсноор энэхүү элсэн цөлөөр урлагийн бүтээлүүд дэлгэгдсэн дүр зураг АНУ-д жил бүр зохион байгуулагддаг Burning Man наадмыг санагдуулсан гэнэ.
Италийн уран барималч Лоренцо Квинны “Together” гэх инсталляц нь зөв өнцгөөс харах юм бол яг л хоёр аварга том хүний гар пирамидуудын дээгүүр хөөрч буй мэт харагдана. Мөн Францын стрит-арт зураач JR өөрийн “Greetings from Giza” хэмээх бүтээлдээ нэгэн пирамидын дээврийг “нураасан” байна. Харин ОХУ-ын зураач Александр Пономарев “Ouroboros” буюу эртний бэлэг тэмдэг болох сүүлээ хазаж буй могойг дүрсэлсэн бүтээлч инсталляцыг зохиожээ. Зураачийн мэдэгдсэнээр түүний уг бүтээл нь мөнхийн амьдралыг бэлгэдсэн гэнэ.
Харин дэлхийн хамгийн анхны робот зураач гэдгээрээ танигдсан хүн дүрст робот "Ai-Da"-г Египетийн гаалийн ажилчид түүний нүдэн доторх камерын улмаас тагнуул хэмээн сэжиглэсэн тул 10 хоног гааль дээр саатуулсан байна. Хүн дүрст роботыг Их Британийн элчин сайдын тусламжтайгаар хот руу нэвтрүүлжээ. "Ai-Da" роботыг Их Британийн галерейн эзэн Эйдан Меллер зохион бүтээсэн ба тус робот нь “Forever is Now” үзэсгэлэнгийн үеэр төмөр хийц бүхий арт объектыг танилцуулсан юм.