Николь Кидман Лондонгийн театрын тайзнаа
Photograph 51
Америкийн жүжгийн зохиолч Анна Зайглерын бичсэн Photograph 51 жүжиг есдүгээр сарын дундуур Лондонгийн Noël Coward Theatre-ын тайзнаа тавигдаж эхэлсэн ба Британийн хэвлэлүүдийн анхаарлыг татаад байна.
Жүжигт ДНК-ийн бүтцийн талаар судалгаа хийж буй биофизикч Розалинд Франклины дүрд Кидман тоглодог. Франклин Photograph 51 гэх бүтцийн маш гаргацтай рентген зургийг авч, уг зураг цаашдын судалгаанд нь маш их дэм болдог байна. Үүний тусламжтайгаар Розалинд Франклин ДНК хоёр ороомгоос бүтдэг гэдгийг олж илрүүлдэг аж. 1950-иад онд уг нээлт шинжлэх ухааны ертөнцийг эргүүлэхгүй байхын аргагүй байсан юм. Шинжлэх ухааны ололт нь Франклины хамтран ажиллагч Уотсон болон Крик нарын удирдаж байсан судалгааг цааш үргэлжлүүлэх боломж олгож, тэд ДНК-ийн бүтцийн моделийг бүтээн, үүгээрээ 1962 онд Нобелийн шагналыг хүртсэн байна.
Анна Зайглерын жүжигт шинжлэх ухааны салбарын ээдрээтэй харилцааг өгүүлдэг. Франклины эрэгтэй хамтран ажиллагсад түүнийг зарим үед хангалттай нухацтай хүлээж авдаггүй байсан нь зөвхөн эмэгтэй хүн гэсэн шалтгаанаас үүддэг байжээ. Жүжгийн найруулагч Майкл Грандаж хамтран ажиллагсадын харилцааг амилуулан, тайзан дээр өмсгөл болон үс засалтаар дундад зууны үеийн уур амьсгалыг бүрдүүлээд зогсохгүй дүрүүдийн үйл хөдлөл, харилцан яриаг хослуулжээ.
Николь Кидманы хувьд Розалинд Франклины дүр бүтээж театрын тайзнаа эргэн ирээд байна. Тэрбээр хамгийн сүүлд Сэм Мендесийн The Blue Room жүжигт тоглосноос хойш 17 жил Лондонгийн тайзнаа гараагүй юм. Кидман бүсгүй хүн бүсгүйчүүддээ зориулан бичсэн, хүмүүс тэр бүр мэддэггүй жүжгийн Франклины дүрд тоглох шийдвэр гаргасан тухайгаа өнгөрсөн хавар ярьж байсан билээ. Энэ ажлаа Розалинд Франклин шиг биофизикч байсан аавынхаа дурсгалд зориулсан гэжээ.
Photograph 51 жүжиг Лондонгийн Noël Coward Theatre-т арваннэгдүгээр сарын 21-ийг дуустал тавигдах юм байна.