Oldboy киноны найруулагч Пак Чан Үгийн шинэ төсөлд дүр бүтээх жүжигчид зарлагдлаа
Энгийн атлаа нүд баясгам үзэгдлүүд, сэтгэл сэртхийлгэм үйл явдал, гэнэтийн эргэлтүүдийг нэгтгэн бүтээл болгондоо шингээж өгч чаддаг найруулагч Пак Чан Үгийг уншигчид маань Oldboy, The Handmaiden, Snowpiercer зэрэг кинонуудаар нь сайн мэдэх болов уу. Тэгвэл найруулагч Пак Чан Үг зохиолч Дональд Уэстлейкийн 1997 онд туурвиж байсан The Ax зохиолоос сэдэвлэн бүрэн хэмжээний кино бүтээхээр болжээ.
Тус кино нь триллер, егөөдсөн инээдмийн жанрын өнгө аястай байх бөгөөд I Can't Help It гэх нэртэйгээр үзэгчдийн хүртээл болох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Үйл явдалд Ман Сү гэх залуу олон жил ажилласан компаниасаа шалтгаангүйгээр халагдаж буй талаар харуулна. Тэрээр гэр бүлээ тэжээхийн тулд шинэ ажилд орох гэж уйгагүй хичээх боловч бүтэлгүйтнэ. Ийнхүү цөхрөнгөө барсан Ман Сү өөртэй нь хамт ажлын ярилцлагад орохоор зэхэж буй хүмүүсийг хөнөөхөөр шийдсэнээр кино цааш өрнөх аж.
Харин гол дүрүүдэд Өмнөд Солонгос улсын чадварлаг жүжигчдийн нэг И Бён Хүн, Сун Еэ Жин нар сонгогджээ. Одоогоос 24 жилийн өмнө найруулагч Пак Чан Үг болон И Бён Хүн нар Joint Security Area хэмээх кинонд хамтарч байсан түүхтэй бөгөөд тэд дахин шинэ төсөл дээр ажиллахаар болсон нь кино сонирхогчдын анхаарлыг багагүй татаад байгаа юм. Жүжигчин Сун Еэ Жиний хувьд Ман Сүгийн эхнэр болох сайхан сэтгэлтэй, ухаалаг бүсгүй Ми Ригийн дүрийг бүтээхээр болсон байна. Мөн Oldboy кинонд дүр бүтээж байсан Юү Ён Сог, My Name цувралаараа алдартай Пак Хи Сүн нар жүжигчдийн бүрэлдэхүүнд нэгджээ.
I Can't Help It киноны зураг авалт өнгөрсөн долоо хоногт буюу наймдугаар сарын 17-ны өдөр эхэлсэн ба 2025 онд нээлтээ хийхээр товлогдоод байна.