Яг одоо ямар кино үзэх вэ?: Анхаарлын төвд ороод буй онцлох 8 цуврал
Шинэ он эхлээд олон кино, бүтээлүүд танилцуулагдаж, өндөр хүлээлттэй байсан хэд, хэдэн цуврал нээлтээ хийгээд амжлаа. Тэднээс Колумбын "хар тамхины загалмайлсан эх" хочтой Грисельда Бланкогийн амьдралаас сэдэвлэсэн "Griselda", Кристиан Диор болон Коко Шанель тэргүүтэй загварын шүтээнүүд Дэлхийн хоёрдугаар дайны үеийг хэрхэн туулсан талаарх сонирхолтой түүхийг өгүүлэх "The New Look" зэрэг цувралууд үзэгчдийн дунд ярианы халуун сэдэв болоод байгаа юм. Тиймээс кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад зогсохгүй цахим орчинд яг одоо эрэлттэй байгаа найман цувралыг онцолж байна.
"Griselda"
Хар тамхины загалмайлсан эх хэмээгдэж байсан цуутай гэмт хэрэгтэн Грисельда Бланкогийн бодит түүхээс сэдэвлэсэн тус бүтээлд "Modern Family" цувралаараа алдартай жүжигчин София Вергара дүр бүтээжээ. Үйл явдлын хувьд Грисельда илүү их нэр хүнд, хөрөнгөтэй болж бизнесээ өргөжүүлэхийн тулд Майамигийн хар тамхины салбарт хүч үзэхээр шийдэж буйгаар эхэлнэ. Удалгүй түүний хийсэн гэмт хэргүүд бага багаар илчлэгдэж, уналтад орсноор цуврал цааш үргэлжилнэ.
Грисельда Бланкогийн хувьд 200 гаруй аллагын сэжигтнээр татагдаж байсан ч ердөө гурван хүний аминд хүрсэн хэргээр ял сонсож байсан юм. Мөн алдарт Пабло Эскобар зөвхөн Грисельда Бланкогоос л айдаг байсан гэдэг.
Та тус цувралыг Netflix платформоос үзэх боломжтой.
"Expats"
Кино сонирхогч бүхний заавал үзэх ёстой цуврал гэгдээд буй "Expats" бүтээл нь 2016 онд хэвлэгдэж байсан "The Expatriates" хэмээх зохиолоос сэдэвлэгдэн бүтээгджээ. Гол дүрд чадварлаг жүжигчин Николь Кидман тоглосон бөгөөд тэрээр уг цувралд гүйцэтгэх продюсероор давхар ажилласан байна.
Маргарет хэмээх чинээлэг бүсгүйн хамгийн бага хүү асрагч Мерсигийнхээ хараанд байсан ч санамсаргүй байдлаар ор сураггүй алга болно. Хүүг удаан хугацааны турш хайгаад олоогүй учир Маргарет сэтгэл санааны хувьд хүнд байдалд орно. Энэ тухайгаа тэрээр хөрш бүсгүй Хилларидаа хэлж сэтгэлээ онгойлгох боловч Хиллари ч гэсэн хувьдаа хүндхэн асуудлыг туулж байдаг. Ийнхүү Маргарет, Мерси, Хиллари нарын амьдрал хоорондоо хачирхалтай байдлаар холбогдож эхэлснээр цуврал цааш өрнөнө.
Та тус цувралыг Prime Video платформоос үзэх боломжтой.
"FEUD: Capote vs. The Swans"
Энэхүү цувралын эхний бүлэг "FEUD: Bette and Joan" нэртэйгээр 2017 онд анх цацагдаж, тухайн үедээ үзэгчид болон кино шүүмжлэгчдээс тун өндөр үнэлгээ авсан түүхтэй. Тэгвэл цувралын хоёрдугаар бүлэг долоон жилийн дараа Деми Мур, Наоми Уоттс, Дайан Лейн, Том Холландер зэрэг жүжигчдийн бүрэлдэхүүнтэйгээр эргэн ирлээ.
Цувралыг "Тиффани дахь өглөөний цай" номоороо уншигчдын дунд алдартай Америкийн нэрт зохиолч Трүмэн Капоте болон Нью-Йоркийн чинээлэг эзэгтэй нарын нийгэмлэг болох "The Swans" нарын бодит түүхээс сэдэвлэн бүтээжээ. Зохиолч Трүмэн Капоте тус нийгэмлэгийн гишүүдтэй дотно найзуудын харилцаатай байсан ч тэдний хувийн амьдрал, нууцуудынх нь талаар өгүүлсэн зохиол бичиж эхэлснээр харилцаанд нь ан цав үүсэж, бүсгүйчүүд Трүмэн Капотег буулгаж авахын төлөө төлөвлөгөө боловсруулж эхэлснээр үйл явдал өрнөнө.
Сонирхуулахад, "The Swans"-ын тухай өгүүлсэн номыг зохиолч амьд ахуй цагтаа дуусгаж чадаагүй бөгөөд 1986 онд ноорог хувилбар нь уншигчдын хүртээл болж байсан түүхтэй.
Та тус цувралыг Hulu платформоос үзэх боломжтой.
"The Brothers Sun"
Оскарын шагналт жүжигчин Мишель Еогийн ээлжит төсөл "The Brothers Sun" нээлтээ хийхээсээ ч өмнө үзэгчдийн дунд өндөр хүлээлт үүсгээд байсан билээ. Ийнхүү цуврал Netflix платформ дээр цацагдсан эхний долоо хоногтоо 960 сая минутын үзэлтийг цуглуулан, гайхалтай амжилтыг тогтоож чаджээ.
Лос-Анжелес хотод амьдардаг Брюс Сан гэх залуу аавыгаа Тайваний хамгийн аюултай бүлэглэлийн толгойлогч гэдгийг олж мэднэ. Харин түүний ах Чарльз багаасаа мэргэжлийн алуурчин болохоор бэлтгэгдэж өссөн бөгөөд ээж нь Брюсээс энэ бүхнийг олон жилийн турш нуусан байв. Ийнхүү олон цочирдом нууцуудыг олж мэдсэн Брюсийн амьдралд гэнэтийн үйл явдлууд ар, араасаа тохиолдож эхэлнэ.
Та тус цувралыг Netflix платформоос үзэх боломжтой.
"Knight Flower"
Ижил нэрт webtoon-ээс (Өмнөд Солонгосын дижитал комикс) сэдэвлэн бүтээсэн тус цувралд хуримынхаа шөнө золгүй байдлаар бэлэвсэрсэн язгууртан бүсгүй Ёо Хуагийн нууцлаг амьдралын тухай өгүүлнэ. Ёо Хуа шөнөдөө зүсээ хувилган, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст тусалж, нууцлаг баатрын үүргийг гүйцэлдүүлдэг байв. Гэвч нэг өдөр ордны түшмэл залууд баригдсанаар цуврал цааш үргэлжилнэ.
Гол дүрд жүжигчин И Ха Ни, И Ки Ү, Пак Су Хү зэрэг чадварлаг жүжигчид дүр бүтээсэн бөгөөд цувралын төгсгөлийн ангийг Өмнөд Солонгос даяар үзэгчдийн 18.4% нь үзсэнээр яг одоо Өмнөд Солонгос улсад цацагдаж буй бүтээлүүдийг үзэлтээрээ тэргүүлж эхэлжээ. Мөн 2021 онд хит болж байсан "The Red Sleeve" цувралын амжилтыг эвдэж, MBC сувгийн түүхэн дэх хамгийн их үзэгчтэй цуврал болж чадсан байна.
Та тус цувралыг Prime Video платформоос үзэх боломжтой.
"True Detective: Night Country"
"True Detective" цувралын дөрөвдүгээр бүлэг буюу "True Detective: Night Country" цочирдом үйл явдал, гэнэтийн эргэлтүүдээрээ үзэгчдийн анхааралд өртөөд байна. Үйл явдал Эннис хэмээх зохиомол хотод өрнөх бөгөөд тус хотын судалгааны төвөөс найман эрдэмтэн ор сураггүй алга болсноор үйл явдал цааш үргэлжилнэ.
Гол дүрүүдэд "The Silence of the Lambs" киногоор нь үзэгчдийн сайн мэдэх жүжигчин Жоди Фостер болон жүжигчин Кали Рейс, Жон Хоукс нар тогложээ. Мөн "True Detective" цувралын бүлэг бүрд өөр, өөр түүхийг өгүүлдэг ба үйл явдлын хувьд хоорондоо уялдаа, холбоогүй аж.
Та тус цувралыг HBO Max платформоос үзэх боломжтой.
"The New Look"
"The New Look" цувралд Dior, Chanel зэрэг алдартай загварын орднуудыг үүсгэн байгуулсан ноён Кристиан Диор, хатагтай Коко Шанель зэрэг тэргүүтэй эрхмүүд Дэлхийн хоёрдугаар дайны үед хэрхэн домог болсон загваруудаа туурвиж байсан талаар өгүүлэх юм. Тухайлбал ноён Кристиан Диорын 1947 онд урлаж байсан анхны загваруудын нэг болох домогт "Bar" жакет бүхий цуглуулга, мөн тус загварууд хэрхэн "New Look" хэмээх нэршлийг авсан талаарх гайхалтай түүхийг та уг цувралаас үзэх боломжтой. Түүнчлэн Кристиан Диор болон Коко Шанель хоёрын дунд өрнөсөн үзэл санааны зөрчилдөөн, тэдний эсрэг, тэсрэг зан чанарыг сонирхолтой байдлаар цувралд тусган харуулжээ.
Ноён Кристиан Диорын дүрийг жүжигчин Бен Мендельсон, түүний охин Катрин Диорын дүрийг "Game of Thrones" цувралаар нь үзэгчдийн сайн мэдэх жүжигчин Мэйси Уильямс бүтээжээ. Харин хатагтай Коко Шанелийн дүрд франц жүжигчин Жюльет Бинош тоглосон байна.
Та тус цувралыг Apple TV+ платформоос үзэх боломжтой.
"A Shop For Killers"
"A Shop For Killers" цуврал нээлтээ хийсэн даруйдаа Disney+ платформ дээрх хамгийн эрэлттэй цувралуудын нэг болж Япон, Өмнөд Солонгос, Тайван зэрэг орнуудыг үзэлтээрээ тэргүүлж эхэлжээ. Гол дүрд жүжигчин И Дун Үг болон "Kingdom" цувралаараа үзэгчдэд танигдсан залуу жүжигчин Ким Хеэ Жүн нар тоглосон аж.
Багадаа өнчирч хоцорсон Жон Жи Ан охиныг авга ах нь өсгөхөөр болдог. Ийнхүү охин өсөж том болж, их сургуульд орохоор өөр хот руу нүүнэ. Хэдэн сарын дараа Жи Ан авга ахыгаа амиа хорлосон гэдгийг дуулна. Жи Ан ахыгаа амиа хорлох хүн биш гэдгийг нь сайн мэдэж байсан учир ахынх нь үхэл түүнд нэг л сэжигтэй санагдаж эхэлнэ. Удалгүй Жи Ан ахыгаа алуурчдад зэвсэг худалдаалдаг нэгэн байсан гэдгийг олж мэдсэнээр үйл явдал өрнөнө.
Та тус цувралыг Disney+ платформоос үзэх боломжтой.