Хайх

Жозеф Гордон-Левитт: \"Бид эрсдэл гаргаж байж амьдардаг\"

Жозеф Гордон-Левитт: "Бид эрсдэл гаргаж байж амьдардаг"

Өндрийн тухай

Text: Б.Амина


Зураг:

Бид Роберт Земекисийн The Walk кинонд тоглосон жүжигчин Жозеф Гордон-Левиттэй уулзаж ярилцлаа. Тэр хэрхэн олсон дээр явж сурсан, киноны зураг авалтын үед ямар хөгжим сонсож байсан мөн Парист цагийг хэрхэн өнгөрөөж хэвшсэн талаар бид тодруулахаар шийдсэн юм

Роберт Земекис францын олсон дээр явагч Филипп Петигийн түүхийг өгүүлэхээр шийдмэгц гол дүрдээ Жозеф Гордон-Левиттийг сонгосондоо хэзээ ч харамсаагүй. Земекис бүх ярилцлагадаа Жозеф Гордон-Левитт бол ихэр цамхагийн хоорондох олсон дээр алхахаар шийдсэн хүний дүрд тохирох цорын ганц жүжигчин байсан гэсэн юм. Манай сурвалжлагч жүжигчин Жозефф Гордон-Левиттэй уулзаж Петигийн дүрд хэрхэн бэлдсэн, хэзээ Нью-Йорк руу нүүх болсон тухай болон Jeun-Luc Godard-ын киноны шинэ хувилбарын талаар түүний бодлыг асуулаа.

Шинэ технологи болон виртуал ертөнцийн ачаар би саяхан өөрөө ихэр цамхагийн хоорондох олсон дээгүүр алхаж үзлээ. Айдсыг хангалттай мэдэрлээ. Харин та өөрөө туршиж үзсэн үү? Таалагдсан уу?

Тийм ээ, би хоёр удаа явсан. Мөн тэр үедээ яг л жинхнээсээ болж байна гэж итгэхийг хүссэн. Тэгмэгц маш аймшигтай санагдаж эхэлсэн. Харин хоёрдах удаагаа би энэ бол виртуал ертөнц учир олсноос унасан ч яах ч үгүй гэдгийг ойлгосон. Тэр үед харин тийм ч аймар биш болж,  "аяллаас" сэтгэл ханамжийг илүү бага мэдэрсэн.

Зөвлөгөө өгсөнд баярлалаа. Виртуал ертөнцөд дахин нэг удаа "аялал" хийнэ ээ! Харин та хэрхэн дүрээ бэлдсэн бэ? Цэцэрлэгт хүрээлэн эсвэл байшингийнхаа ард олсон дээр алхсан уу? Би 1974 оны наймдугаар сарын 7-нд Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагийн хооронд олсон дээр алхсан Филипп Пети өөрөө таныг дасгалжуулсан гэж сонссон юм байна.

Тийм ээ, бид хамтдаа найман өдрийг сургуулилалт хийж өнгөрүүлсэн. Тэрбээр хагас хүчээ дайчлан ажилладаг хүмүүсийн нэг биш гэдгийг мэднэ байх. Тэр бүх хүчээ дайчладаг. Хамгийн эхний өдөр тэр намайг найман өдрийн дараа гэхэд л ганцаараа олсон дээр алхдаг болно гэсэн нь надад зүгээр л наргиа мэт санагдаж байлаа. Эцэст нь тэр намайг зөвхөн олсон дээр биш мөн өөр олон замуудаар алхахад сургасан. Тэр бол гайхамшигтай өөдрөг үзэлтэн, өөдрөг сэтгэгдлийг төрүүлэгч. Та хэрвээ "Энэ бүхэн бүтэхгүй бол яана?" эсвэл "Хэрвээ би уначихвал яах вэ?" гэсэн бодолд бүх цагаа зарвал мэдээж та унана. Харин та өөртөө итгэлтэй байж чадвал бүх зүйл сайхан болно. Та энэ замыг эхнээс нь дуустал явж чадна. Филипп намайг өөрийн зорилгоо заавал төсөөлөх хэрэгтэй гэсэн гол зүйлд сургасан. Зөвхөн олсон дээр биш мөн бүх зүйл дээр. Энэ нь миний амьдралд хандах хандлагын олон зүйлийг өөрчилсөн. Эхлээд харахад боломжгүй мэт зүйлийн өмнө биднийг хэзээ ч бууж өгөхгүй байх хэрэгтэйг Филипп Пети дахин нэг удаа баталсан юм. Ажил мэргэжлийн мөрөөдөл эсвэл зүгээр л хэн нэгэнд хайртайгаа батлах айдас гээд юу ч байж болно. Бид эрсдэл гаргаж байж амьдардаг шүү дээ.

Жозеф Гордон-Левитт: "Бид эрсдэл гаргаж байж амьдардаг" (фото 1)

Тэгэхээр та одоо зөвхөн жүжигчин, продюсер, нөхөр, аав байгаад зогсохгүй мөн олсоор алхагч болжээ?

Тэгэж хэлж болох л юм. Филипптэй хийсэн дасгалын хоёрдах өдөр тэр "Олсон дээр алхах адис хүртээх" ёслол хийхийг хүссэн. Ихэнхи олсоор алхагчид үүнийг хийдэг юм. Тэд үзэгчдээс нэг хүнийг урин олсон дээр гаргаж олсоор алхагчийн мөрөн дээр гарыг нь тавиулдаг. Энэ үед жүжигчин тэнцвэрээ маш сайн олох ёстой бөгөөд түүний ард байгаа хүн уналгүй тогтож байх учиртай. Намайг олсон дээр сайн алхаж сураагүй байхад Филипп уг ёслолыг хийсэн юм. Биднийг камерууд хүрээлж, би даатгаж авсан хүнтэйгээ эхний тойргийг явж дуусгасан. Үүний дараа Пети надад хоёр туршилтын хүнээс сонгохыг санал болгосон. Би эхний хүнийг сонгож, тэр миний ард зогсож "бэлэн" хэмээсэн. Бид дахин нэг удаа олсон дээгүүр амжилттай явсан. Пети намайг жинхэнэ олсоор алхагч хэмээн нэрлэсэн. Харин яг үнэндээ хоёрдах удаагаа би ганцаараа алхсан байсан. Тэр намайг хуурсан байсан юм.

 

Филипп намайг өөрийн зорилгоо заавал төсөөлөх хэрэгтэй гэсэн гол зүйлд сургасан

Олс хэр өндөрт байсан бэ?

Мэдээж би кинонд гардаг шиг газраас 400 метрийн өндөрт олсон дээр алхаагүй. Гэвч би 4 метрийн өндөрт байсан. Надад итгээрэй, энэ ч гэсэн аз туршилт мэт санагдсан.

Энэ асуултыг асуухгүй байж чадахгүй нь. Та хэзээ нэгэн цагт Дэлхийн худалдааны төвийн дээвэр дээр гарч байсан уу?

Тийм ээ, би 2001 оны зун ихэр цамхагт орж байсан. Тэр үед би Нью-Йоркод дөнгөж очсон, Колумбийн Их сургуульд элсэн сурч эхлэх гэж байсан юм. Нэг жижиг түүх өгүүлэхэд, би Нью-Йоркод ухаангүй хайртай. Энэ хотод анх 12 настай байхдаа ирж байснаа санаж байна. Би хотын гудамжаар явж "Бурхан минь, би энд амьдрах ёстой, би заавал ийшээ нүүж ирнэ" гэж бодсон. Яг л ийм зүйл болж 19 настайдаа нүүж ирлээ. Тэр үед хот надад маш шинэлэг санагдаж, жуулчин мэт ихэр цамхагийн дээвэр дээр гарахаар шийдсэн. Надад байшингийн дээвэр дээр биш харин үүлэн дээр эргэлдэж буй мэт санагдсан. Үүлс миний доор харагдаж, би яг л онгоцоор нисэж байгаа юм шиг байсан.

Та 19 настайдаа бага төсөвтэй, бие даасан кинонд тоглодог байсан бол одоо Холливүүдийн гайхалтай кинонуудад тоглодог болжээ. "Үнэтэй" кинонд тоглох болсон давуу тал юунд байсан бэ?

Төсөв чухал биш. Харин хэн киног хийж байгаад татагдах нь чухал. Зөвхөн нэрээ гаргахын тулд бүтээсэн бие даасан кино болон зүрх сэтгэлээ шингээж хийсэн студийн киноны ялгааг та бүхэн харж болно. Энэ бол компанийн соёл эсвэл төсвөөс үл хамаарч, зөвхөн хувь хүнээс шалтгаалах хэрэг.

Жозеф Гордон-Левитт: "Бид эрсдэл гаргаж байж амьдардаг" (фото 2)

Жозеф Гордон-Левитт: "Бид эрсдэл гаргаж байж амьдардаг" (фото 3)

Тэгвэл The Walk киноны хувьд?

Холливүүдийн зарим кинонд тийм ч сонирхолтой дүр байдаггүй. Харин The Walk кинонд зөвхөн гайхалтай харааны эффектээр зогсохгүй мөн гайхамшигт дүр Филипп Пети байгаа. Нэг ч секундыг алгасахгүй үзэхээр юм. Нэг талаасаа тэр гайхалтай уран бүтээлч, нөгөө талаасаа тэр ухаанаа алдагч. Энэ зан чанарууд миний жүжигчний ур чадварыг туршсан.

Киноны найруулагч Роберт Земекис ярилцлагадаа "Та уран бүтээлч бол заавал анархист (үймээн самуун дэгдээгч) байх хэрэгтэй" хэмээсэн. Та үүнтэй санал нэгддэг үү? Та өөрөө анархист уу?

Миний бодлоор анархистийг хэрхэн тодорхойлохоос шалтгаална. Хэн нэгэн үүнийг "жолоодлогоо алдах" гэнэ. Бидний орчин үеийн нийгмийн амьдралд энэ нь тийм ч оновчтой сонголт биш. Харин анархистийг ямар нэг дүрэмд холбохгүй байвал би бүрэн санал нийлнэ. Миний зүгээс ярьвал, надад Hit Record гэх анх хобби маягаар эхлүүлж байсан компани байдаг. Харин одоо илүү томорч, бид өнгөрсөн жил Emmy шагналыг хүртсэн. Компани маань 2005 онд байгуулагдаж, энэ 10 жилийн хугацаанд өргөжиж ирсэн. Магадгүй та намайг кино үйлдвэрлэлийн салбарт карьертай тул компани өсөн дэвжсэн гэж бодож болно. Гэвч бидэнтэй хамтарч, ямар нэгэн зүйлийг өөрөө бүтээн, өөрийгөө илэрхийлэх боломжтой байдагт Hit Record-ын шүтэн бишрэгчид бий болсон юм.

Тэгэхээр анархийн сэдэв рүү эргэн орцгооё. Та гудамжинд эсэргүүцэл үзүүлж байв уу?

Тийм ээ. Жилийн өмнөхөн Нью-Йоркод дэлхийн дулаарлын эсрэг том жагсаал болж би оролцсон. Харамсалтай нь манай оронд хэтэрхий олон улс төрчид дэлхийн дулаарал хүмүүсийн амьдралд нөлөөлөх нөлөөллийг үгүйсгэдэг нь хачирхалтай. Би тэр өдөр хотын гудамжинд маш олон хүмүүс байхыг хараад баярлаж байснаа санаж байна. Би ганцаараа ирээдүйнхээ төлөө санаа зовдог биш гэдгийг ойлгосон.

Пети олсоор явахдаа Бетховеныг сонсдог байсан гэсэн. Харин та юу сонсож байв?

Би Жими Хендриксийг сонсдог байсан. Бас нэг үймээн дэгдээгч шүү дээ.

Би өөрөө франкофил хүн. Франц ёс заншил, кино, хоол гээд бүх зүйлд нь дуртай

Таныг франц аялгуутай, англиар маш муу ярьдаг Франц хүний дүрд тоглуулах санааг хэн гаргав?

Бүх зүйлийг бодит явдлаас сэдэвлэсэн. Филипп Пети Нью-Йорк хотод ирээд зөвхөн англиар ярьж, мөн найзуудаа ч бас тэгэхийг хүссэн. Бид зүгээр л үүнийг нь кинондоо буулгасан. Би сургуульд байхдаа франц хэл сурч, олон удаа Франц руу аялаж байлаа. Харин кино надад үүндээ илүү уусч, төрөлх франц хэлтэй өөр жүжигчидтэй ажиллах боломжийг олгосон. Нэг нууц дэлгэхэд, би өөрийн дуудлагаараа францчуудыг мэхэлж чадахгүй ч америкчууд эсрэгээрээ намайг бүх зүйлийг зөв хэлсэн гэж итгэнэ (инээв). Францчууд үгийг хэзээ ч "зөөллөхийг" оролддоггүй нь надад таалагддаг. Тэд юу бодож байгаагаа шууд хэлдэг. Хэрвээ таны дуудлага таалагдахгүй байвал тэд танд шууд л хэлнэ (инээв). Би өөрөө франкофил хүн. Франц ёс заншил, кино, хоол гээд бүх зүйлд нь дуртай. Парист очих болгондоо Pariscope сэтгүүл худалдан авч шар айргийн газар суун кофе уунгаа тамхи татдаг. Ер нь бол тамхи татдаггүй, кофе ч уудаггүй л дээ (инээв). Гэхдээ Парист энэ бүгдийг хийх надад таалагддаг юм. Парист ямар кино байдаг билээ? Дэлхийн бүх шилдгүүд. Синематекид л байх ёстой бүгд! Годар болон түүний Alphaville үнэхээр гайхалтай!

Та үнэхээр Францын тухай хэдэн цагаар ч хамаагүй ярьж чадах бололтой. Асуухаас эмээж байгаа ч, хэрэв хэн нэгэн Alphaville киног шинэчлэн хийхээр шийдвэл та эсэргүүцэх үү?

Тийм ээ, мэдээж. Би дарцаг барин жагсаалд оролцох болно. Энэ жагсаалын зохион байгуулалтыг яг одоо энд эхлэхийг санал болгож байна.

цааш үзэх