Дуучин Анхмаа шинэ видео клипэндээ хайрын түүхийг өгүүлж байна
“Би Чиний Хайртай Бүсгүй” дууны видео клип гарлаа
2019 он дуучин Г.Анхмаагийн хувьд тун завгүй өнгөрч байна. Төгөлдөр хуурчаас дуучин, жүжигчнээс продюсер, харин одоо хамтлагийн гишүүнээс соло уран бүтээлч болон хөгжиж энтертэйнмент ертөнцөд өөрийн гэсэн орон зайгаа улам тэлж буй тэрээр дөнгөж сая хоёр дах бие даасан бүтээлийнхээ видео клипийг танилцууллаа. Анх энэ оны хоёрдугаар сарын сүүлээр цацагдсан "Би Чиний Хайртай Бүсгүй" сингл нь Анхмаагийн хоолойн цар хүрээг харуулсан, сонсогчдын сэтгэлийг хөдөлгөж чадсан хайрын тухай бүтээл болсон юм. Видео клипний хувьд ч мөн хосуудын харилцаан дээр төвлөрсөн ба гол дүрд нь Анхмаа өөрөө тогложээ.
"Хосуудын харилцаанд муудаж сайдах үе гарч аз жаргал, уйтгар гуниг ээлжлэн байдаг. Гэхдээ юу ч болж байсан ‘Би чиний хайртай бүсгүй, надад чамгүй байх маргааш үгүй ээ' хэмээн жинхэнэ хайрын түүхийг өгүүлэхийг зорилоо" гэж Анхмаа шинэ видео клипнийхээ талаар ярьсан юм.
Видео клипний үеэрх усан доторх зураг авалт
Хосын амьдралд тохиолддог үе мөчүүдийг зураг хэлбэрээр түүх болгон гаргасан энэхүү клип нь VOID студийн бүтээл бөгөөд анимейшн хослуулан хийгдсэнээрээ онцлог болжээ. Дууны үг аяыг Никитон хамтлагийн гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших бичсэн бол клипний стилистээр VELIN Creative Agency ажиллаж, нүүр будалтыг Г.Отгонсүрэн хариуцсан байна. Энэ дашрамд дурдахад аравдугаар сарын 4-нд зохиогдох Д.Өлзий-Оршихын бие даасан тоглолт дээр "Би Чиний Хайртай Бүсгүй" дуу эгшиглэх болно.
Дуучин Анхмаа энэ онд мөн Никитон хамтлагийн ахлагч Б.Батчулуунтай хамтран "Тэнгэрийн шигтгээ" нэртэй синглийг видео клипний хамт гаргаад амжсан бөгөөд одоогийн байдлаар "Цоо Ширт" гэх нэгэн шинэ бүтээл танилцуулахаар бэлдэж буйгаа бидэнтэй хуваалцлаа. Түүний анхны бие даасан цомгийн бүтээлүүд ийнхүү ар араасаа сонсогчдод хүрсээр байна.