Бейонсе Coldplay-ын шинэ дуунд
Hymn for the Weekend
Арван хоёрдугаар сарын 4-нд Coldplay долоо дах буюу Крис Мартины хэлснээр сүүлийн цомгоо гаргах гэж байгаа билээ. Дэлхий нийтийн анхаарал тус хамтлаг уруу урд өмнөхөөсөө ч илүү чиглэсэн байна. Тэд Instagram хуудасд 15 секундийн тизер нийтлэж, Мартины хуучин эхнэр Гвинет Пэлтроутой хамтарсан дуу гаргаж, мөн шинэ цомогтоо Ноэль Галлахер, Туве Лу, Мерри Клейтон ба Бейонсе гэх зэрэг олон алдартай уран бүтээлчидтэй хамтарснаа зарлаж багагүй шуугиан дэгдээгээд байна.
Харин өчигдөр Coldplay Бейонсетой хамтарсан Hymn For the Weekend дуугаа Annie Mac's BBC Radio 1 Show хөтөлбөрийн үеэр танилцуулсан юм. Сэтгүүлч хамтлагийн гишүүдээс энэ дууг бичих санаа хэрхэн төрсөн талаар асуухад гитарчин Гай Берримен ийнхүү хариулжээ: "Бид анх арай өөр мэдрэмжтэй дуу бичихээр зорьж байтал Крис "drinks on me" гэсэн үгтэй мөр найруулж эхэлсэн. Нэг мэдэхэд л дуу тэс ондоо чиглэл рүү орж, бид тэрхүү хэв маягт төгс нийцэх Бейонсег урихаар шийдсэн юм. Түүнтэй хамтарч ажиллахад маш таатай байсан. Тэр үнэхээр мэргэжлийн бөгөөд энгийн зан чанартай. Бид азтай байсан шүү".