Долоо хоногийн цомог: Metronomy ба Рошин Мерфи нарын шинэ цомгууд
Удаан хүлээлгэсний эцэст
Róisín Murphy - Take Her Up to Monto
Аль арван жилийн өмнө тарсан Moloko хамтлагийн дуучин гэдгээр нь Рошин Мерфиг хүмүүс мэдэх билээ. Гэхдээ тэр гоцлол дуучин гэдгээрээ ч, ер нь бүрдүүлсэн хэв маягаараа ч маш онцгой нэгэн. Жишээ нь Overpowered дууны клипний хэтрүүлэгтэй хувцаслалтаараа ч, таван жилийн өмнөх Victor & Rolf-ын кутюр загварын шоу дээр ч тэр, эсвэл бүр ээлжит харь гарагийн хүний дүрд хувирахдаа тэр хүн бүрт ойлгомжтой, ойр байж чаддаг. Хамгийн сүүлд 2015 онд тэрээр "Hairless Toys" нэртэй цомгоо танилцуулсан бол Рошин хэдхэн хоногийн өмнө цоо шинэ "Take Her Up To Monto" нэртэй дөрөв дэх бие даасан цомгоо гаргаад байна. Түүний шинэ цомог зарим талаараа өмнөх шигээ тийм ч романтик, уянгалаг биш болсон бөгөөд илүү хийсвэр электрон хөгжим рүү дөхөж туршилт хийсэн санагдлаа. Гэхдээ энэ нь өмнөх цомгуудаасаа чанараараа огтхон ч ялгагдахгүй. Тус цомгийн эхний сингл болох "Mastermind" Space хамтлагийг бага зэрэг санагдуулж байсан ч, сонсох тусам бидний дуртай тэр Рошин гарч ирж байсан юм. "Take Her Up To Monto" цомогт нийт есөн дуу байгаа бөгөөд цомгийн хавтаст гудамжны ажилчны дүрэмт хувцастай Рошины зураг оршино. Dance, электрон хөгжмийн шүтэн бишрэгчдэд бага зэрэг Moloko хамтлагийг санагдуулам энэхүү цомог таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Metronomy - Summer 08
Анх 2013 онд гарсан "Love Letters" цомгийн дараа Metronomy хамтлагийг дахин ийм асар амжилттай цомог хийнэ гэдгийг төсөөлөхөд бэрх байсан. Тэд 2011 онд "The English Riviera" нэртэй цомог гаргасан нь хамтлагийн амжилт эрс өсөхөд нөлөөлсөн ч "Love Letters" бол Metronomy-гийн амжилтын оргил гэж хэлж болно. Ингээд гурван жил завсарласны эцэст Жо Маунт цоо шинэ уран бүтээлээ танилцуулж байна. Тус цомгийн нэрнээс нь харахад өнгөрсөн рүү буцаж байгаа мэт санагдана. Энэ удаад тэд синт багатай ба гитарын рифф илүү ашиглаж тус цомгоо бүтээсэн нь 2008 онд гаргасан Nights Out цомогтой өөрийн эрхгүй харьцуулахад хүргэж байлаа. Гэхдээ "Summer 08" цомог илүү амьд, олон төрлийн бөгөөд инди урсгалаас хол болсон нь илт байв. Мөн дуучин Робинтой хамтарч "Hang Me Out to Dry" нэртэй сингл хийж гэнэтийн бэлэг барьжээ.