Хайх

Хөгжмийн ертөнцийн эргэн тойронд: The Weeknd-ийн шинэ цомог, Женнигийн соло дуу болон бусад

Хөгжмийн ертөнцийн эргэн тойронд: The Weeknd-ийн шинэ цомог, Женнигийн соло дуу болон бусад

Text: Э.Цовоо


Өнгөрсөн долоо хоногт Их Британийн алдарт рок хөгжмийн хамтлаг Oasis 15 жилийн дараа эргэн нэгдсэнээ зарлаж, A$AP Rocky, Камила Кабелло нар шинэ дуугаа сонсогчдын хүртээл болгож, Linkin Park хамтлаг шинэ гишүүдээ танилцуулсан гээд олон анхаарал татам зүйлс хөгжмийн ертөнцөд болж өнгөрчээ. Тэгвэл шинэ долоо хоног ч мөн адил сонирхолтой үйл явдлаар дүүрэн эхэллээ. Эдгээрээс бид яг одоо хөгжим сонирхогчдын дунд халуун сэдэв болж буй мэдээллүүдийг тоймлон хүргэж байна.


Super Bowl 2025 тэмцээний халфтайм шоуны гол дүр Кендрик Ламар

АНУ-ын Үндэсний Хөлбөмбөгийн Лигийн аваргын төлөөх финалын тоглолт төдийгүй олон мянган үзэгчдийн анхаарлыг татдаг энтертайнмент шоу гэдгээрээ дэлхий дахинаа танигдсан Super Bowl 2025 тэмцээний халфтайм шоуны гол уран бүтээлчээр рэппер Кендрик Ламар тодорчээ. Кендрик Ламар энэ талаар "Рэп хөгжим бол өнөө цагийн хамгийн нөлөө бүхий урсгалуудын нэг мөн. Харин би үүнийг Super Bowl тэмцээний үеэр нотолж харуулах болно. Тэд зөв хүнээ сонгосон" хэмээжээ. 

Хөгжмийн ертөнцийн эргэн тойронд: The Weeknd-ийн шинэ цомог, Женнигийн соло дуу болон бусад (фото 1)

Сонирхуулахад, өнгөрсөн хэдэн сарын турш өрнөсөн Кендрик Ламар болон Drake нарын сөргөлдөөн хурцадмал байдалд хүрч, тэд энэ хугацаанд нэгэндээ зориулж хэд, хэдэн дисс дуунуудыг гаргаад амжсан билээ. Энэхүү үйл явдал Drake-ийн карьерт сөргөөр нөлөөлсөн боловч Кендрик Ламарын хувьд эсрэгээрээ амжилт дагуулсан үйл явдал болсон юм. Кендрикийн Drake-д зориулан гаргасан дуунууд цацагдсан даруйдаа сонсогчдын дунд тэсрэлт хийж, хөгжмийн чартуудыг тэргүүлж байсан бол Drake-ийн гаргасан дуунууд магтаал гэхээсээ илүүтэй шүүмжлэл дагуулж байлаа. Улмаар Кендрик Ламар өнөө цагийн хамгийн нөлөө бүхий алдартнуудын нэгээр дурдагдаж эхэлсэн нь түүнийг халфтайм шоуны гол уран бүтээлчээр сонгогдоход нь нөлөөлсөн болов уу.


BLACKPINK хамтлагийн Женни Columbia Records агентлагтай хамтран ажиллах гэрээ байгууллаа

BLACKPINK хамтлагийн Женни өнгөрсөн онд өөрийн OddAtelier хэмээх компаниа үүсгэн байгуулж, соло уран бүтээлээ туурвихаар болсон гэдгээ зарласан. Тэгвэл Женни Америкийн Columbia Records агентлагтай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Ингэснээр тэрээр соло уран бүтээлчийнхээ хувьд OddAtelier болон Columbia Records-т хоёуланд нь харьяалагдах бөгөөд түүний Америк дахь үйл ажиллагааг түлхүү Columbia Records хариуцан ажиллах юм. Тус агентлагт BTS, Бейонсе, Central Cee, Ice Spice, Харри Стайлс зэрэг уран бүтээлчид харьяалагддаг гэдгээр нь сонсогчид сайн мэддэг билээ.

Хөгжмийн ертөнцийн эргэн тойронд: The Weeknd-ийн шинэ цомог, Женнигийн соло дуу болон бусад (фото 2)

Мөн Columbia Records-ийн зүгээс Женниг ирэх аравдугаар сард соло дуугаа гаргахаар болсон гэдгийг мэдэгджээ. Харин BLACKPINK хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ 2025 онд эргэн ирэхээр төлөвлөөд байгаа юм. 


The Weeknd-ийн шинэ цомог тун удахгүй 

Канадын уран бүтээлч The Weeknd Hurry Up Tomorrow нэртэй шинэ цомгоо сонсогчдын хүртээл болгоход бэлэн болоод байна. Энэхүү цомог нь түүний After Hours төслийн хүрээнд дэх сүүлийн цомог төдийгүй The Weeknd нэр дор гаргаж буй эцсийн уран бүтээл гэдгээрээ олон нийтийн анхаарлыг багагүй татаад байгаа юм. Үүнээс хойш тэрээр Абел Тесфайе буюу жинхэнэ нэрээрээ уран бүтээлээ туурвихаар болжээ.

Hurry Up Tomorrow цомгийн урьдчилсан захиалга эхэлсэн байгаа ба албан ёсоор худалдаанд гарах тов хараахан зарлагдаагүй байгаа юм. Мөн тус цомогт Playboi Carti, Anitta зэрэг уран бүтээлчид хамтарсан байна. 

Хөгжмийн ертөнцийн эргэн тойронд: The Weeknd-ийн шинэ цомог, Женнигийн соло дуу болон бусад (фото 3)

Адель хөгжмийн ертөнцөөс түр завсарлага авч буйгаа мэдэгдлээ 

Грэммигийн 16 удаагийн шагналт дуучин Адель Германы Мюнхен хотод хийсэн тоглолтынхоо үеэр хөгжмийн ертөнцөөс түр завсарлага авч буйгаа мэдэгджээ. Тэрээр "Тайзан дээр дуулна гэдэг надад тийм ч тухтай санагддаггүй. Үүнийгээ ч би өөрөө сайн мэднэ. Гэхдээ би үнэхээр сайн уран бүтээлч. Сүүлийн гурван жилийн турш би тасралтгүй уран бүтээлээ гаргаж, тоглолтоо хийсэн. Үнэхээр гайхалтай цаг мөч байсан. Гэвч одоо надад зүгээр л амралт хэрэгтэй байна. Би өөр сонирхолтой зүйлс хийж үзэхийг хүсэж байна. Үнэндээ би сүүлийн долоон жилийг өөрийнхөө мөрөөдлийн амьдралыг бүтээхэд зарцуулсан учир одоо тэр амьдралаараа амьдрахыг хүсэж байна. Гэвч шүтэн бишрэгчид та бүхэн минь үргэлж миний зүрхэнд байх болно. Та бүхнийг маш их санана даа" хэмээн нулимс дуслуулан ярьжээ. 

Хөгжмийн ертөнцийн эргэн тойронд: The Weeknd-ийн шинэ цомог, Женнигийн соло дуу болон бусад (фото 4)

Түүний сүүлийн тоглолт арваннэгдүгээр сарын 23-нд Лас Вегас хотод болох бөгөөд тус тоглолтын дараа Адель тодорхойгүй хугацаагаар завсарлага авах юм. 


Шинэ охидын хамтлаг MEOVV

YG Entertainment-ийн продюсер байсан Teddy Park 2016 онд өөрийн The Black Label хэмээх энтертайнмент компаниа үүсгэн байгуулж байсан билээ. Тэгвэл тус энтертайнментын анхны охидын хамтлаг болох MEOVV есдүгээр сарын 6-ны өдөр дебютээ хийлээ. MEOVV охидын хамтлаг нь Сүин, Га Вон, Анна, Нарин, Элла гэх таван гишүүнээс бүрдэх бөгөөд тэд сонсогчдын дунд дараагийн BLACKPINK хэмээн нэрлэгдээд байгаа юм. 

Ингээд MEOVV хамтлагийн анхны дууг сонсоцгооё. 


Megan Thee Stallion болон BTS хамтлагийн RM нарын хамтрал 

BTS-ийн гишүүд цэрэгт татагдаж эхэлсэн учир тус хамтлагийн үйл ажиллагаа түр завсардаад байсан билээ. Энэ хугацаанд хамтлагийн гишүүд соло уран бүтээлээ толилуулаад байсан бол энэ удаа хамтлагийн ахлагч RM рэппер Megan Thee Stallion-ий Neva Play дуунд хамтарч шүтэн бишрэгчдэдээ бэлэг барилаа. 

Тус дуу нь цацагдсан даруйдаа Spotify-ийн Daily Top Songs Global чартын зургаадугаар байранд бичигдэж эхэлжээ. 


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх