Apple TV+ стриминг тавцанг сард 9,99 ам.доллар төлөн ашиглах боломжтой
Ирэх арваннэгдүгээр сард нээлтээ хийнэ
Apple компани ирэх арваннэгдүгээр сард Apple TV+ стриминг тавцанг танилцуулах бөгөөд хэрэглэгчид сар бүр 9,99 ам.доллар төлөн тус үйлчилгээг ашиглах боломжтой гэдгийг Variety сэтгүүл мэдэгдэж байна.
Ингэснээр тус стриминг тавцангийн үндсэн үнэ Netflix-ээс (12,99 ам.доллар) хямд ч тун удахгүй танилцуулагдах Disney+ (6,99 ам.доллар) стриминг тавцангаас үнэтэй болж байгаа юм. Мөн эхний ээлжид туршилтын журмаар уг үйлчилгээг үнэ төлбөргүй ашиглах боломжийг Apple компанийн зүгээс олгох магадлалтай байна.
Дашрамд дурдахад Apple компани шинэ стриминг тавцандаа зориулан 6 тэрбум ам.доллар зарцуулсан хэмээн эх сурвалж мэдэгджээ. Энэхүү зарлагад Риз Уидерспун, Женнифер Энистон, Стив Каррелл нарын тоглосон "The Morning Show" цуврал багтаж байгаа аж. Тодруулбал уг төслийн хоёр улирлыг бүтээхэд тэд 300 сая ам.долларыг зарцуулсан байна. Сонирхуулахад HBO суваг "Game of Thrones" цувралын сүүлчийн бүлгийг бүтээхэд ийм хэмжээний мөнгө зарцуулж байжээ.
Apple TV+ expected to debut in November at $9.99 per month, and a free trial is likely. https://t.co/o0WFitSXBa
— Collider (@Collider) August 20, 2019